Шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж үзэв

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаан 2005 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2005 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоолтой, Сонгуулийн Ерөнхий хорооны 2004 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 42 дугаар тогтоолыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн хорооны 2004 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 24/01 дүгээр тогтоолыг үндэслэн З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, нийтэд мэдээлэхийг СЕХ-нд даалгаж өгнө үү гэсэн иргэн З.Энхболдын нэхэмжлэлтэй, СЕХ-нд холбогдох захиргааны хэргийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат танилцаж хянав.
Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаар З.Энхболдын нэхэмжлэлтэй, СЕХ-нд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч З.Энхболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, Т.Мэндсайхан, хариуцагч СЕХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сүхбаатар, гуравдагч этгээд Д.Сугар, түүний өмгөөлөгч Д.Зоригт, МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгор, Б.Ганбаатар, өмгөөлөгч Ж.Наранцацрал нарыг биечлэн оролцуулж, мэтгэлцэх зарчмыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсгийн хороонд 2004 оны зургадугаар сарын 27-ны өдөр явагдсан санал авалт нь 22 цагаас хойш үргэлжилсэн, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх ёсгүй хүмүүсийн саналыг авсан, мөн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг дутуу гаргасан, саналын хуудас дууссан гэдэг шалтгаар зарим сонгогчийн саналыг аваагүй тухай сонгогч, нэр дэвшигчээс гаргасан гомдол нь хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд батлагдаагүйн гадна зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад гарсан зарим зөрчил нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн буюу нэр дэвшигчдийн авсан саналынх нь тоогоор жагсаасан дарааллыг өөрчлөхөд хүргээгүй байна. Шүүх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зүйл, хэсгийн заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэсэн үндэслэлүүдээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2004 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2005 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2005 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гарган, уг хэргийг Улсын Дээд шүүхийн хуралдаанд хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, зохих хариуг гомдол гаргагчид өглөө.
Сонгуулийн ерөнхий хороо нь шүүхийн шийдвэрүүдийг холбогдох хуулийн заалтын дагуу биелүүлэх учиртай гэж Дээд шүүхийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
(өдрийн сонин 2005-09-27 232)