Г.Дэмүүл Туулын голын усыг цалгитал бяр гаргана гээд хэлчихсэн юм

Энэхүү ярилцлагыг С.З Одоогоос яг арван жилийн өмнө 1995-онд Улаанбаатар сонин Монгол улсын арслангуудын нэрэмжит барилдаан-ыг тав дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулсан билээ. Тэр үед энх тунх явсан 15-н арсланг урьж авчирсан юм. Тэгэхэд л би цагтаа цалгиж, олныг шуугиулж , говь нутгийн бөхчүүд дундаа залуусын хэлдгээр ёстой л од болон гялалзаж явсан улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүл арслантай ярилцаж, олон олон үлгэр домог мэт яриануудыг нь өөрийнх нь амнаас сонсох аз завшаан тохилдсон доо. Дэмүүл арслан ид байх үедээ Сүхбаатар, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Дорнод зэрэг бөх муутай аймгуудыг төлөөлөн барилддаг ганц бөх байсан бөгөөд тухайн үедээ жинхэнэ аатай, шартай , амтай бөх байсан ба харин худлаа аархаж эрддэггүй, үнэн хүчит арслан байжээ. Тэртээх 10-н жилийн өмнөх бидний тэр яриа тун сонирхолтой болж, бас дүрс бичлэг хийлгэж билээ. Гурван цаг гаруй хугацаатай үргэлжилсэн тэрхүү ярилцлагыг соронзон хальснаас цаасанд буулган бага зэрэг товчилж, зарим үг хэллэг, ярианы агуулгыг алдагдуулахгүйгээр найруулан зөөлрүүлж уншигч, бөх сонирхогч нартаа хүргэе.
С.З- Дэмүүл гуай. Таныт тойрсон үлгэр домог шиг, мөн ч олон яриа хөөрөө байдаг. Тэр бүхэн хэр ортой бол. Эсвэл зарим давсалсан таны нэрийг барьж зохиосон байдаг юм болов уу гэж боддог. Тэгээд тэр бүхнийг тантай ярилцаж, таны амнаас сонсож магадлах гэсэн юм. Таны бие алжааж ядраагүй бол хэдүүлээ жаахан ярилцах уу.
Г.Д- Бололгүй яахав. Бие гайгүй байна. Юунд ядрав гэж. Асуух юмаа асуу л даа.
С.З- Та чинь чухам аль нутгийн хүн бэ?
Г.Д- Би Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт 1935 онд төрсөн гахай жилтэй хүн. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүдийн нэг. Аав Гомбо-Аюуш барилдах нь барилддаг байсан. Харин ээж бие багатай хэдий ч бяртай тэнхлүүн хүн байлаа.
С.З-Манай аймаг хэзээний бөх муутай нутаг, таныт арван хэдтэй жаахан хүү Дундговь аймгийн наадамд ногт ганзагалаж ирээд Дэнж хэлтийхгүй бол Дэмүүл хүү хазайхгүй гэж манай бас гайгүй гэхээр бөхчүүдэд аархан ярьж , тэгээд тэр наадамд түрүүлчихэнэд явсан гэдэг яриа байдаг.
Г.Д-1957 онд байхаа, би бага л байсан юмдаг. Манай нутагт цаг агаар гандуу, адуу малын тарга тээвэр муу. Би шар үстэйгээ туранхай морьтой, хувцас хунар ч муутай явсан хэрэг. Тэгээд яахав Дундговийн наадмыг үзье барилдья гэж бодоод ирсэн юм. Түрүүлнэ гэж ногт ганзагалж ирсэн нь худлаа. Барилдах санаатай, бөхчүүдийн хувцсаа тайлж сольдог майханд очоод өмсгөлөө өмсөх гэсэн чинь нутгийн архайж дархайсан том бөхчүүд Амны хүүхэд чи өмсгөлөө гадаа өмс, энд зай эзлээд байхгүй шүү хэмээн хөөх маягтай. Жаахан дургуй хүрч байлаа. Тэгээд ч бөхчүүд барилдсаар унах нь унаж давах нь давсаар сүүлийн дөрвөн бөх ам авах, өмсгөлөө өмсөх үсэр нөгөө майханд очих үсэр цөөхөн бөхчүүд байна.Тэгэхээр нь Нөгөө хөөгөөд байсан хүмүүс унасаар байгаад цөөрч овоо зай гараа шивдээ. Одоо энд өмсгөлөө өмсч болох байхаа гэлээ. Хүмүүс Энэ муу банди ер нь яасан их үгтэй хүүхэд вэ? Гэсэн маягтай нэлээд аягүй байна. Сүүлийн дөрвөн бөх гарахын өмнө морь үзэж явтал аймгийн арслан /тэр үеийн цол нь хожим нь улсын начин болсон / Ш.Доржтовуу гуай сайн эмээл хазаартай 8 сайхан морьтой давхисаар намайг муу үрээтэй минь унагачих шахам дайрч дөрөө харшуулан зэрэгцэж ирээд Хүү минь чи их олон юм яриад явна гэсэн байхаа. Чамайг амалсан гэх маягийн юм хэлээд нэлээд аягүй байна. Тэгэхээр нь миний дургуй хүрээд
Дэнж булгихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй барилдана даа гээд хэлчихлээ. Доржтовуу гуай нэг муухай харснаа, давхиад явчихаж билээ. Наадамд ч би түрүүлж морь авна гэж ногт ганзаглаж ирээгүй ч морь аваад буцсан даа.
С.З- Манай аймгийн нэлээн сайн бөх, аймгийн арслан ч билүү аймгийн заан ч билүү таны үеийн Базардарь гэдэг өвгөн надад нэг удаа Би Дэмүүлийн өрөөсөн хөлийг нугалж чадахгүй нүдний булай болж билээ. Жараад онд юмдаг манай аймагт говийн бүсийн бөхчүүдийн барилдаан болж Дэмүүл түрүүлж хоёр зуугийн цагаан ор гэж алдартай цагаан ороор шагнуулсан юм. Тэгээд барилдааны дараа тэдний байрлаж байсан байранд ирээд энэ тэрийг ярилцаж суутал Дэмүүл Чи миний өрөөсөн хөлийг нугалж чадвал наад муу ороо аваад яв гэж байна. Миний шар хөдлөөд түрүүлгэн харуулж хэвтүүлэн нэг хөлөөрөө тахимны хонхор дээр нь гишгэж байгаад татсан чинь хөлийг нь нугалж бараагүй юм шүү. Цаад цүндгэр чинь цул бяр шүү дээ гэж ярьж байсан .
Г.Д- Наиз нөхөд, таньдаг хүмүүстэйгээ аль тоглож наадаж гар хөлийхөө бярыг үзэж байсныг хэлж бархав.Нэг тиим юм болж л дээ. Харин Базардарь гуайг танина. Надаас ганц хоёр ах байх. Нээх сайн барилдахгүй ч хөөрхөн эвсэг хийцтэй барилддаг хүн байсан, одоо ч байгаа байх. Ер нь тэгээд ний нуугүй ярихад би бяртай байсан шүү.
С.З-Таныг ид бяртай байх үед барилдаж явсан бөхчүүдээс чинь хэн хэн их бяртай байв.
Г.Д- Жигтэйхэн сайхан бөхчүүд байсан даа.Тэр нь их бяртай гэж онцлоод байх юм бараг байхгүй. Ямар бяргүй атлаа улсын их алдар цолонд хүрч байхав. Арга мэхийн хувьд Бадамсэрээжид арслан, Төв аймгийн Нагнайдорж, Бээжин аварга нар бол ёстой хазахаас бусдыг хийдэг бөхчүүд дээ. Гэхдээ бидний үеийнхнээс Ө.Эрдэнэ-Очир, сүүлийн үеийхнээс Хадбаатар аварга хоёр л арай илүү болов уу. Би Хадбаатар аваргатай ганц л удаа самбогоор барилдаж үзсэн. Тэгэхдээ их бяртай хүн байна даа гэж бодож байлаа. Хоёр Мөнхийн хувьд гэвэл сүрхий бяртай бөхчүүд биш. Магадгүй би хэдэн 100 граммаар давж ч мэднэ. Харин тэр хоёр байнгын бэлтгэлтэй барилдааны арга ухаан, техник сайтай, асар их тооцоотой барилддаг бөхчүүд. Ялангуяа Мөнхбат аварга бол барилдана гэж тоо бодчихдог, чухамдаа бяраар биш ухаанаар барилддаг бөх шүү дээ.
С.З-Хоёр Мөнх гэснээс 1969 онд тэр хоёр хасагдаж , таныг түрүүлдэг барилдааны үсэр бөхийн комиссоос хоёр Мөнхийг хасна гэхэд та дургүйцэж Наад хоёроо битгий хас би барилдана гэж хашгирч байсан гэж хүмүүс ярьдаг чухам юу болсон юм бэ?
Г.Д- Тэр жил миний бэлтгэл сайн. Энэ жил нэг түрүүлж чадах үгүйгээ үзнэ гэж бодож байлаа.Тэгэхэд хоёр Мөнх бараг гурван цаг барилдаж маш их ядарсан, би амарчихсан, ёстой хэнтэй бол хэнтэй барилдахаар байлаа. Мань хоёрт олон ч удаа махлуулж дарагдаж байсны хувьд одоо л хэн хаясныг нь хаяна даа гэж ёстой л хорхой хүрч байлаа. Иймд тэр хоёрыг хасахад үнэхээр харамсч байсан байх. Тэднийг хасна гэхэд нь дургүй байсан нь үнэн. Харин тэгэхэд Дамдин аварга Энэ хоёрыг хасч би л дээшилчих шиг боллоо гэж байж билээ. Тэгэхээр нь би энэ хоёрыг хасч яах юм бэ, би үзчихмээр байна гэхэд Дамдин гуай Улс төрийн товчоо хас гээд байна, хасчих байх гэтэл хаслаа л болсон тэгээд л Дамдин гуай үзүүрт хүрсэн түүхтэй.
С.З- Таныг манай Эрдэнэдалай сумын гуанзанд тавин бууз, дөрвөн таваг хуурга тэрүүхэн урагш хөдлөөд айлд бууж 10 литр Монгол архийг ганцаараа уусан гэдэг үлгэр домог шиг яриа байдаг, энэ үнэний хувь бий юу?
Г.Д- Ортой нь ортой байх шүү. Муу хүн идснээ, сайн хүн явснаа гэж сүрхий үг бий. Идснээ гайхуулж ярих, хэмжээ хязтааргүй идэж ууна гэдэг бол сайхан юм биш. Гэхдээ тээврийн машин барьж олон хоног, агаар унд хоолгүй холын зам туулан, цас шавартай хутгалдаж явах, нөгөө талаар байгалиас заяасан том бие, их масс маань мөн тэр хэмжээний хоол тэжээл, хүч энерги шаарддагийг нуугаад яахав. Энэ бол Эрдэнэдалай суманд болсон явдал биш, танай аймгийн төв дээр болсон юм. Манай аймгийн арслан Санжаа бид хоёр Дундговийн төв дээр давхиад очив. Хоол идвэл идчихмээр л байна. Гуанзанд орсон чинь гайгүй сайхан бууз, хуурга байна. За миний дүү ахдаа 100 бууз хэдэн хуурга өгөөдөх гэж үйлчлэгч хүүхэнд хэллээ. Тэгсэн нөгөөдөх чинь Та хэдүүлээ яваа юм бэ? хэдэн тавганд таваглах вэ? гэж байна. Чамд хэдүүлээ яваа нь хамаагүй хувинд хийгээд өгчих гэлээ. Тэгээд л Санжаа бид хоёр 100 бууз хувинд хийлгэж хэдэн хуургатай идсэн юм. Хувинд нэг мөсөн хийчихсэн болохоор Дэмүүл 60-ыг Санжаа 40-ийг эсвэл Санжаа 70-ыг Дэмүүл 30-ыг идсэн гэх арга байхгүй, хоёр талаас нь идээд үлдээгүй л юмдаг. Харин архины хувьд гэвэл нэг дор нь айлд бууж 10-н литр архи уусан нь худлаа. Ер нь бие сайн, нас залуу байхад нэг дор арав байтугай литр архи ууж явсныг аль тэр гэхэв. Цагаан архийг учиргүй их, чухамдаа хэдэн шилээр ууж явлаа. Харин цорын ганц үнэн бол архи, айраг уучихаад согтож байгаагүй юм шүү.
С.З-Бөхчүүдийн бярны талаар ахин яриа өдөхөд та гайгүй бяртай байжээ. Нөгөө нэг айлын хөхүүртэй айраг авч явсан тухайгаа яриач.
Г.Д-Намар нэлээд оройхон, Дашзэвгийн Батмөнх гэж жолоочтой хамт хоёр машинтай Өмнөговиос гараад Хужирт орохоор давхиж явлаа. Айраг уумаар санагдаж байгаа гэж хачин. Хужиртаас нэлээд ургаш хуучин Шанх гэж байсны ойролцоо юмуу даа. Унага уячихсан, адуутай нэг айл харагдлаа, очих гэсэн наана нь машин орохооргүй сүрхий жалгатай юм. Тэгэхээр нь алхаад очлоо. Нэг км орчим л газар байсан болов уу. Айлд яваад орсон идээ, цай амсуулчхаад айраг амсуулах янзгүй. Сайхан том хөхүүртэй айраг шуугиад л, ёстой хорхой хүргэж байна. Таван литр айраг худалдана уу гэсэн дургүй байгаа бололтой Манайх явуулын хүнд айраг зардаг айл биш гэж байна. Жаахан дургүй хүрлээ. Эвгүй ч үг хэлсэн биз. Гэрийн эзэн бололтой хүн Чи яасан омогтой шартай хүн бэ? Даадаг юм бол наад хөхүүртэй айргаа аваад яв л даа гэж байна. Дургүй хүрч байна гэж хачин, босоод хөхүүрийг нь тайлж аваад шууд үүрээд гарах гэсэн чинь хаалгаар нь багтдаггүй шууд зүтгүүлсээр байгаад гарлаа.Тэр чигтээ алхачихсан. Гэрийн эзэн биднийг дагаад л алхаад байх юм. Тэгснээ гэрийн эзэн даахгүй газар тавибал буцааж гэт хүргэж өгнө шүү гэж байна. Дуугарсан ч үгүй, яваад л байлаа. Харин нөгөө гүнзгий жалганд орчихоод гарч чаддаггүй, мацсаар арай гэж ирмэгт хүрээд буцаад гулсчих юм. Бараг хумсаа хууртал газар маажиж байж гараад машиныхаа дэргэд тавьж, дээшээ гарангуут шууд татаж гарган аравчнаасаа уялаа. Тэр газраас нэг юм үүрээд авчирсан юм чинь машин дээр гаргах амархан байлгүй яахав. Тэгээд шууд давхичихсан, нөгөө айлын хүмүүс ч зогсоод хоцорлоо. Нэлээд хол очоод айргаа ёстой 5,10 литрээр нь уулаа даа. Сайхан ч гэж хачин юм. Тэгээд яахав замдаа уусаар явсаар аймгийн төв дээр ирлээ. Тэгэхэд Октябрийн баяр болж байсан юмдаг. Наиз нөхөд уусаар сүүлд 40-н литр айраг үлдсэн байж билээ. Тэгэхээр лав 200 гаруй литр айраг байсан байх. Дараахан хөхүүрийг нь эвхэж, нэг шил архи нэлээд чихэр, талх боов аваад нөгөө айлдаа очсон чинь хавчиг модон хувинд айргаа эсгэчихсэн их сайхан зантай айраг аягалаад л сүрхий байна. Бс хөхүүр боов чихрээ өгөхдөө Танайх чинь хөхүүр айрагтай байхдаа хүнд амсуулдаггүй хавчиг савтай болохоор сүрхий өглөгч болох юмаа. Хөхүүр чинь томдоод занг чинь эвдээд байгаа юм байна даа гэж билээ. Ийм л юм болсон доо.
С.З-Тэгэхээр та чинь 250-иад литр юм үүрээд нэг км шахам газар амралгүй явчихсан байх нээ. 200 орчим литр айргийг 200 кг гэж бодоход тиим хэмжээний айраг багтдаг нойтон жирэн хөхүүр чинь наана бодоход 40-50 кг байна биздээ.
Г.Д- За мэдэхгй тэр анзааны л юм байгаа биздээ. Сүрхий л хүнд золиг байна лээ.
С.З- Өмнөговийн Дэмүүл ер нь их аатай шартай бөх гэж хүмүүс их ярьдаг. Ер нь аа гэдэг чухам юу юм бэ?
Г.Д- Аа гэдгийг товчоор хэлбэл үнэнийг үнэнээр нь хэлчихээд, тэр хүлээсэндээ хүрэхийг л хэлэх болов уу. Би жаахан аатай шартай байсан нь үнэн.Тэгэхдээ хоосон сүржигнэдэггүй, хэлсэндээ бараг л хүрдэг бөх байсандаа. Санаанд багтахгүй юмыг хүнд хэлж нүдний булай доог тохуу болоод хэрэггүй. Тэгэхлээр биелэх үндэстэй, санаанд багтах зүйлээ л хүнд хэлнэ шүү дээ. Ийм занг минь л аатай амтай гэцгээдэг биз.

Г.Д. – 1968 онд байх, Баянмөнхийг анх түрүүлдэг жил юм даг. Баянмөнх арслан, би заан цолтой байлаа. Тэгтэл Баянмөнх намайг зургаагийн даваанд амлаж байнаа. Би ч ид шартай, аатай явсан цаг юм чинь. Өдий олон хүн дотроос энэ муу намайг амлаад байхдаа яадаг юм гэсэн шүү юм бодогдож , Өвгөнхүү начин зэрэг хүмүүс байсан санагддаг юм. Тэднээр шуудагныхаа зүүн талын уяаг чангалуулахдаа Хуруу бүү хөл, хумс орохгүй болтол нь чангалаарай. Туулын голын усыг цалгитал бяр гаргана даа гээд хэлчихсэн нь тэр л дээ. Учир нь Баянмөнх миний шуудагны зүүн талаас баривал намайг ганцхан сэжээд л хаячихна. Харин баруун талаас баривал би дагуулаад гуядчихна гэсэн үг. Тиим болохоор Баянмөнхөөр зүүн талаасаа бариулэхгүй санаатай, өөртөө бол барилдааны тактик боловсруулж байсан хэрэг.
С.3-3алуу бөхчүүдийн талаарх сэтгэгдэл, тэдний барилдааны арга, мэхний талаар таны бодол ямар байдаг вэ?
Г.Д – Залуу олон бөхчүүд төрсөөр байгаад бахархаж, баярлаж явдаг. Харин бөхчүүдийн бяр сүрхий сайн биш. Барилдааны арга техник мэх өдрөөс өдөрт ядуурч байх шиг санагддаг. Чөлөөт бөх, самбо, жу-до бөх их хөгжиж байгаатай холбоотой юм уу. Одооны бөхчүүл чинь гайгүй сайндаа л хөлд орох, хэл авч хоёр талд сэжихээс хэтрэхгүй байна. Ингэснээр монгол бөхийн уламжлалт сайхан мэхнүүд алдран алдарсаар мартагдахвий гэж санаа зовдог.
С.З – Сүүлийн үед Начны найруулга, нутагус, танил талаараа, бас магадгүй хэд гурван төгрөг өгч, авах байдлаар чанар чансаа тааруухан, улсад дахиад тав давах чадваргүй олон начин төрж байна гэсэн яриа цөенгүй сонсогдох боллоо. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?
Г.Д – Энэ талаар маш их юм ярьж болно. Би ч түүний дотор хутгалдаж зарим нэг бөхийг дээш доош нь татаж явснаа нуугаад яахав. Дээрх байдал сүүлийн үед сүрхий хавтгайрч байгаа сурагтай. Манай үндэсний бөхийн барилдаан доторх тэр муухай зүйлийн талаар сэтгэл сүрхий зовдог болсон хүн дээ. Олон жил сайн барилдаад ямар нэг шалтгаанаар улсын цол хэргэмд хүрч чадалгүй харьж байгаа. бас хар багаас нь дарж байгаад зүрхийг нь үхүүлчихгүй дэмжиж эртхэн дээш нь гаргах юмсан гэсэн бөхчүүд олон байдаг. Манай өвөг дээдэс, ахмад бөхчүүд ч бие биенээ дэмжиж, тиим хүмүүсийг харж үзэж ирсэн уламжлал байх нь байсан болов уу. Харин энэ байдал, далаад оны үсэс хэлбэр нь сүрхий эвдэрч, газар авч байх шиг боллоо. Ямар ч гэсэн одоогийн ярьж, бичээд байгааг үнэний хувьтай гэж боддог. Бөхчүүдийг хангай, говь, нутаг усаар, түүгээр ч барахгүй яс үндсээр нь ялгаварлах, хооронд нь яс хаяж сөргелдүүлэх, дундаас нь ямар нэг ашиг хонжоо олох гэсэн хандлага байгааг МАХН-аас далаад оны үед шүүмжилж зэмлээд байсан нь буруу биш. Бас л нэг муухай зүйлийг олж хараад арилгах гэж оролдож байсан хэрэг. Ийм зохисгүй байдал 60, 70-аад оны үед бий болоход Түвдэндорж аварга маш их үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Манай Түвдэндорж аварга бөхийн хувьд, аваргын хувьд хосгүй сайхан, сайн бөх байлаа. Түүнийг нь өнөөдөр дурсан хүндэтгэж явдаг, бас шүүмжилж бөхийн түүхэнд үлдээсэн шударга бус мөрийг үнэнээр нь хэлэх ёстой. Түүх, түүхээрээ, үнэн юм үнэнээрээ л байх учиртай гэж боддог.
Түвдэндоржийг нөлөө бүхий байх үед хангай говийн бөхийг нутаг усаар нь зааглаж хавчих, элдэв арга найруулгаар чанаргүй бөхөд зохион байгуулалттайгаар начин цол олгох явдал газар авч байлаа. Говь нутгийн хэдэн бөхчүүд хөөрхөн хавчигдаж байсан шүү. Эр бяраараа гарч ирэн өндөр цол хэргэмд хүрсэн зарим нь тэр найруулгад оролцож бас нутгийнхаа ганц нэг бөхийг яаж ийгээд начин болгочих гэж оролдож элдэв арга хэрэглэж л явлаа. Тэр бүхэнд оролцож, ямар нэг хэмжээгээр нэр холбогдож явсан хүмүүс өнөөдөр үгээ үнэнээр нь хэлж үнэнээ хүлээнэ биз.
Нэг жил наадамд барилдахаар ирээд, Түвдэндорж аваргыг Увсын Баатаржавыг начин болгохоор тохирсон гэж сонслоо. Энэ үйл ажиллагаанд яаж саад хийх билээ гэж бодож байгаад Баатаржавыг тавын даваанд хүргэлгүй аваад хаячихлаа. Энэ мэтчилэн муу Баатаржавыг талийгаач Жамц арслангаар, мөн Манлайжаваар, өөрөө авах зэргээр начин болоход нь дөрөв таван жил саад хийсэн дээ. Энэ бол Түвдэндоржтой л жөтөөрхөөд байгаа хэрэг.
Түүнээс биш Баатаржав бид хоёрын хооронд ямар нэг юм байхгүй. Тэгтэл 1972 онд Баатаржав Түвдэндорж аварга, та хоёрын дунд үрэгдэх нь. Намайг тавын даваанд нэг хүргэж өгөөч… гэж гуйж билээ. Тэгэхээр нь Хөөрхий адилхан эр улс, нэгнийгээ бас нэг цол авах гэж байхад яршиг даа гэж бодоод орхисон. Тэгээд л Түвдэндорж аварга тавын даваанд амлаж аваад начин болгосон. Баатаржав бол Түвдэндоржоор начин цол авсан хамгийн сүүлчийн бөх байх учиртай. Энэ мэтчилэн найруулгын алийг тэр гэхэв. Ер нь бөхийн цолыг дамын наймаа болгосон жинхэнэ багш бол Б.Түвдэндорж юм шүү дээ.
С.З – Та өөрөө тэр найруулгад оролцож л явсан биз дээ?
Г.Д – Бас зүгээр байгаагүй. Нэг жил бүр гурван начин төрүүлж байлаа шүү дээ. 1983 онд байхдаа аймгийнхаа цэргийн хэлтсийн дарга байсан Ц.Цэрэндоржтой хамт ЗХУ-д эмчлүүлээд иртэл манай аймгийн дарга байсан Т.Наранхүү Чиний бие сайн болжээ. Одоо яв. Улсын наадамд барилдаж Багахүүгээ начин болго гэж үүрэг өгдөг байгаа.
Намайг өвчтэй байснаа гайгүй болж, наадамд ирсэнд олон бөхчүүд баярлаж Спортын тев ордонд бөөн золголт болсон доо. Тэгээд Багахүүг начин болгох бодолтой тавын даваанд ам авахаар зогсож байтал Мөнхбат аварга хүрч ирээд Чи аймгийнхаа хоёрын нэгийг л начин болгох юм байгаа биздээ? гэж асуугаад ер нь Сугааг тавын даваанд авчих янзтай. Түрүүхэн нь Сугаа Намайг начин болгож өгөөч гэж гуйгаад байхаар нь Цэрэн аваргыг гуйж дөрвийн даваанд авахуулж дөрөв давчихаад байсан юм л даа. Тэгэхээр нь би Мөнхбат аваргад Би ямар хоёуланг нь зэрэг начин болголтой нь биш дээ. Нэгийг нь начин болгож таарна. Харин чи Сугааг надад үлдээчихээрэй. Багахүү нь яахав, залуу юм хүлээж байгаад болно биз гэж Мөнхбатыг хуурч Сугааг түүнээс үлдээж Дагвасүрэн арслангаар тавын даваанд авахуулан начин болгож, өөрөө Багахүүд начин өгсөн юм. Тэгэхээр Сугаа начин чинь мундаг начин шүү дээ. Гурвын даваанд Эрдэнэ-Очир арсланг, дөрөвт Цэрэн аваргыг, тавд Дагвасүрэн арсланг хаяж байж начин болсон байгаа биздээ.
Мөн энэ наадамд Дундговийн Улаанхүү Увсын Тулгаагаар дөрөв давчихсан, намайг тосож ирээд Дээрээ нөмөр татаатай хүмүүс ч сайхан юмаа. Та, Багахүүг начин болгоно биз дээ. Намайг авах хүн олдохгүй юм. Нэг том бөх амалж аваад хаячих байх … гээд нэлээд уруу царайтай явж байлаа. Тэгэхээр нь Амартүвшин заантай уулзаад Чи тавын даваанд хэнийг авах гэж байна гэвэл тэр Одоо л амаа авна даа. Товлосон юм алга гэхээр Чи тэгвэл тэр муу Улаанхүүг аваад начин болгочихооч хөөрхийг … гэлээ. Би бас Амартүвшинг заан болоход нь нөлөелж байсан удаатай. Ингэж л миний найруулга, оролцоогоор нэг жил гурван начин төрсөн юм. Тэр хүмүүс арай мартаагүй яваа байх. Хүний жудаг л мэднэ дээ. Ер нь тэгээд ийм маягаар бие биедээ цол олгоно гэдэг бол буруу, муухай юм шүү дээ. Тэгээд бүр муухан шиг бөхөд бууж өгнө гэдэг бол азанд муу шүү. Одоо бүүр дамын наймаа шиг өдий төдий төгрөг өгдөг, авдаг гэж дуулдах юм. Тэгж байж авсан цолондоо эзэн болж, ядахдаа хоёр удаа тав давж байвал егсен, авсандаа елзийтэй юм сан.
С.З – Дэмүүл арслан бид хоёрын энэ яриан дундуур Булганы тэмээ өргөдөг Б.Жамъяндорж арслан орж, дараах зүйлийг нэмж ярьсан юм.
Б.Ж – Бие биедээ мөнгө өгч цол авдаг талаар сүүлийн үед их яригддаг болж байна. Ийм байдал газар авбал Монгол үндэсний бөхийг устгана гэсэн үг. Би ноднин Монгол үндэсний бөхийн хоёрдугаар их хурал дээр /Их эе/ дээр хэлсэн үгэндээ Нөхөд минь чанаргүй начны талаар хаа, хаанаа бодох цаг болжээ. Одоо чинь 100 мянган төгрөгтэй бол захын хүүхэн Монгол улсын начин болчих нь байна шүү гэж хэлж амьтан инээлгэж байлаа.
С.З – Дэмүүл гуай та, Мөнхбат аваргыг ид гарч ирж байх үед нь хуураад Манлайжаваар их дээр хаяулснаас болоод аварга маань долоо түрүүлж чадаагүй гэсэн яриа байдаг. Та чухам яасан юм бэ? Хэр ортой зүйл бол …?
Г.Д – Тиим ээ. Тэр ч уг нь дэмий юм болсон шүү. Мөөеө аварга бид хоёр их найз. Сайхан нөхөрлөж явдаг улс. Одоо ч хэвээрээ. Цаадах чинь их ухаантай, бас зальтай эр шүү дээ. Намайг хуурч залилж өнгөрдөг л байсан. 1962 онд байх, тэр ид сайн, чухам л аатай байсан цаг. Нэг их хуурч сүйд болсон ч юм байхгүй. Тэгээд улсын их баяр наадмын дөрвийн даваанд Мөнхбат манай муу Манлайжавыг авах гээд хорхойтоод байгаа бололтой надаас Цаадах чинь ер нь ямар байна. Бяртай юу гээд л дахин дахин асуугаад байхаар нь За муу Манлайжав ч өнгөрч дээ. Үүнийг нэг хуурчих юм сан гэж бодоод Мөнхбатад За, чи биендээ дасгаж болохгүй, цаадах чинь удах тусмаа чангардаг бөх шүү. Бариа зөрөөн дээр түрэгхэн шиг дайрчхаарай гэж хэлчихээд Манлайжавт очоод Мөнхбат чамайг авах гээд байна. Тэр дайрна шүү, холхон шиг өрж байгаад дайрахад нь бодож байгаа юмаа хийчихнэ биз гэж хэлсэн юм. Тэгээд учраатайгаа өрөөд зогсож байтал тэр хоёр барилдаж эхэллээ. Мөнхбат дайрлаа, хоёр хэл нь гозойгоод л явчих нь тэр. Би ч нүгэлтэй юм хийснээ ухаарлаа. Учраагаа давчихаад ирэхэд Мөнхбат тосоод зогсож байна. Миний айж байна ч гэж хачин. Тэгтэл Мөөеө тосож ирээд Олиггүй муу новш юмаа. Худлаа хэлээд … гээд л загнаж гарлаа. Хэлэх үг ч олдсонгүй. Дэмий л инээж шүү байснаа Чиний л буруу байхгүй юу. Чи цаадахыгаа эвгүй цочоогоод л тэр биз гээд л өнгөрсөн. Мөнхбат одоо Чи миний нэг түрүүлэхийг хассан гэдэг юм. Үнэн байж мэднэ. Залуу байхад бие биенээ аль давж дамшиглаж байхыг тэр гэхэв дээ. Тиим нэг болсон л юм даа.
Тодруулга – Дэмүүл арслангийн энэхүү ярьсан зүйлийн талаар дархан аварга Ж.Мөнхбатаас асууж сонирхоход тэрбээр Энэ яг үнэн шүү. Тэгэхэд Дэмүүл хуураад сүйд болсон ч юм байхгүй. Хамгийн гол нь Манлайжав нэг хүнийг сүрхий дээр өргөж, сэгсэрч байгаад шидэж байна. Тэгэхээр нь миний зэвүү хүрээд Надаас илүү бяртай хүн байхгүй гэсэн шиг … энэ муу Манлайжав, хүнийг тэгж чанга хаяад байхдаа яадаг юм бэ? гэж бодогдонгуут Манлайжавыг дөрвийн даваанд авч еөр шиг нь хаях гэж хорхой хүрээд явчихсан юм. Гэтэл муу цүдгэр новш /Дэмүүлийг хэлж байна/ намайг хаях муу юм заагаад өгчихсөн юм билээ л дээ. Би өрөнгүүт дайрсан чинь годройтоод л явчихна тэр. Одоо яахав дээ. Тэгж солиороогүй бол лав л долоо түрүүлчихсэн байхгүй юу хэмээн хуучилж байлаа.
Их аяныхан Цагийг эзэлсэн их бөх Аварга аваргаараа төрдөг зэрэг олон сайхан номоо уншигч олондоо хүргэсэн бөх судлаач, сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг домогт арсланг таалал төгсөхөөс арваад хоногийн өмнө авсан юм.
С.З Дэмүүл гуай Та, өнөөдөр арслангуудын нэрэмжит барилдаанд хүрэлцэн ирж, хамт үерхэж нөхөрлөж, барилдаж явсан найз нөхөдтэй уулзаж, залуу сайхан бөхчүүдийн барилдаан үзэж, бас танай нутгийн зөвлөл чинь зохион байгуулж байгаад таныг унаа машинтай болгочих шиг боллоо. Энэ бүхэнтэй холбогдуулаад надад ярилцлага өгч байгаа боломжийг ашиглаад хэлж яримаар зүйл юу байна вэ?
Г.Д-Байлгүй яахав. Маш олон байгууллага хүмүүст баярласан, талархаснаа илэрхийлэх учиртай. Сэтгэл их хөдөлж тулгамдсанаас болоод заримыг орхиж магадгүй. Ер нь надад сайхан сэтгэлээр хандаж намайг бөхийн хувьд хайрлаж хүндэлж байдаг бүх байгууллага хүмүүст баярлаж явдгаа юуны өмнө хэлье. Манай ард түмэн, манай байгууллага хүмүүс чинь бөхөө хайрлаж хүндэлдэг учраас намайг хайрлаж хүндлээд байгаа юм шүү дээ. Үүнээс биш муу Дэмүүл зүгээр л жирийн нэг дэмүүл байсан бол зөвхөн Манлай сумандаа, төрсөн хонхортоо, ах дүү терэл садан ойр хавийнхаа хүмүүстээ л хүндлэгдвэл их юм. Түүнээс биш Монгол орон даяар Дэмүүл, Дэмүүл гээд давхиад байхгүй шүү дээ. Энэ бол барилдаж явсны минь буян, бөхийн спортын минь буян гэж боддог. Ингээд ийм сайхан барилдаан зохион байгуулж уламжлал болгосон Улаанбаатар сонины хамт олон, түүний эрхлэгч Ү.Хүрэлбаатар, надад үргэлж анхаарал тавьж тусалж байдаг аймгийн Засаг дарга Мижиддорж, түүний Тамгын газар, Улаанбаатар хотод суугаа Өмнөговь аймгийн нутгийн иргэдийн зөвлөлийн дарга миний багын найз Х.Буд болон намайг унаатай болгож өгсөн олон компаниудад баярласнаа хэлэх гэхэд үг олдохгүй л байна даа. Би тээврийн машин олон жил барьсан жолооч хүн хэдий ч хувийн машин, өөрийн гэсэн унааны талаар даанч бодож төсөөлсөнгүй явлаа. Өнөөдер бие муудаж, эрэмдэг болчихсон ийм үед надад УАЗ-469 машин өгнө гэдэг бол санаанд багтахгүй сайхан үйл явдал болж байна. Энэ бол манай ард түмэн бөхийн спортоо, бөхчүүдээ ямар их хайрлаж хүндэлдгийн жишээ юм даа. Ер нь тэгээд намайг их харж үзэж анхаарал тавьж байсан хү олон бий дээ. Манай аймгийн дарга байсан Т.Наранхүү байна. Намайг өвчтэй бие муудаад байхад рашаан сувилал эмнэлэгт бүр гадаадад хүртэл явуулж эмчлүүлж байсан шүү дээ. Ийм л сайхан хүмүүс, ийм сайхан ард түмэндээ баярлаж, төрийн алтан сүлдэндээ залбирч явах (шиг буян хаана байх билээ. Дүү минь мийний энэ сэтгэлийн үгийг сониноороо уламжлан хүргэх ёстой хүмүүст хүргэж өгөөрэй гэж хүсэх байна.
Өвгөн арслантай ийм л зүйлийг ярилцсан юм. Дэмүүл арсланг эршүүд гүдэсхэн, үнэн бас хатуу үгтэй эр гэдгийг ихэнх хүмүүс гадарладаг байх аа. Түүний яриаг ихээхэн товчилж, залуу зандан насны аатай шартай зангаараа хэлж ярьсан зүйлийг нэлээд зөөлрүүлж бичсэн тул уншигч, бөх сонирхогч нарааса уучлал гуйя. Бас хамт ярилцсан бөхчүүд, бусад хүмүүсийн асууж лавласан нэмж ярьсан бүхнийг энэхүү ярилцлагад багтааж амжаагүй болохыг хэлж хүлцэл өчье.
С.Зэвсэг. /1995 оны 6-р сар/
(спортын цонх 2005 07 сар)