15 настай парламентын эргэн тойронд

Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор явж, УИХ-ын дарга Ц.Нямдорж олон улсын парламентын спикерүүдийн уулзалтанд оролцлоо.
Энэ уулзалтын үеэр УИХ-ын дарга Ц.Нямдорж Монголын парламент ардчилсан байж чаддаг хэмээн мэдэгджээ. Гэтэл УИХ-ын цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг болох С.Оюун энэ талаар эсрэг байр суурьтай байгаа аж. Тэрээр ардчилсан парламентыг ямар шалгуур үзүүлэлтээр тогтоох талаар 70 гаруй орны төлөөллөөс санал авч байгаа бөгөөд түүний үзэж баигаагаар олон нийт парламентын үйл ажиллагаа болон хуралдаантай танилцах цаг дэндүү бага, хуралдааны танхимыг дээрээс нь харах төдийгөөр хязгаардагдаж байгаа нь учир дутагдалтай үзүүлэлт юм байна.
Уг нь иргэд сонгогчид УИХ-ын хуралдаанд 2-3 цаг сууж, өөрийн сонгосон болон асуулт асуухыг хүссэн гишүүнээсээ сонирхсон асуултанлаа хариулт авах нөхцлийг бүрдүүлэх ёстой гэж тэрээр үзэж байгаа гэнэ. Энэ өдрүүдэд Монгол Улсад Ардчилсан парламент үүсэн бий болсны 15 жилийн ойн баяр тохиож, хуучин парламентчид төрийн ордноо нэг эргэж, парламентчдын дунд олон төрлийн арга хэмжээ зохиогдлоо. Энэ 15 жилийн дотор алдсан нь ч бий, оносон нь ч бий, гэвч оносон нь илүү байгаа хэмээн олон улсын спикерүүдийн уулзалтанд дарга нь танилиуулж яваа энэ парламент ийнхүү өнгөрөн одсон түүхийн хуудсаа эргүүлж нэг харлаа. Харин манай анхны парламентчдын нэг болох Э.Бат-Үүл удтал дуугай байсны эцэст Монголын ардчилалд одоо л бодит аюул нүүрлэж байна хэмээн дуугарч эхлэлээ.
Одоогийн парламентын спикер, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж албан тушаалаа өгснөөс хойш Хууль зүйн сайдын сэнтий сар илүү хугацаагаар эзгүйрлээ.
Мөн хотын мэр М.Энхболд нөхөн сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг аваад байгаа. Ийнхүү Хууль зүйн сайдын болон хотын мэрийн суудлын төлөөх далд тэмцэл энд тэндгүй явагдаж, сайд асан Ц.Нямдорж өөрийн хүнээ бэлдсэнээ зарлаад амжлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүн нэр дэвшихгүй байгаатай холбоотойгоор асуудал удааширч байгаа гэсэн бор шувуу хэдийнээ нисч, Хууль зүйн сайдын сэнтийд ХЗБХ-ны дарга А.Одбаярын нэр дахин сонсогдох болов. Хотын мэрийн суудал олон хүний хорхойг хөдөлгөж байгаа ч МАХН-аас М.Болормаа, И.Шийрэвдамба нарын нэр хүчтэй яригдаж байгаа аж. Мөн шинэхэн гишүүн болсон МАХН-ын даргадаа Ерөнхий сайдын суудлыг зэхэж байгаа гэсэн яриа гарч эхлэсэн нь Ц.Элбэгдоржийн Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорч болзошгүй гэсэн болгоомжлолыг ажиглагчдадтөрүүлж байгаа гэнэ. Ямартай ч сайдын сэнтий, хотын мэрийн суудлын эргэн тойронд улс төрийн гол үйл явдлууд өрнөх магадлал илүү өндөр байна.
И.Оюунчимэг
2005.09. Инфо