Сан-Антионо Давируулнууд

Тодруулбал 1976 онд АВА-ээс гарч NBA-д орсноосоо хойш Централ ба Мидуэст дивизионы шилдэг багаар 8 удаа шалгарч, улирлын тоглолтонд 11 удаа 47-оос дээш ялсан амжилтыг дурдахад л хангалттай. Тэд ҮСБХ-д тоглосон эхний 4 улирлын гуравт нь лигйин хамгийн их оноо авдаг багаар тодорсон байна. 1976 онд лигт орсноосоо хойш 1985 он хүртэл онооны машин Жорж Гервин (нэг тоглолтонд дунджаар 27.2 оос 33.1 оноо авдаг байсан) тэргүүтэй Лэрри Кэнон, Билли Паулц, Рон Брюер, Майк Митчелл, Алвин Роберте нар байсан ба улирлын тоглолтонд хамгийн шилдэг амжилтыг үзүүлдэг байсан ч плей оффт амжилт гаргаж чадахгүй байсан юм.
1986 оны улирлын тоглолтонд 28хан ялалт байгуулсныхаа хүчинд 1987 оны драфтын хамгийн анхны хүн сонгох эрхийг авав. Спэрс багийнхан Адмирал хочит бүх үеийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Дэвид Робинсонг багтаа элсүүлжээ. Үүний дараа Лэрри Браунаар удирдуулсан Давируулуудын тоглолт тогтворжиж эхэлжээ. 1989 онд 56 ялж Мидуэст дивизионыхоо аварга баг болсон. Энэ үед Адмирал-д Терри Каммингс, Жей.Ар.Рейд, Шон Эллиотт, Эвери Жонсон нар тусалж байв. Дараагийн 6 улиралд ч амжилтаа бататгаж 54-өөс илүү ялалтуудыг байгуулж байсан юм.
1994-95 оны улиралд шинэ дасгалжуулагч Боб Хиллийн удирдлаганд 62 ялалт байгууллаа. Дэвид Робинсон уг улиралд 27.6 оноо авсан юм. Харин уламжлалт плей-оффын азгүй баг маань эхний шатанд Денвер Наггетс, 2-р шатанд ЛосАнжелесЛейкерс нарыг булган авсан боловч Өрнөд конференцийн шигшээ цувралд Хьюстон Рокетс багт харамсалтайгаар ялагдсан билээ. Харин жилийн дараа улирлын тоглолтыг мен л амжилттайгаар буюу 59 ялалттай дуусгасан боловч плей-оффын 2-р шатанд Карл Мэлоун, Жон Стоктон нарын Юта Жаз багт ялагдаж дараа жилийг хүлээхээс өөр аргагүй болсон.
Харин дараагийн улиралд буюу 1996-97 оны улиралд Дэвид Робинсон улирлын тоглолтыг гэмтлийн улмаас бүтэн өнжиж шинэ дасгалжуулагч, одоо хүртэл дасгалжуулсаар байгаа Грегг Попович багаа 20-хон ялуулсан байна. Энэ нь ч үр дүнгээ өгч өдгөөгийн ҮСБХ-ы нүүр царайг тодорхойлогчдын нэг Тим Данканг багтаа драфтаар авсан. Ингэснээр Сан-Антонио багийн цоо шинэ эрин эхэллээ. Тим Данкан, Дэвид Робинсон нарын Ихэр цамхаг хамтарсан эхний улирлалдаа л 56 ялалт байгуулж аварга болохын төлөө зүтгэсэн боловч плей-оффын 2-р шатанд мөн л эртний өрсөлдегч Юта Жаз багт ялагджээ.
1998-99 оны улиралд Тим Данкан багийнхаа жинхэнэ лидер болж ҮСБХ-ы супер од тоглогч болсон. Уг улиралд багаа оноо (21.7 оноо), самбараас бөмбөг авалт (11.4), блок шотоор тэргүүлжээ. Робинсон ч урьдын тоглолтоо үзүүлж л байсан. Энэ улиралд NBA-д локаут болсныг та бид сайн мэдэж байгаа. 50 тоглолт болсон энэ улиралд 13-хан ялагдаж плей-оффт муу оролцдог уламжлалаа ч эвдэж чадсан. Плей-оффт гараад Миннесотагийн цөөвөр чононуудыг 3-1, Лос Анжелесын Нуурынхныг 4-0, Портлэндийн анхдагчдыг 4-0 ээр тус тус буулган авч түүхэндээ анх удаагаа шигшээ тоглолтонд шалгарч Нью-Йорк Никс багтай учраа таарлаа. Энэ цуврал тоглолтонд 4-1-ын харьцаатайгаар буулгаж авч багийн лидер Тим Данкан шигшээ тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоттюгчоор тодорчээ. Түүхэндээ анх удаагаа аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн Давируулнууд дараа дараагийн улирлуудад амжилттай тоглосоор, плей-оффт азгүйтсээр 2002-2003 оны улиралтай золгожээ. Энэ улиралд мөн л гайхамшигтай тоглож өмнөх 3 жилийн аварга Лейкерс багийг хожиж, мөн өнгөрөгч жил нь шигшээд шалгарсан Нью-Жерсиг буулган авч аваргыг давж аварга болсон юм. Энэ улиралд 2 дахь удаагаа аварга болсноор багийн нэгэн үеийн түүхийг бичилцсэн бүх үеийн шилдэг 50 тоглогчийн нэг Адмирал Дэвид Робинсон зодог тайлж Ихэр цамхаг-ийн нэг нь нуран унасан хэдий ч уг багт дутуу юм алга байсан юм. Дасгалжуулагч ч бас тиим ч муугүй. Харин 2003-2004 оны улирлыг аварга болох их итгэлтэйгээр эхэлж зорилго ч үндсэндээ биелж байлаа. Плей-оффын эхний шатанд Мемфис багийг зовох юмгүй 4 тоглолтонд буулгаж авч 2-р шатанд Коби Брайант, Шакил ОНил тэргүүтэй Лос Анжелесийн нуурынхныг эхний хоёр тоглолтонд ялсан боловч уг цувралд ялагдсан билээ. Энэ цувралын 5 дахь тоглолтонд Дерек Фишерийн 0.4 секундэд хийсэн гайхамшигт шидэлтийг та бүхэн сайн санаж байгаа байх. Ингээд энэ улирлын финалыг гэртээ зурагтаараа үзэхээс өөр аргагүй болжээ. 2004-05 оны улиралд тэдэнд асар их боломж байлаа. Учир нь тэдний гол өрсөлдөгч Лос Анжелес Лейкерс баг тарсан байсан. Энэ улирлын тэдний гол өрсөлдөгч нар нь Финикс, Даллас багууд. Улирлын тоглолтыг ч зовох юмгүй өндөрлөж эхний шатанд 7-оор гарсан Денвер Наггетс багийг хожиж, конференцийн хагас шигшээ цувралд Сиэтл Суперсоникс, конферецийн шигшээд энэ улирлын нээлт Финикс Санс багуудыг толгой өвдөх юмгүй хожин гарч ирж аваргаа хамгаалахаар зорьж буй Детройт Пистонс багтай аваргын төлөө таарч, 43-аар ялж, 3 дахь удаагаа ЫВА-д аваргаллаа. Үргэлж тогтвортой, найдвартай тоглодог багийн гол түшиг тулгуур Данкан үүргээ амжилттай биелүүлэхээс гадна уг багийн Аргентин Ману Жинобили, Франц Тони Паркер, шилдэг хамгаалагч Брюс Боуэн, эгзэгтэй үеийг анддаггүй Р.Орри нар Данканд хань болж байна. Америкийн мэргэжлийн спортын бүх лигүүдээс сүүлийн долоон жилийн хамгийн их ялалтын хувь эзэмшдэг энэ багийн цаашдын зам дээрх оддоос л хамаарна.
БАГИЙН ТYYХ | |
он | нэр |
1976-одоог хүртэл | Сан Антонио Спэрс (NBA) |
1973-76 | Сан Антонио Спэрс (АВА) |
1971-73 | Даллас Чаппаралс (АВА) |
1970-71 | Техас Чаппаралс (АВА) |
1967-70 | Даллас Чапаралс (АВА) |
ДАРХАЛСАН ДУГААРУУД | |
дугаар | тоглогч |
00 | Жонну Мур |
13 | Жэймс Силас |
44 | Жорж Гервин |
50 | Давид Робинсон |
32 | Шон Эллиот |
СYYЛИЙН АРВАН ЖИЛД YЗYYЛСЭН АМЖИЛТ | ||
улирал | ялалт | ялагдал |
2004-05 | 59 | 23 |
2003-04 | 57 | 25 |
2002-03 | 60 | 22 |
2001-02 | 58 | 24 |
2000-01 | 58 | 24 |
1999-00 | 53 | 29 |
1998-99 | 37 | 13 |
1997-98 | 56 | 26 |
1996-97 | 20 | 62 |
1995-96 | 59 | 23 |
ЛИГИЙН АВАРГА | 2-1999 (NBA), 2003 (NBA) |
Б.ХОСБАЯР
(спортын цонх 2005-7 сар)