Германд дахин сонгууль болох уу?

хэн канцлер болох вэ, Засгийн газрыг эмэгтэй хүн тэргүүлэх үү гэсэн гарчигтай нийтлэл бараг өдөр болгон гарч байлаа.
Энэ сарын 18-нд болсон Бундестагийн сонгуулиар Герхард Шредерийн тэргүүлдэг Социал-Демократ нам нь онолын хувьд ялагдал хүлээсэн. Нөгөө талаас нь авч үзвэл тус намын хувьд энэ нь маш том амжилт байв. Сонгууль болохоос ердөө долоо хоногийн өмнө улс төр судлаачдын дийлэнх нь найман жил засгийн эрх барьсан Социал-Демократ нам ялагдах нь гарцаагүй гэсэн таамаглал дэвшүүлцгээсэн. Харин тэдний хамгийн гол өрсөлдөгч болох Ангела Меркелийн тэргүүлсэн Христосын Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгуулийн дүн маш том цохилт болсон юм. Хэдийгээр тэд хамгийн олон санал авсан боловч Бундестагт олонхи болж чадаагүй. Ердөө хоёрхон хоногийн өмнө сонгуулийн кампанит ажлын хүрээнд Ангела Меркелийг Берлин хотноо үг хэлэхээр тайзан дээр гарч ирэхэд нь Та бүхний өмнө Германы ирээдүйн канцлер гарч ирлээ гэж зарлан хүмүүс алга нижигнүүлэн ташиж Анжи хэмээн хашгирцгаана. Тэр мөчид ялагдана гэсэн бодол төрөөгүй байх.
Гэхдээ онолын хувьд тэд ялалт байгуулсан.
Герман даяар сонгуулийн тойргууд 18 цагт хаалгаа барьж 19 цаг гэхэд урьдчилсан дүн гарч эхлэхэд Бундестагт суудал авсан гол намуудын тэргүүн нар мэдэгдэл хийсэн. Ангела Меркел намын тэргүүний хувьд тайзан дээр гарч ирэхэд сэтгэл маш гонсгор байгаа нь илт. Тэр Бид парламентад хамгийн олон суудал авсан тул Засгийн газраа байгуулна гэж мэдэгдэв. Түүнийг дэмжих намынх нь нөхдийн алга ташилт хүртэл нэг л итгэл муутай сонсогдов. Зүүн Германаас гаралтай, асар богино хугацаанд намдаа нөлөө бүхий болсон энэ эмэгтэй Засгийн эрхийг барихын тулд эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ сонгогчдодоо амлаж байлаа.
Харин Социал-Демократ намын тэргүүн Герхард Шредер Хамбург, Берлин хотод үг хэлж байхыг хэдхэн алхмын зайнаас харсан бөгөөд өөртөө ер бусын их итгэлтэй харагдав. Сонгуулийн дараа ч тэрээр сэтгэл хангалуун, байнга инээмсэглэн Ард түмэн бидэнд тогтвортой Засгийн газрыг тэргүүлэх эрх өгсөн гэдгийг би мэдэрч байна. Герман жинхэнэ ардчилсан улс гэдгээ харууллаа хэмээн бараг л хашгирч байв. Гол хоёр намын тэргүүний мэдэгдлийн дараа германчууд үйл явдал цааш хэрхэн өрнөж, хөрөнгийн бирж дэх үнэт цаасных нь ханш яахыг мэдэхгүй байна хэмээн дуу алдаж суув.
Бундестагт хүчтэй нөлөө бүхий олонхи байх ёстой гэж үзсэний үндсэн дээр Германы Ерөнхийлөгч ээлжит бус сонгуулийг зарласан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Уг нь Германд ирэх жил Бундестагийн сонгууль болох ёстой байв. Гэвч энэ нь тус улсад болох дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй давхцах тул дэндүү хүнд ачаа болно хэмээн гадаадын зарим сэтгүүлчид хошигнон ярьж байсан юм.
Дрезден дэх тойргоос парламентэд шууд сонгогдсон нэгэн гишүүн сонгуулийн өмнөхөн гэнэт таалал төгссөн тул тэнд хоёр долоо хоногийн дараа сонгууль явуулах шийдвэр гарсан. Гэхдээ энэ нь эцсийн дүнд төдийлөн нөлөөлөхгүй. Учир нь Германд нийт 62 сая хүн саналаа өгдгөөс Дрезденд ердөө 212 мянган буюу 0.4 хувь нь байдаг.
Энэ удаагийн сонгуульд хамгийн их амжилттай оролцсон нь Чөлөөт Ардчилсан нам. Сонгогчдын 9.8 хувь тэднийг дэмжиж, авсан саналынхаа тоогоор гуравдугаарт орсон. Хэн нь хэнтэй эвсэл болж Засгийн газраа байгуулах вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж буй энэ үед тус намын тэргүүн Г.Вестервелле хүчтэй сөрөг хүчин байхын тулд хэнтэй ч эвсэхгүй гэдгээ сонгууль болсон өдрийн орой мэдэгдсэн билээ. Энэ нь Германы улс төрийн нөхцөл байдлыг улам төвөгтэй болоход багагүй нөлөөлсөн гэж хэлж болно.
Сонгууль болсон оройноос парламентад суудал авсан намууд зөвшилцөж эхэлсэн боловч одоо болтол дорвитой үр дүнд хүрээгүй л байна. Авсан саналынхаа тоогоор дөрөвдүгээрт орсон Зүүний намтай яасан ч эвсэл болохгүй гэдгээ Г.Шредер, А.Меркел нар шууд онцолж байв. Энэ нь коммунист үзлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүйн илрэл байлаа. Дашрамд дурьдахад энэ удаагийн сонгуульд зүүний намууд чамгүй дэмжлэг авсан билээ. Ихэвчлэн Зүүн Германы сонгогчид саналаа өгсөн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Социал-Демократ, Христосын Ардчилсан нам хоёр эвсэл байгуулбал хамгийн хүчтэй, том эвсэл болох юм. Ингэсэн тохиолдолд А.Меркел хамгийн олон санал авсан намын тэргүүний хувьд Засгийн газрыг тэргүүлж канцлер болно. Гэхдээ энэ нь биеэ даасан шийдвэр гаргаж чадахгүй, Социал-Демократ намаас хамаарсан маш сул Засгийн газар байх болно. Ингэсэн тохиолдолд А.Меркел засгийн эрхэнд хоёроос илүү жил тогтохгүй гэж ч зарим шинжээчид бичиж байна. Энэ бүхнээс үзэхэд Монголд болсон хамгийн сүүлийн сонгуулийн дараах байдлыг өөрийн эрхгүй санагдуулна. Хэрвээ Христосын Ардчилсан нам аль нэгэн намтай тохиролцож эвсэл байгуулж чадахгүй бол Анжела Меркел намын тэргүүнээс огцрохоос өөр аргагүй болно. Германы канцлер асан Хельмут Колийн дэмжлэгээр гарч ирсэн түүний хувьд улс төрийн карьер нь дууслаа гэсэн үг.
Сонгуулийг гэнэт зарласан шиг үр дүн нь ч германчуудын гайхлыг төрүүлсэн. Тиймээс ч маргааш нь намууд бус бие даасан судалгааны төвүүдийн тэргүүнүүд хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм.
Сонгууль болохоос долоо хоногийн өмнө сонгогчдын 40 хувь нь аль намын төлөө саналаа өгөхөө мэдэхгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон билээ. Эвсэл байгуулах нь гарцаагүй тухай шинжээчид сарын өмнөөс ярьсан. Харин ямар эвсэл байгуулах тухай янз бүрийн таамаглал дэвшүүлж байв. Энэ асуултын хариу одоо болтол тодорхойгүй л байна. Байдал ийнхүү үргэлжлэх юм бол Германы Ерөнхийлөгч дахин сонгууль явуулах тухай шийдвэр гаргахаас өөр аргагүй болно. Ийнхүү тус улсын түүхэнд нэгэн сонин сонгууль болж өнгөрлөө.
Ю.ДЭЛГЭРМАА
Берлин-Улаанбаатар
(өдрийн сонин 2005-09-26 231)