МАХН -ыг нозоорлоос сэргээх нийгмийн дуудлага цангинаж байна

Манай намын төдийгүй Монголын нийгмийн хувьд улстөрийн томоохон үйл явдал тохиосон. Тохиолгоод элээх үү, тодорхой орчинг бий болгож, ардчилсан орчлыг эргэлтэд оруулах уу.
Хэдий болтол ял сонсох вэ
МАХН эдүгээ хүртэлхи замналдаа ёстой хал үзэж хашир суусан улстөрийн байгууллага. Манай нам шиг ийм баялаг түүхтэй, гол нь түүхтэйгээ хамт музейн үзмэрт очоогүй нам дэлхийд ч ховор. Yүгээрээ том үсгээр бичвэл хүн төрөлхтний хувьд ч монголчууд ийм гайхалтай ард түмэн гэх үнэлгээг талибуулдаг. МАХН Монголынхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцэж, зорилгоо хэрэгжүүлсэн. Тоталитар, авторитар системийн үед ч үйл ажиллагаа явуулж байв. Соёл иргэншилт хөгжлийн үед ч улс орныхоо мандал дэвшлийн тулгуур хүчин хэвээр байна. Тухайн үедээ тосон золгох нийгмийнхээ дэвшилтэт үр хөврөлийг угтан дэлгэрүүлж байсанд түүний амьдрах чадвар оршино.
Эзэн Чингисээс хойш монголчууд зохион байгуулалтын нягт нэгдмэл хэлбэрийг МАХН-ын биет илрэлээр анх олсон. Yүнийхээ үрээр Монгол Улсаа авч үлдсэн билээ. Ухаалаг ард түмэн түүхээ нулимдаггүй, муучилдаггүй. Түүхээсээ гагцхүү сургамж л авдаг. Олон ургальч үзэл дэлгэрсэн одоо үед ч энэ үнэнийг булшлахгүй.
МАХН-д орших, эс оршихын ирмэгт дэнслэгдсэн үе бас саяхан байсан юм шүү. Нийгэм тэр чигээрээ хөдөлгөөнд орж буруутан хайж байсан. МАХН-ыг ч онилсон. Нам ухаантай, уян хатан байсан. Тэсвэр хатуужил, хат заасан. Өөрөө өөртэйгээ зангарагтай ажилласан. Yзэл баримтлалын эрэл хайгуул хийсэн. Сүүлийн 15 жилийн дотор Нагаржунайн онол, үндэсний ардчилсан үзэл санаа, ардчилсан социалист үзэл гээд онолын олон урсгалыг туршин туулсан. Зохион байгуулалт, үйл ажиллагааны парламентат төрхийг төлөвшүүлсэн. Энэ бол улстөрийн амьд байгууллагын мөр, замнал, эдүгээ юм. Одоо эргэн дүгнэхэд манай нам хэт улстөржсөн, үзэлсурталжсан гэхээсээ гишүүд нь ерөөс байгалиас заяасан хувь шинж төрхөөрөө асуудалд ханддаг байсан. Нам дотроо хатуу байр суурьтай-аядуу, хуучинсаг-шинэлэг гэх зэрэг нь сэтгэлзүйчдийн тодорхойлдог нөгөө мелинхолик, сангвиник, холерик, флегматик ааш авирын илэрхийлэл байсан биз. Гэтэл хуучинсгийн бэлгэ тэмдэг мэт яллуулах ялаас хэдийд ангижрах вэ. Энэ нь намын гишүүд хэрхэн орчинлиг байна вэ гэдгээс үүдэлтэй.
Сорилт, бүүр түүхэн сорилт бүхнийг ялгуусан давж чадчихаад хэдий болтол хойрго, хөшүүн хүч гэж хэлэгдэх вэ. Одоо бүр улстөрийн байгууллагад байж боломгүй гэмт хэргийн ертөнцийн гэм зэмээр авилгач, өөр юу юу гэнэ вэ хэлэгдэх нь. Нам нэр төрөө цэвэр ариун байлгахын төлөө ажилладаг. Хүн нэрээ, тогос сүүлээ гэдэгтэй агаар нэг. Энэ бол түүний оршин тогтнох нэг үндэс. Сайн сайхнаа хослуулсан шинэ имиджийн эзэн байх ёстой бид. МАХН гишүүнээ, иргэнээ гэсэн иргэнлиг нийгмийн иргэнлэг имиджийн эзэн байх учиртай. Тэгсэн цагт бүх нийгмийн хүндэтгэлийг олно. Улстөрийн байгууллага иргэнлиг төлөв рүү орно. Ангич байр сууриас, түүний үр хөврөлөөс бүрмөсөн ангижирна.
Ардчилал ба МАХН
МАХН хямралд орсон уу? Бүр системийн хямралд орсон ч гэх. Тэгж бодохгүй байна. Хэдий тийм ч намын ардчилсан ололтууд маань баллуурагдах гээд байгаа бус уу. МАХН өөрөө оршин тогтнох баганаа босгосон. Энэ орчилд улстөрийн байр сууриа дархалсан. Гэвч энэ бүхэн өөрийн эрч хүч, энергээр өрнөж байна уу, инерцээр явж байна уу гэдгийг олж харах хэрэгтэй. Энэ бол асуудлын асуудал. Хоёр дахь гаргалгаа нь үнэнд илүү дөхөж очно. Тэгвэл гутрангуй үзэл, сөргөлдөөнд ташуур өгөөд л, өөдрөг үзэл нь онгиргондоо дөрөөлөгдөөд л, мэтгэлцээн нь сөргөлдөөндөө сөхрөөд л, бүтээлч чадавхи нь үгүйсгэлдээ идэгдээд л намагт шигдсэн мэт төрхөөс сална. МАХН шүүмжлэл даахгүй, гишүүд нь үзэл бодлоо итгэлтэй илэрхийлж чадахгүй байгаа нь ардчилал гудайрсны шинж. Угаасан устай нь хүүхдээ хамт цацах гэгчээр МАХН-ыг муу муухайн уут болгох гэж цээжээ дэлдэгчдэд хэмлэгдээд хэрэггүй.
Амьдралын нугачааг даван туулахдаа нам өөрөө шинэ имиджийг тээсээр ирсэн. Эдүгээ хөгжил дэвшлийн түрлэг түрэхэд намд шинэ имидж ус агаар мэт шаардлагатай байна. Нам шинэ имиджээ бүрэлдүүлснээр улстөрийн үйл ажиллагааны шинэ орон зайг бий болгоно. Шинэ имидж маань намын амьдралын баялаг эрчлээнд намыг чамбайруулна. Энэ торгон мөчид тулж ирлээ.
Сонгууль ба МАХН
Улстөрийн ардчиллын дээд хэлбэр аргагүй сонгууль юм аа. Гэтэл нам дотроо сонгууль явуулахдаа гаж зуршилд идэгдэх нь. Сонгууль нэг нэгнээ бараг үзэн ядаж улстөрийн тавцангаас зайлуулах тийм л хэмжээнд сэтгэдэг, үйл ажиллагаа явуулдаг механизм болж. Хэн нэгэн эсэргүү үзэлтэн, эсвэл цөөнхи гэгдэх байр суурийг чин шударгаар сонсоод хэлэлцээд явдаг ердийн ардчиллын хэм хэмжээ алдагдаж, ерөөс хэсэг бүлэглэл болсон хар сүрэг тулалдах мэт авирлах болов.
Ялсан, ялагдсан аль аль нь нэг л их шарх авсан эрэмдэгүүд. Тэр нь анихгүй байсаар намыг хагарсан шаазан шиг бутлах аюул бий. Намын эв нэгдлийг өөрийнх нь ухагдахуунаар улстөрийн соёлын гольдригт оруулах зайлшгүй шаардлага бий болж. Намын эв нэгдлийг өөрөөр тордох зорилготой тулгарлаа. Улстөрийн соёлыг дээдлэх тэр цэгт хэзээ, хэн аваачих вэ. Yүнд бид бэлэн үү. Чин хүсэл зориг ихийг шийдвэрлэнэ. МАХН дотооддоо зөвшилцлийн арга ухаан, түүнийг сахин хэрэгжүүлэх босгод бүдрэх учиргүй. Эв нэгдэл бол та, бид. Бид хэр ёс зүйтэй байна, хүн чанартай байна, мэдлэг боловсролтой байна эв нэгдэл, ардчилал тийм л байх болно.
Зарим гишүүд нам дотроо учраа олохоос өмнө гадна талдаа дэмжлэг хүсдэг. Бүр сүжирдэг. Бусдын хатгаасанд автдаг. Энд нам дүгнэлт хийх учиртай.
Ёс зүй ба МАХН
Намын гишүүдийн бие авч явах соёл гэж байна. Ёс зүй, улстөрийн соёлыг уландаа гишгэсэн үйлдэл нь бүхэл бүтэн үзэгдлийн байдлаар нүүрлэлээ. Би л гэх томорхол, бие тоолтонд нам шарвуулав. Би л гээд бусдынхаа хийж бүтээснийг хуншгүй үгүйсгэж, эрвэж дэрвэх урмыг нь хугална. Энэ өвчин ихэвчлэн жолоогүй хамраа сөхсөн удирдлагын хүрээлэл, тэндээс өөгшил хүртсэн дунд шатныхны хийрхэл болж. Энэ гажигт идэгдсэний гай лаг бол дүр эсгэгчид олширсон явдал. Тэд том улстөрч болж харагдана. Чадвар чансаатай, мэдлэг боловсролтой, боловсон, ажил хэрэгч болж жүжиглэнэ. Хүнлэг, нигүүлсэнгүй, жудагтай болж аяглана. Суудалд шийдэх, сандлаас зууралдахыг биеэр үлгэрлэнэ. Ёс зүйг балчир жаалын сэтгэлийн нялхрал, эсвэл түрэмгий увайгүй авиртай хутгана. Улстөрийн соёлыг зааг хязгаарыг давж болохгүй дураар авирлах хэм хэмжээнд аваачна. Бидний ажлын том доголдол энд байгаа бус уу.
Мөнгө ба МАХН
Зах зээлийн нөхцөлд улстөрийн байгууллага менежментээ хэрхэн хийх аргачлалыг боловсруулах шаардлагатай байна. Улстөрийн ажлыг аж ахуй хөтлөлтийн барьцаанд оруулах, түүний дайвар болгох аюул байдаг. Улстөрийг мөнгөний нүдээр харж, ойлгох гаж түрэлтийг зогсоох нь өөрөө улстөрийн том ажил болж байна. Энд бизнесменүүдийн буруу гэж үгүй. Мөнгө, санхүүгийн чадамжтай хүмүүс намын үзэл бодолд үнэнч байхын жишээ үзүүлсээр байна. Гэвч зүүний нялхсын өвчнөөс салаагүй зарим нь улстөр, бизнесийн харилцааг буруугаар ашиглах үйлдэл гаргадаг. Улстөр, мөнгө хоёрын шүтэн барилдлагыг зөв хослуулах үнэнтэй тулгарлаа. Улстөрийн ажлыг мөнгөний утаар өнгийж албан тушаалд очих хөшүүрэг мэт тулгадаг ойлголтод идэгдмээргүй байна. Улстөрийн ажил нь гагц эрх мэдэл, мөнгөний хүчирхийллээр тэсч амилахгүй гэдгийг ухамсарлах цаг хэдийн өнгөрсөн. Улстөрийн ажилд улстөрийн байгууллагын эрх ашиг зонхилох зарчмыг нэг мөр баримтлах учиртай. Түүнээс намын албан тушаалаар далайлгах, мундаглах, түүнийг арилжааны хэрэгсэл болгох явдал намын нэр хүндэд түмэн хортой. Тэсрэх бөмбөг тээж яваатай адил болно. Тэгээд ч энэ нь үл итгэлцэл, хардалт, атаархлын хар энергийг бүрэлдүүлж байна. Намын хүч чадлыг сулруулж байна. Иерархи хэлбэрээр шат шатны дур зоргын авир, эзэрхлийг төрүүлж байна. Нийгмийн сэтгэл зүйд мөнгө л бүхнийг шийдвэрлэнэ гэдэг ухагдахууныг суулгахын төлөө улстөрийн байгууллага явдаггүй гэдгийг чанд сахья.
Хэвлэл ба МАХН
Yнэн сонин 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд төрсөн түүхтэй. Монгол ардын нам болон хувьсгалаас ч ах хэвлэл. Энэ нь Yнэн сонин оюун санааны түүчээ байж шинэ нийгмийг цогцлоогч ариун үйлсийн эзэн цаг ямагт байсан гэсэн үг. Намын төв хэвлэл 85 жилийг зооглож буй энэ үед түүний хувь төөргийн тухайд багагүй зүйл тэрлэгдэнэ биз. Намын үзэл суртлын зэвсгийн хувьд, сэтгүүл зүйн талбарт ажиллаж буйн хувьд Yнэн сонинд өнөө цагт хийж гүйцэтгэх шинэ зорилт байна. Энэхүү зорилтыг тодорхойлж, гүйцэлдүүлэх нь намын болон нийгмийн өмнө хүлээсэн бидний үүрэг. Yнэн сонин иргэний нийгмийн иргэнлиг сонин байхыг чухалчилж байна. Энэ нь намын гишүүд төдийгүй Монголын олон нийтийн сонин байхыг хэлж байна. 15 жилийн тэртээ Yнэн сонин Монголын нийгмийг цочроож, өөрчлөлт шинэчлэлийг манлайлан оролцсон бол одоо намаа шинэ имиджийн эзэн болгоход зориг шулуудан орлоо. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Yнэн сонин нүүр царайгаа өнгө засахаас аваад нийтлэлийн бодлогодоо эрс эргэлт гаргана. Анхны гараа болгож МАХН-ыг нозоорлоос сэргээх нийгмийн дуудлага цангинаж байна гэсэн өгүүллээр редакцийн байр сууриа илэрхийлэв. Долоо хоног тутмын чөлөөт сонин Бодлын солбицол-ыг ирэх дөрөвдүгээр улиралд захиалагчиддаа үнэгүй түгээх алхам хийж байна. Гишүүд, олон нийтийн талархал илэрхий. Дэмжиж урам хайрлаж байна. Нэгэнт намаа нозоорлоос сэргээж, хөдөлгөөнд оруулж, намын хамт олонтойгоо шинэ түрлэгийн эзэд байх цөн түрсний хариуд бид наанадаж сонины захиалгыг нэмэгдүүлэх ажлыг нийт намын үйлс болгож, үр дүнд хүргэхийг намаасаа хүсэмжлэх эрхтэй. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг дээ. Одоо хэвлэлийн захиалга улс орон даяар ид явагдаж байна. Зуун мянгыг хол давсан гишүүдтэй бил үү, манай нам?! Наад зах нь намын улстөрийн албан тушаалтан бүр сониноо захиалбал ямар вэ. Гишүүдээ захиалуулахад намын үүр, хороод олон хэлбэрийн ажлыг зохиож болно доо. Ерөөс намын байгууллагын ажлын нэг үзүүлэлтийг намын төв хэвлэлээ хэрхэн захиалуулснаар дүгнэдэг зарчмыг жинхэнэ ажил болгомоор!!!
Yнэн сониныг хэн түлхүү захиалдаг вэ гэсэн чинь улстөрийн сөрөг хүчнийхэн хэмээх яриа гарч. Тэр үнэн бололтой. Өөрийнхөө сониныг өөрсдөө тойлвол намдаа ч тустай бус уу. Сонины захиалга хэдэн сэтгүүлчдийнх нь толгойны өвчин бус намынх ч байх учиртай. Нам ба түүний төв хэвлэлийн тухайд бид дэлгэрэнгүй өгүүлэх болно. Бид өөрсдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж байна. Чадахаасаа чадахгүйн түмэн зовлонг амсч байна. Сайжруулах арга замыг ч эрэлхийлж байна. Намын ажил сулрах нь хэвлэлдээ хэрхэн хандахаас багагүй хамаардгийг аль аль талдаа анхаарч ажиллая. Намынхаа, гишүүдийнхээ, цаашлаад аль ч захиалагчдын итгэлийг алдахгүйн тулд бид хүчин зүтгэнэ. Сонины захиалга улам арвижих болтугай.
* * * * * *
МАХН-ардчилсан улстөрийн байгууллага. Амьдрал бол хөдөлгөөн. Бид хүрсэн амжилтандаа санаа амирлангуй байх эрхгүй. Эдүгээ нийгмийн амьдрал, намын өөрийнх нь хөгжил шинэ төлөв байдалд шинэ эрч хүч, түрлэгийг шаардаж байна. Нам хөгжлийнхөө нэгэн үе шатыг давлаа. Бүх асуудлыг нэг өгүүллээр хөндөж барахгүй. Намын гишүүдийн мэргэн ухаан оломгүй далай билээ. Намд буй муу хорлолыг гаргаж, дэлгэж тавьснаар тэрбээр улам цэвэршинэ, хүчирхэгжинэ. Улстөрийн байгууллагын хувьд заслыг олоход харин амар, дөхөмтэй байдаг. Ийм хөшүүрэг, гарцаа бид олж, ажиллуулж чадна. Шүүмжлэхийн тулд л шүүмжлэлийг өрнүүлээгүй. Ажлаа, үйлсээ цэгнүүлж, чанарын өөр түвшинд гарах хэрэгцээ байна. Yүнийг гүйцэлдүүлж үл чадваас МАХН эерэг, үлгэр жишээч хүчин болж чадахгүй.
Энэхүү өгүүлэлд өгүүлсэн шүүмжлэлт санаа бодлыг дэнслэн авах, гээхийн ухааныг уралдуулан нам дотроо сайн засаглал-ыг тогтоосноор намын гишүүд болон олон түмний итгэлийг улам хүлээх болно. Гэгээлэг орчинд амьдрах болно. МАХН улстөрийн удирдлага, шинэчлэлийг чадварлаг явуулж чадна. Нийгмийг эрүүл саруул байлгах нь түүнд тодорхойлогч үүрэг гүйцэтгэгч МАХН-аас шууд хамааралтайг нэг секунд ч огоорч болохгүй.
/Yнэн сонин/