Нөхөн сонгуулийн дөрвөн хувилбар

Дараагийн нэг суудлын эзнийг Ерөнхийлөгч болсон УИХ-ын дарга асан Н.Энхбаярын сонгуулиар тодруулах гэж байна. Яагаад энэ олон тоог нэмж хасаад бичээд байна гэж эргэлзэж, гайхаад байх хүн нэг их гарахгүй байх гэдэгт найдаж байна. Өвөрхангайн 24-р тойргийн асуудал шүүхийн шатанд хэр удаан аялах нь ойлгомжгүй байгаа энэ нөхцөлд одоо болох гэж буй нөхөн сонгуулийн тойргийн асуудал парламент дахь улстөрийн намуудад хичнээн амин чухал болохыг л тодруулж харуулан тулд хэдэн тоо нэмж хасах хэрэгтэй болж байна л даа.
36+1 хувилбар
Хамгийн олон суудалтай ч олонхи болж чадаагүй МАХН-д 36+2 байх хүсэл бий. Тэдний халаасанд Өвөрхангайн 24-р тойрог байхгүй учраас тэр. Нөгөө талаар одоо нөхөн сонгууль нь явагдах гээд байгаа 65-р тойргийн суудал анхнаасаа МАХН-ынх, манайх гэх бардамнал буй. УИХ-ын 2004 оны сонгуулийн дүнгийн гайхамшиг нь улстөрийн аль ч намыг парламентад олонхи болгоогүй явдал.
Аль ч нам нь толгой даан шийдвэр гаргах боломжгүй энэ хувилбарыг Ерөнхий сайд нэгэнтээ Хаан сонголт хэмээн нэрийдсэн. Хаан сонголтыг сонгодог сонголт руу нь буюу өөрөөр хэлбэл, хамгийн олон суудал авсан нам биш, олонхийн суудал авсан нам төр барьдаг тэр жишиг рүү ойртуулахад МАХН-д ахиад хоёр суудал хэрэгтэй.
Энэ хоёр суудлаа нөхөхийн тулд УИХ-ын сонгуулийн хоёр ч тойргийн сонгуулийн санал хураалтын дүнг будилуулж өнөөдөр хүртэл бүрэн дүүрэн шийдэгдэлгүй сунжирч буй гэх шүүмжлэлийг цөөнгүй ажиглагчид хэлж байгаа.
Төрийн эрхийг барихын төлөө гэх туйлын зорилготой улс төрийн намуудын хувьд ялангуяа өнөөдөртөө Монголдоо хамгийн том нь байгаа намын хувьд МАХН УИХ дахь суудлынхаа тоог нэмэхийг л эрмэлзэнэ үү гэхээс нэгээр хорогдуулж, намын дарга, УИХ-ын дарга асан хүнийхээ тойргийг бусдад бэлэглэх шалтгаан үнэндээ байхгүй. Тэгэхээр МАХН-ын хувьд хүсч буй бөгөөд хадгалж үлдэх ёстой хувилбар бол яах аргагүй 36+1 хувилбар.
МАХН нөхөн сонгуулийн энэ суудлыг өөрийн намынх төдийгүй, намын даргынх байх учиртай гэдэг дээр тогтоод байх шиг. Энд МАХН шинээр намын даргаар сонгогдоод байгаа, Хотын мэр М.Энхболдыг сойх нь бараг тодорхой болоод байна.
34-Энхсайхан
7-ИЗБ
2-Гончигдорж 18
Ийм задаргаа Эх орон -ардчилал эвсэл тарснаар бий болсон. Уг нь бүдүүн бүлэг гэгч УИХ-д бий болсноор экс эвслийн 34-өөс 20 нь МАХН-ын бүлгийн гишүүд болсон. Гэвч сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлаас харахад МАХН-ын бүлгийн гэх 20 гишүүнийг бүдүүн бүлэг нэг их авч хэлэлцэхгүй болж орхиж. Тийм ч учраас намдаа гомдсон нам бус гишүүд нь хурал хаяж бөөн дуулиан тариад байгаа.
Нөхөн сонгуулийн санал хураалт дуусахаас өмнө энэ гомдол, үл ойлголцол арилахгүй л болов уу. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд ИЗБНН болон Гончигдоржийн талынхан тус тусдаа өөрийн хүнээ сойж УИХ дахь суудлынхаа тоог нэгээр нэмэхээс татгалзахгүй нь лавтай. Хэнийг сойх тухай бор шувуу ч нисгэхгүй байгаа хэдий ч ИЗБНН Ерөнхийлөгчийн сонгуулийг алгассан, энэ удаагийн нөхөн сонгуульд хүч үзнэ гэдгээ эрт мэдэгдсэн. Харин Р.Гончигдоржийн талынхан аль хэдийнэ өөрийнхөө хүнийг буюу Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг нөхөн сонгуульд сойно гэдгээ ил тодоор зарласан.
Энхсайханы талынхны хувьд 7+1 буюу ганцхан суудал нэмээд авчихвал бүлгээ байгуулчихна гэсэн битүүхэн горьдлого байж мэднэ. Гэхдээ тэд хэдийгээр талцаж танайх манайхдаа хүрсэн ч АН гэх нэгэн малгайн дор харьяалагддаг тул Ц.Элбэгдоржтой зэрэгцэн хүнээ сойхгүй нь мэдээж. Зүүн хойд Азийн фракцынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улстөрөөс хэсэг холдож амсхийх маягтай болоод байгаа.
7+1 хувилбар буюу Эх орон нам УИХ-д бүлэгтэй болох боломж
Эх орон нам одоогоор УИХ-д долоон суудалтай. Дахиад ганцхан суудал авчихад бүлгээ байгуулан ажиллах эрхтэй болно. Тус намын улстөрийн туршлага, түүхэн замнал харьцангуй залуу хэдий ч байгуулагдсанаасаа хойш оролцсон сонгуульд бүгдэд амжилт үзүүлсэн улстөрийн нам.
Тиймээс Эх орон нам энэ удаагийн нөхөн сонгуульд идэвхийлэн оролцох нь лавтай. Нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх нь ойлгомжтой, харин хэнийг вэ гэдгээ хараахан албан ёсоор зарлаагүй байна.
1+1 хувилбар буюу амжилтаа бататгах сонирхол
БНН УИХ-д ганцхан суудалтай. Тэр нь намын дарга Б.Жаргалсайхан. Тэрбээр ардчиллын анхны жилүүдээс улстөрийн карьераа эхэлж сонгууль бүрийг алгасалгүй оролцсоны эцэст өнгөрсөн жилийн сонгуулиас ялалтын амтыг мэдэрсэн. БНН улс төрд удсан, удсаны эцэст парламентад суудал авсан. Одоо энэ амжилтаа бататгаж, парламент дахь суудлынхаа тоог нэгээр нэмэгдүүлэн, нэгэн үе нийлж салж явсан ИЗБНН-ын зиндаанд ирэх хүсэл сонирхол байж таараа.
Бас сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга нэр дэвшигч нь муугүй амжилт гаргаж, намаа гайгүй таниулаад авсан зэрэг нь тус намын нөхөн сонгуульд хүч хаях магадлалыг улам өндөрсгөж багаа юм.
Нөхөн сонгуулийн үр дүнд бий болж болох дөрвөн хувилбарын талаар цухас тооцвол ийм байна. Баянголын 65-р тойрогт томчууд үзнэ, парламентын намууд хүч хаяна. Тиймээс УИХ-аас гадуурхи намууд ч нэрээ гаргачихыг хичээх нь лавтай. Өрсөлдөгч олонтой, баталгаат хувилбар ч олонтой сонирхолтой тулаан энд болно.
Д.Эрчис
2005.07.19, Монголын мэдээ