Сонин мөхөх биш хөгжлийн давууг ашиглах хэрэгтэй болж

Энэ талаар тус Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, сэтгүүл зүйн ухааны доктор М.Мөнхмандахтай ярилцлаа.
-Сэтгүүлчдэд мэргэжлийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд нь тусалж байна. Ерээд оны эхэн үеийн хэвлэл мэдээллийг одоо үеийнхтэй харьцуулбал тодорхой хэмжээний эсрэг өөрчлөлтийг анзаарч болно. Гол нь сэтгүүлчдээс гадна хэвлэл мэдээллийн эзэмшигч, эрхлэгч, удирдагчид нь ардчилсан сэтгүүл зүи, мэргэжлийн сэтгүүл зүйг ойлгож, дэмждэг, улс төрчид, төрийн эрх баригчид нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хүндэтгэдэг, энэ эрх чөлөөг жинхэнэ утгаар нь бий болгохын төлөө зүтгэдэг бол бидний ажлын үр дүн илүү тод байх байсан болов уу. Өөрөөр хэлбэл зөвхөн сургалтаар сэтгүүл зүйн чанарыг сайжруулна гэвэл бүтэхгүй нь ойлгомжтой. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн салбар өөрөө байнгын хөдөлгөөнтэй, хувьсаж өөрчлөгдөж байна. Даяаршил, орчин үеийн техник технологийн хөгжил хэвлэл мэдээллийн баигууллагад байнга шинэ шаардлага тавьж байна. Тэр бүгдийг мэдэрч, зохицож ажиллахын тулд сэтгүүлчдийг сургах шаардлага хэрэгцээ байсаар байна.
-Монголын өнөөгийн хэвлэл мэдээллийн хөгжлийн байдлыг өөрийнхөөрөө харж дүгнэхдээ, хамгийн их эмзэгпэдэг зүйл тань юу вэ?
-Сэтгүүл зүй бизнес хоёр хэт холилдож хутгалдаж байна. Сурталчилгаа, төлбөртэй мэдээлэл байлгүй л яах вэ, гэхдээ мэргэжлийн сэтгүүл зүй, бизнес хоёр ямагт тус тусдаа, өөр хоорондоо зааг ялгаатай байх ёстой, тэгж байж хэвлэл мэдээлэл итгэл үнэмшилтэй, сэтгүүлчид нэр хүндтэй байна. Зар сурталчилгааны тухай хуулиар цаг үеийн мэдээллийн хөтөлбөрийн дундуур сурталчилгаа явуулахыг хориглосон байдаг. Гэтэл манай Хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар, телевизээр цацагдаж байгаа зар сурталчилгааны дийлэнх хувь нь цаг үеийн мэдээллийн хөтөлбөрийн дундуур явж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хэвлэл мэдээллийн хэрэгелийг хэн ч худалдаж авч юу дуртайгаа цацаж болно, төлбөртэй гэдгийг нь мэдэгдэхгүй болохоор иргэдийг төөрөгдүүлэхэд маш амархан. Энэ чинь нийгэмд маш аюултай, нөгөө талаар сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн нэр хүнд, итгэл үнэмшлийг дэндүү ихээр бууруулж байна. Итгэл үнэмшилгүй бол хэвлэл мэдээлэл ирээдүйн хэрэглэгчээ өнөөдрөөс эхлээд алдаж байна гэсэн үг.
-Холч бодол гэснээс ер нь хэвлэл мэдээллийн ирээдуйн талаар Та юу гэж бодож байна вэ?
-Ирээдүйд сонин мөхнө гэж өндөр хөгжилтэй орнуудад нэг үе баахан шуугисан даа. Телевиз, Интернет, ер нь шинэ технологийн хөгжлийн үр дүнд хэвлэмэл сонин алга болно гэж нэлээд ярьсан. Гэхдээ сонин хэвлэл өөрийн гэсэн давуу талтай, мөхөх тухай ярих биш, харин шинэ технологийг өөрийн давуу тал болгон хэрхэн ашиглах вэ гэдэг дээр барууны сонин эзэмшигчид, эрхлэн гаргагчид ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд сонин мөхөхгүй гэдгийг янз бүрээр нотолж байгаа боловч өндөр хөгжилтэй орнуудад сонины борлуулалт буурч байгаа. Үүний гол шалтгаан нь юүн түрүүнд залуучууд, хүүхдүүд сонин уншихаа больж буйтай холбоотой гэж үздэг. Шинэ технологийн ачаар залуучууд сонин уншихаа больж байгаа учир орчин үеийн залуучуудыг яаж өөртөө татах вэ? гэдэг асуулт сонин бүрийн хувь заяаны асуудал болоод байна. Манайд энэ талаар санаа зовж байгаа зүйл нэг их ажиглагддаггүй. Гэтэл залуучууд сонин хэвлэл хэр их уншиж байгаа талаар судалгааны тоо баримт сөхөх юм бол Монголд ч гэсэн ижил төстэй хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл өдөр тутам сонин уншдаг хүмүүсийн дунд 20-29 насны залуучууд дунджаар 10 хувийг эзэлж байна. Сонин тогтмол уншдаг хүмүүсийн дийлэнх хувь нь 40-50 насны хүмүүс байдаг бөгөөд 60-аас дээш насныхан сонин унших нь бас багасаад байгаа. Арван жилийн дараа гэхэд энэ янзаараа бол сонин идэвхтэй уншдаг хүмүүсийн тоо дөрөв орчим хувиар бууна. Сонины бизнес эрхлэгчид залуучуудад хандсан, ирээдүйн уншигчиддаа хандсан нэлээн цогц бодлого явуулах цаг аль хэдийнэ ирээд, бараг өнгөрчихөөд байна.
-Танайх хэвлэл мэдээллийн хөгжилд хувь нэмэр болчих судалгаа хийж байна уу?
-1999 оноос хойш жил бүр мониторингийн судалгаа явуулж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо, эзэмшил харъяалал, борлуулалт, нэвтрүүлгийн цаг, бүтэц зэрэг олон төрлийн үзүүлэлт жилээс жилд хэрхэн өөрчлөгдөж байгааг эндээс харж болно. Саяхнаас манайх өдөр тутмын сонинуудад агуулгын анализ тогтмол хийж эхлээд байна. Сонин хэвлэл улс төржиж байна, хэн нэгний талд орж үйлчилж байна гэсэн яриа их байдаг боловч энэ талаар судалгааны тоо баримт ховор байдаг. Аль сонин сэтгүүл зүйн мэргэжлийн зарчмыг илүү өндөрт өргөж ажиллаж байна вэ гэдэг нь манай судалгаанаас харагдана.
В.БИЛГҮҮН
(өдрийн сонин 2005-09-26 231)