МХНМХолбооны тэргүүн Ц.Цэцэгмээ Хүн хүчний бодлого нэлээд стратеги шинжтэй болж байна*

-Сайн байна уу? Танай холбоо байгуулагдаад удахгүй нэг жил болох гэж байгаа. Энэ хугацаанд ямар ололт амжилтад хүрэв ээ?
-Тиймээ, удахгүй Монголын Хүний Нөөцийн Менежментийн Холбооны нэг жилийн ой болно. Юуны өмнө өнгөрсөн хугацаанд бидний үйл ажиллагааг дэмжин тусалж, идэвхтэй оролцож байсан байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлмээр байна. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэлээд зүйлийг хийж амжуулсан. Үүний үр дүнд манай холбооны үйл ажиллагааг олон байгууллага, хүн мэддэг, идэвхтэй оролцдог болж байна. Гишүүн байгууллага болон хувь хүмүүсийн хүрээ өргөжин тэлсээр байна.
-Та сүүлийн үед хийсэн болон ойрын ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар уншигчдад танилцуулна уу?
-Бид бизнес эрхлэгчдэд зориулж Та сайн ажилтан хайж байна уу сэдвийн дор 3 удаагийн цуврал зөвлөгөө Бизнес таймс сониноор дамжуулан өглөө. Үндэсний хэмжээний томоохон банк, бизнесийн байгууллагын Хүний нөөцийн менежерүүдийн уулзалтыг зохион байгуулж, цаашид тэдний хооронд мэдээллийн сүлжээ бий болгох, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр дорвитой ажил хийх, мэргэжлийн суртачилгаа хийх, хамтын ажиллагааг бий болгох шаардлагатай байгаа зэргийг олж мэдлээ. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль дээр хэрэгжиж буй ДААД-ын төслийнхэнтэй хамтарч холбооныхоо гишүүдэд зориулан Германы Люнебургийн их сургуулийн профессор Детерс Амжилтад тулгуурласан шагналын систем нэртэй сонирхолтой лекц уншлаа. Бид ойрын үед Хүний нөөц нэртэй мэргэжлийн сэтгүүл гаргахаар шамдан ажиллаж байна. Мөн 10-р сарын 1-нээс хүний нөөцийн менежерүүдэд зориулсан сертификат олгох нэг сарын сургалтаа явуулахаар зарласан байгаа гээд хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажил их байна.
-Танай эхний сургалтад энэ чиглэлээр урьд өмнө ажиллаж байгаагүй боловч сонирхсон хувь хүмүүс хамрагдсан талаар сонсож байсан. Тэд хүний нөөцийн чиглэлээр ажилд орсон болов уу?
-Сонирхолтой сайхан асуулт байна. Энэ дашрамд хэлэхэд, нэг талаас хүний нөөцийн мэргэжлийн чиглэлээр суралцах, ажиллах хүсэл сонирхолтой хувь хүмүүс нэлээд болсон, нөгөө талаас энэ чиглэлээр мэргэшсэн ажилтны хэрэгцээ шаардлага манай бизнесийн байгууллагынханд их байгаа. Тийм ч учраас манай холбоо энэ чиглэлээр мэргэшсэн, суралцсан хүмүүсийг ажилд зуучлан оруулахыг үндсэн үйл ажиллагааны нэг чиглэлээ болгон ажилласаар ирсэн. Ер нь байгууллагууд хүний нөөцийн менежментийн ач холбогдлыг дээр дооргүй мэдэрдэг болсон байна шүү. Сайн хэрэг. Бидний үүрэг тэдэнд туслах явдал юм. Эхний сургалтад хүний нөөцийн чиглэлээр ажилладаггүй байсан 3 хүн хамрагдсан, манай холбоогоор дамжин бүгд ажилд орсон гэдгийг хэлэхэд таатай байна. Одоо ч гэсэн хүний нөөцийн менежерийн захиалга байгаа. Харамсалтай нь бэлтгэгдсэн мэргэжилтэн дутагдалтай байгаагаас бид цаг хугацаанд нь нийлүүлэлт хийж чадахүй байна.
-Хүний нөөц сэтгүүл гаргахаар бэлтгэж байгаа талаар та дээр ярилаа. Хэвлэлийн бодлого, зорилгын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Бид холбооныхоо нэг жилийн ойгоор анхны дугаарыг нь гаргахаар зэхэж байгаа. Албан ёсны зөвшөөрлөө авчихсан. Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн менежерүүдэд зориулсан мэдээ, мэдээлэл агуулсан гарын авлага болохуйц мэргэжлийн сэтгүүлийн орон зай дутагдаад байгааг нөхөх, нөгөө талаасаа хүний нөөц гэдэг ойлголт маань өргөн хүрээг хамарч байдаг учраас хөгжиж дэвших, суралцах сонирхолтой хүн бүрт зориулсан олон булантайгаараа бусдаас ялгагдах онцлогтой. Товчоор хэлбэл, уншигчдын хүрээ өргөн. Тухайлбал, карьер хөгжлийн талаар, дэлхийн болон үндэсний хэмжээнд олон түмэнд танигдсан амжилттай үйл ажиллагаа явуулж буй шилдэг байгууллага болон хүний тухай, хөдөлмөрийн хууль тогтоомжтой холбоотой шинээр болон өөрчлөгдөн гарч буй журам, заавар зэрэг олон сонирхолтой, хүн бүрт хэрэгтэй өргөн хүрээний мэдээллийг өгөх зорилготой. Мөн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох гээд олон талын ач холбогдолтой мэргэжлийн сэтгүүл байлгахыг хичээж ажиллана.
-Та Хүний Нөөцийн Менежментийн хөгжлийн орчин үеийн чиг хандлагаас сонирхуулахгүй þу?
-Миний ярих дуртай сэдвийн нэг байна. Ер нь хүний нөөцийн менежментэд сүүлийн үед гарч буй өөрчлөлт, хандлагууд олон байгаа. Гэхдээ эдгээрийн дотроос 2 зүйлийг онцлон яримаар байна. Нэгдүгээрт, байгууллагад хүний нөөцийн менежерүүдийн хамрах хүрээ тэлж, гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байна. өөрөөр хэлбэл, манайхны ойлгодгоор хүнтэй холбоотой асуудлыг ганц хүний нөөцийн мэргэжилтнүүд гүйцэтгэх биш, харин шугаман менежерүүдийн гүйцэтгэх үүрэг чухал ач холбогдолтой болж байна. Хүнийг удирддаг бүх шатны менежерүүд бүгд л хүний нөөцийн менежерийн үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Иймээс бидний дээр ярилцсан сэтгүүлийн бодлого ч үүнтэй холбоотойгоор өргөн хүрээг хамарсан байхад чиглэгдэж байгааг тэмдэглэн хэлмээр байна. Хо¸рдугаарт, байгууллагын хүн хүчний бодлого нэлээд стратеги шинжтэй болж байна. Хүнтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ гал унтраах-д биш, харин энэ талаар баримталж буй бодлого, стратегийн дагуу шийдвэрлэх хандлага давамгайлах боллоо. өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ тохиолдлын шинжтэй биш, тодорхой системтэйгээр байгууллагын хөгжлийн бодлоготой уялдуулах явдал чухлаар тавигдаж байна.