Усама бин Ладен

Одоо Аль Кайда, Усама бин Ладен гэсэн үгсийг наян настай хөгшнөөс эхлээд найман настай балчир хүртэл бүгд л мэддэг болсон ч олон мянган хүний амийг авч одсон аймшигт алан хядлаг зохион байгуулагч бүлэглэл, түүнийг үүсгэн байгуулагч нь ямаршуу сэдлээр, ямар зорилготойгоор тэр бүх аймшигт үйлдлийг хийгээд байдаг талаар бараг мэддэггүй шахуу. Гэтэл эдгээр алан хядагч байгууллагууд нь Иракт цэргээ оруулсан улс болгонд террорист ажиллагаа явуулан цээрлэл амсуулна гэж заналхийлээд, Англи, Испани зэрэг олон орнуудад заналхийллээ хэрэгжүүлчихсэн байгаа. Монгол дайчид холбоотны цэргийн эвслийн бүрэлдэхүүнд багтан Иракт алба хаах болсоор удаж байна. Тэгэхээр манай улс Бин Ладен, Аль Кайдагийн байнд байж л байгаа гэсэн үг. Иймд болзошгүй дайсныхаа талаар мэдээлэлтэй байх нь амжилттай тэмцэхийн нэг үндэс гэдэг утгаар Усама, Аль Кайда болон алан хядлагын талаарх зарим мэдээллийг хүргэж байна.
Усама бин Мухаммед бин Авад бин Ладен буюу Можахед, Абу Абдаллаа, Хаж, Захирал гэсэн хочоор алдаршсан дэлхийн нэг номерийн алан хядагч нь 1957 оны зургадугаар сард Саудын Арабт төржээ. Түүний эцэг нь 5 тэрбум долларын хөрөнгөтэй тун ч чинээлэг бөгөөд нөлөө бүхий нэгэн байв. Усама нь 53 хүүхдийн 17 дахь байса бөгөөд эцгийгээ нас барахад барилгын хэд хэдэн компани болон 300 сая долларын хөрөнгө өвлөн авсан байдаг. Судан, Кени, Йемен, Герман, АНУ, Их Британи гээд дэлхийн олон улсад үйлдвэр, хэдэн тэрбум доллараар тооцогдох хөрөнгөтэй болохоор тэрээр хэзээ ч мөнгөний асуудалд орж байгаагүй юм. Сауди бен Ладен груп нэртэй Усамагийн гэр бүлийн компани нь гэхэд л дэлхийн 60 гаруй оронд өөрийн салбартай, нефть, хими, харилцаа холбооны чиглэлийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж байдаг. 1980 оноос эхлэн Афганистан дахь Оросын армийн эсрэг тэмцэж байсан можахедүүд буюу босогчдыг дэмжих болж орсуудын эсрэг хийх жихад буюу шамбалын дайнд оролцогчдын элсүүлэх Мактаб ал-хидамат гэгч байгууллагаа үүсгэн идэвхтэй ажиллах болов. Энэ үед Америкийн тусгай албаныхан Усамагаар дамжуулан босогчдыг дэмжих мөнгө, зэвсэг өгдөг байсан гэдэг. Тэгэхээр Америкчууд өөрсдийнхөө дайсныг нэг ёсондоо бэлтгэж, дэмждэг, хамтран ажилладаг байсан болж таарч байгаа юм.
Ингээд Америкийн тусгай албадын оролцоотойгоор лалын дайчдын бэлтгэх лагерь байгуулах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулан нэлээд туршлага сууж авчээ. ЗХУ задран унаж, Афганистанд өөрийнх нь дэмжигч талибууд засгийн эрхийг гартаа авсны дараагаар буруу номтны хамгийн том нэг улсыг ялж болсон юм, нөгөө томыг нь яагаад ялж болохгүй гэж гэсэн утгатай бодлыг төрүүлсэн нь мэдээж. Удалгүй Усама өөрийн бодлоо хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нүд ирмэхийн зуур л сайн найз Америкчуудынхаа нэг номерийн дайсан нь болж хувирах нь тэр.
1988 онд Аль Кайда /бааз, түшиц газар/ нэртэй байгууллага үүсгэсэн нь 1991 оноос хойш Лалын Арми нэр авч, жихад буюу шашны төлөөх ариун дайныг дэлхий даяар түгээх талаар эрчимтэй ажиллаж эхэлсэн байна. 1991 онд болсон Иракийн анхны дайны үеэр Америкчуудын эсрэг эрчимтэй үйл ажиллагаа явуулснаас болж Саудын Арабаас хөөгдөн Суданд сууршсан боловч Америкчуудын шахалтаар удалгүй тэндээсээ ч хөөгдөж, Афганистанд ирж суурьшив.
1998 онд Жүүд, загалмайтнуудын эсрэг тэмцэх бүх дэлхийн лалын фронт гэгч холбоог үүсгэн лалын алан хядагч байгууллагуудыг нэгдэхийг уриалсан бөгөөд үүнтэй холбоотойгоор гаргасан мэдэгдэлдээ энгийн эсвэл цэргийн гэж ялгалгүйгээр америк хүмүүсийг алах нь үнэн сүсэгтэй лалын шашинтан хүн бүрийн үүрэг юм гэж байлаа.
Усамагийн байгуулсан холбоонд Египетийн Аль-Жихад -ын Айман аз-Завариха, Аль-Гамаа аль-Исламийя-гийн Абу Ясир Ахмад Таха, пакистанын лалын шашны Жамиат-и улама-и Пакистан ын удирдагч Мир-Хамза, Харакат аль-Ансар-ын удирдагч Фазлуль ар-Рахман Халиль, Бангладешийн Жихад байгууллагын Абд ас-Салям Мохаммед гээд цуст алан хядлагаараа зард гарсан хамгийн хэнээтэй алан хядагчид элсэн орж, нэг ёсондоо алан хядагчдыг нэгтгэсэн том байгууллага үүсчээ.
Бин Ладен болон түүний хамсаатнуудыг 1992 онд Йемен дэх Америкийн элчин сайдын газар болсон дэлбэрэлт, 1993 онд Сомалид Америк цэргүүд рүү хийсэн дайралт, 1993 онд Нью-Йоркийн Олон улсын худалдааны төвд болсон дэлбэрэлт, 1995-1996 онуудад Саудын Арабд гарсан Америкийн цэргүүдэд халдсан хэрэг, 1997 онд Египтэд өрнөдийн жуулчдыг буудсан хэрэг, 1998 онд Кени, Танзани дахь АНУ-ын элчин сайдын газар хийсэн халдлага, Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовын амь насанд халдсан хэрэг, 2000 онд Йеменд Америкийн байлдааны усан онгоцыг дэлбэлсэн хэрэг, Москва, Буйнакск зэрэг хотуудад орон сууцны байр дэлбэлсэн хэрэг, Босни, Косово, Чечений алан хядагчдад дэмжлэг үзүүлсэн, 2001 онд Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр байшинг онгоцоор мөргөж дэлбэлсэн хэрэг гээд олон мянган хүний аминд хүрсэн олон гэмт хэрэгт буруутгадаг.
9-р сарын 11-ний халдлагын дараа Америкчууд Усамагийн орлогын эх үүсвэрийг таслах алхмууд хэрэгжүүлж эхэлсний үр дүнд одоогийн байдлаар хөрөнгө мөнгөний нэлээд асуудалтай тулгарсан гэж үздэг.
Бин Ладен нь Лалын нэгдсэн улс гэгчийг байгуулахын төлөө энэ бүх аймшигт алан хядлагуудыг хийж байгаа гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Түүний явуулж байгаа лалын хувьсгал гэгчийн дараа 2010 он гэхэд Ази, Африк, Европын 50 гаруй орныг нэгтгэсэн, тив дамжсан их гүрэн үүсэх ёстой юм байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэрээр юу ч хийхэд бэлэн бөгөөд зарим эх сурвалжид дурдаж байгаагаар 1998 онд цөмийн бөмбөг хийх эд ангийг худалдан авч, Америкийн эсрэг хэрэглэхээр зэхэж байгаа ажээ.
(Зиндаа 2005-09 25)