Сайдуудын холио солио болж магадгүй нь

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүнийг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох ёстой. Учир нь энэ сарын 1-нээс Олон нийтийн радио, телевизийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Мөн дөрвөн чиглэлийн яамны нэг болох Хууль зүй, дотоод хэргийн сайдыг сарын дотор томилох учиртай . Тэгээд ч Ерөнхий сайдыг эзгүйд Хууль зүйн сайд түүнийг орлодог бөгөөд өдгөө түүнийг Шадар сайд орлож байгаа. Ийн учир Төрийн ордонд сайдын найраа хүчтэй явагдаж байна. Хууль зүйн сайдаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилыг томилж магадгүй гэж яригдаж байсан ч тэрээр энэ албан тушаалаас татгалзсан сурагтай. Энд мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярын нэр яригдаж байсан ч сүүлийн үед таг болжээ. Энэ хоёрын аль нэгийг тавина гэж байсан ч өчигдөр нэгэн шинэ нэр дуулдав. Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгох гэж байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэний өрөөнд өчигдөр болсон тус намынхны хурал дээр эл асуудал хөндөгдсөн сурагтай. Дээр нь Батлан хамгаалахын сайдын суудлыг экс эвслийнхэнд өгч болох асуудалд яригдсан гэнэ. Хэрвээ энэ тохироо биелэгдвэл өмнө нь Батлан хамгаалахын сайдад хүчтэй яригдаж байсан экс эвслийн гишүүн М.Сономпил тэндээ очих магадлалтай гэх хүмүүс ч байна. Мөн гишүүн Д.Идэвхтэний өрөөнд болсон хурал дээр экс эвслийнхний 40 мянган орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг унагах асуудал ч хөндөгджээ. Ямар ч байсан энэ хуулийн төслүүдийг унагах нь зөв, тэгэхгүй бол эвслийн сонгуульд амалсан мөрийн хөтөлбөр хэрэгжиж, МАХН-ынх хэрэгжихгүй байна хэмээн сонгогчид бидний амыг асуух нь ихэснэ. Удахгүй биднийг тойрогтоо очихоор ийм асуудал тавигдах талтай. Тиймээс уг асуудлыг хэлэлцүүлэхгүй хойшлуулж, сайдын томилгооны асуудлаа шийдээд хаврын чуулганы хуралдаанаа завсарлуулъя гэсэн бололтой. Өнөөдөр хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдын томилгоо шийдэгдэж, Хууль зүйн шинэхэн сайд тодорч магадгүй нь.
М.БАТ
(өдрийн сонин 2005-07-15 168)