Алдагдсан цацраг идэвхт үүсгүүрийг оллоо

бодистой болохыг иргэдэд анхааруулсан хэвлэлийн бага хурлыг уржигдар Засгийн газраас гэнэт яаралтай зарлан хуралдуулж олон түмэнд сэрэмжлүүлэг болгон хүргүүлсэн билээ. Түгшүүрт байдал бий болсон үед улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх ёстой Онцгой байдлын ерөнхий газраас эхлээд ЦЕГ, ТЕГ, Улсын мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд оролцсон хэвлэлийн бага хурлын үсэр тараасан мэдээллээр бол алдагдсан цацраг идэвхт үүсгүүрийг Хөтөлийн Цемент-шохой-н үйлдвэрийн нэг технологиин шугам дээр шохой дүүрч байгаа эсэхийг хянах, төвшин тодорхойлох зориулалтаар ашиглаж байжээ. Ер нь эднийх ийм төрлийн нийт 14 цацраг идэвхт үүсгүүр ашигладаг байна.
Ширмэн бүрхүүлтэй, туйван хэлбэрийн савалгаатай цацраг идэвхт үүсгүүрийн жин нь 94 кг. Албан ёсны нэр нь Цези-137. Энэ бүхнээс үзэхэд хэр баргийн хүн үүрээд явчихгүй баймаар. Тэгээд ч зөвхөн үйлдвэрийн зориулалтаар хэрэглэдэг цацраг идэвхт үүсгүүрийг буруу хадгалж, зөөвөрлөбөл амь насанд аюултай гэнэ. Изотоп хэмээх энэ бодис нь хадгалалт тээвэрлэлтийн тусгай горимтой, буруу тээвэрлэх, газарт булах гэх мэтээр ёс бусаар хандвал агаарт тарах өндөр магадлалтай аж. Нэгэнт агаарт тархвал хүн амд үзүүлэх хор хохирол нь нөхөгдөшгүй юм. Цельсийн 137 хэм хүртэл хүчтэй шарах туяа ялгаруулдаг. Энэ нь шууд үхэлд хүргэнэ гэсэн үг аж.
Цацрагийн шарлагад өртвөл гар хөл тасдах аюултай ийм бодис алдагдсан тухай мэдээлэл цацагдаж, олны сэтгэлд түгшүүр төрүүлсэн.
Зохих газрууд энэ тухай мэдээлэл авмагцаа хамтарсан ажлын хэсгийг яаравчлан байгуулж, хэргийн газар руу илгээсэн байна. Мөн цацраг идэвхт бодис алдагдсантай холбогдуулж, нөхцөл байдлыг судлан үзэж, уг бодисыг олох талаар яаралтай арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн захирамжаар тэр орой нь байгуулсан билээ.
Алдагдсан цацраг идэвхт үүсгүүрийг төмрийн хаягдалд тушаах гэсэн болов уу гэсэн албан бус таамаг дэвшигдэж байсан. Тодорхой зорилготойгоор хулгайлсан байж болох юм гэсэн улс төржүүлсэн хардлага ч зэрэгцэж түгсэн. Юутай ч Хөтөлийн цемент шохойн үилдвэрт онцгой байдал зарлан өндөржүүлсэн хамгаалалт гаргаж, ажлын хэсгийнхэн шуурхай ажилласны хүчинд өчигдөр өдрийн 15 цагийн орчимд изотоп хулгайлсан буруутныг олж илрүүлсэн байна. Цацраг идэвхт бодис хулгайлан Монгол даяар түгшүүр төрүүлж, цагдаа, тагнуул, онцгой байдлынхныг онц сандаргаж, түргэн авахуулсан хэрэгтэн нь Ш.Пүрэвхүү гэгч байжээ. Дөч гаруй насны энэ эр тус үилдвэрт ажилладаг хүн байж.
Зуугаад кг жинтэй ширмэн бүрхүүлтэй цацраг идэвхт үүсгүүрийг ямар зорилгоор хулгайлсан нь одоогоор тодорхойгүй ч, үйлдвэрээсээ 100-гаад метрийн зайд газар булснаа хүлээжээ. Түүний хэлсний дагуу тэнд байсан ажлын хэсгийнхэн шуурхай хөдөлж, изотопыг нууж булсан газраас гаргаж авах ажиллагааг тусгай багийнхан гүйцэтгэсэн байна. Энэ ажиллагаа 17 цагийн үед дууссанаар изотопыг аюулгүй болгож чаджээ.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж, хүний амь насанд аюултай бодис хэн нэгэн шунахай сэтгэлтний гараар орж, олныг цочроосон нь энэ. Урьд нь МУИС-ийн хичээлийн байранд туршилт хийж байсан оюутан гэнэдэж, бага хэмжээгээр изотоп алдаж байсан хэрэг гарч байсныг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана.
Энэ мэт цацраг идэвхт туяаг их хэмжээгээр ялгаруулдаг хортой бодистой харьцдаг байгууллагынхан нь өөрсдөө анхан шатны мэдэгдэхүүнгүй байгаа нь, өөрийнх нь болоод бусдын амийг авч одох хортой бодисыг огт тоолгүйгээр хэдэн төгрөгийн төлөө хулгайлж байгаа нь монголчуудын хувьд хамгийн том эмгэнэл юм.
Н.САРАНЧИМЭГ
(өдрийн сонин 2005-07-20 172)