Шүгэл тас, загас год

Өрөөнд хэн ч алга. Гагцхүү тэр ая Билгүүн хүүгийн аквариум дахь найзад зориулагдсан юмсанж. Уншигч та загас хөгжим сонсдог гэхээр гайхаж байна уу. Үнэнийг хэлэхэд, би ч гэсэн эхэндээ үнэмшээгүй. Тэгвэл байна шүү, загас чинь сармагчин шиг хэрэгт дурлан далбилзуулах чихгүй ч тэдэнд дотоод сонсгол гэж нэг юм заяаж. Бараг чих гэж ойлгож болох юм билээ. Тэрхүү дотоод сонсгол буюу чих нь нүднийх нь ар талд жижиг чулуулгуудтай мөгөөрсөн хүүдий аж. Тэдгээр чулуулаг нь дууны долгионы цохилтоос хэлбэлзэн дохиог мэдрэлээр дамжуулан тархинд хүргэдэг гэнэ. Тэгэхээр сонсдог чихтэй л юм чинь яагаад хөгжим сонсч болохгүй гэж. Нөгөө орж ирэхэд эгшиглэж байсан хийлийн аялгуунд бүжиглэх мэт цээжнийхээ хөвүүрийг хурдан хурдан чичигнүүлэхийн хамт дээш доош хөвж байсан шүү. Тэр ч бүү хэл, эзэн нь өнөө муу алтан загасанд чинь тушаал буулгаж цагирган дотуур хөвүүлээд зогсохгүй аквариум дотроо годройтуулж сургасан байлаа. Энэ бүхэн шүглийн дуунаар гээд төсөөл дөө. Харамсалтай нь хүү загасаа хэрхэн сургаснаа нууц гээд хэлээгүй гэдгийг энд онцлох байна. Танд л гэж хэлэхэд, ходоодтой нь ярьсан юм билээ л дээ. Алтан загастай аквариумын усан дээр жижигхэн хавтгай мод тавиад, түүн дээрээ шоргоолжны өндгийг овоолоод нэг захаас нь доош нарийн утас унжуулана. Хүүхэд шиг хааяа дэггүйтэх дуртай загасхан утасны үзүүрээс татаадахтал хавтгай мод хазайж дээр нь овоолсон зууш аквариумаар нэг тархаж харин ч нэг дураараа наргиж гарч. Ийнхүү алтан загас гуай ухаан зарж хөдөлмөрлөвөл элбэг дэлбэг сайхан амьдарч болдгийг мэдэрсэн юм байх. Мэдээжийн хэрэг энэ бүхэн эзний ур чадвар, мэрийлтээс, уйгагүй хөдөлмөрөөс ихээхэн хамаарах буй за. Эцэст нь хэлэхэд, загас аюулын тухай бие биедээ дохио өгч чанга чанга дуугаран дайснаа үргээх мөртөө нийлүүлгийнхээ үед хачин этгээд авиа гарган ярилцдаг байна. Тэгэхээр энэ нь нөгөө загас лугаа адил амаа хамхиж яв гэх зүйр үг өрөөсгөл мэт. Харин тэдэнд аньсага байхгүй учраас нүдээ аньж чаддаггүй болой. Загасны дэлгүүрүүдийн байнгын зочин бол алгана хэмээх загас аж. Тэрбээр 350 мянган амьд жараахай төрүүлнэ. Загасны насыг хайрсаар нь эсвэл ясны хөндлөн огтлоосон дээрх жилийн цагариглаар мэдэж болдог юм байх. Мөн сүүлгүй загас гэж байдаггүй байна. Сүүл нь загасыг урагш хөдлөхөд нь жолоо адил тусалж өгнө. Сүүлийн үед зохиомлоор буй болгосон алтан загаснууд хоёр салаа сүүлтэй болж гангарчээ. Хүүхдүүд та нарт захихад гэртээ аквариумд загас тэжээхдээ гэрэлтүүлэг усны дулааны хэмийг нэгэн түвшинд байлгахаас гадна загасанд хоолны хэмжээний тун тогтмтол байх ёстой гэдгийг анхаараарай.
ЗАГАС Ч БАС ӨНГӨ ЯЛГАДАГ
Загас чинь нохойн гөлөг лугаа адил эзэндээ эрхэлж энэ тэр болдоггүй болохоор тэгтлээ сонирхоод байдаггүй. Тэгэхээр загас эзнээ танина гэдэг юу л бол хэмээн бодогдож болох л доо. Нээрэн таньж буй эсэхийг нь яаж ч мэдэх юм билээ. Шуудхан хэлэхэд, өнгө сайн ялгадгийг нь л анзаарсан хэрэг. Яг үнэндээ загас чинь төрөхөөсөө л өнгө ялгадаг гэнэ. Бүр хүнтэй адил гэсэн шүү. Тиймээс тодорхой өнгөний дохиогоор хоолондоо ирдэг болгож сургана гэсэн үг. Өнгө ялгаж сурсан загасны аквариумд тодорхой өнгө бүхий саванд хоол өгөөд байвал тэрбээр зөвхөн өнөөх л өнгөтэй савнаасаа хооллож сурдаг байна. Өөр өнгө бүхий савтай хоол өгөхөд тэрбээр идэхгүй байсан мөртөө өөрийн үндсэн өнгийг үзмэгц баярлах мэт хөдөлгөөн нь эгшин зуур түргэсч байжээ. Бүр цаашилбал эзнийхээ гараас хооллож ч сурдаг гэсэн шүү. Хатаасан өт бол тэдний хувьд хааны хишиг лугаа аж. Дашрамд дурдахад, алгана, мөрөг, алтан загас л бусдаасаа илүү юм сурдаг гэнэ. Хамгийн гол нь аквариум чинь том чөлөөтэйн дээр ус нь маш цэнгэг байх ёстой гэдгийг мартаж болохгүй шүү.
ЭРХ ЖАРАМГАЙ
Сүүлийн үед өмнөд хөршөөс олноороо орж ирж буй зээрэнцэг шиг дуугариг биетэй, хавтгай симфизодон хэмээх загас нь эр эмээрээ хослон бүхий л насаа өнгөрүүлдэг байна. Тэд зөвхөн нэгэн гэрт толгой холбоод зогсохгүй үр удмаа хүмүүжүүлэх асуудал дээр ч хамтын шийдвэр гаргадаг юм байх. Ингэж бие биедээ үнэнч байх явдал лусынхны төрөлд бараг байдаггүй гэсэн шүү.
Хөл хүнд хатагтай симфизодон тийм ч олон биш 200-800 ширхэг түрсийг усны доорх ургамалд цацаж орхисноор тэд эх эцэг болцгооно. Өндөгнөөс хоёр хоногийн дараа үнэн арчаагүй авгалдай мэндлэх бөлгөө. Тэр үед баяр хөөрт автсан залуу эцэг эх хоёр нүдэндээ аятайхан харагдсан навч энэ тэрийг зөөж, нямбай гэгч цэвэрлээд түүн дээрээ нөгөө муу авгалдай аятай юм аа амаараа зөөлхөн нь аргагүй тавиад зуун явсаар ургамалд бэхэлж орхино. Дашрамд хэлэхэд, авгалдайн толгойноос цавуурхаг бодис ялгарах агаад түүгээрээ ургамалд бэхлэгдэнэ гэсэн үг. Ийн бэхлэгдсэн авгалдай бие гүйцэж жарамхай болтлоо эцэг эхээрээ асруулсан шигээ жаргадаг байна. Бараг л гардаж тэжээнэ дээ. Гэхдээ гараараа биш шүү дээ, арьсаараа. Түрс шахсанаас хойш үйлтэй төрсөн эцэг эхийн хоёулангийнх нь бие хөвсийж харлах бөгөөд тэндээс нь сүү аятай цайвар шаргал салс ялгарна. Үүнийг загасны сүү хэмээн нэрийдэх агаад тэрхүү салс нь сүү, тос хоёрын завсар аж. Өлссөн жарамгай эцэг эх рүүгээ сэлж ирээд хоёр талаас нь сордог байна. Гэхдээ эцэг эх хоёр нь ээлжлэн хөхүүлдэг юм байх. Зарим тохиолдолд эцэг эх хоёр нь жарамгайнуудаа тус тусдаа өмчилж авах нь бий.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
(өдрийн сонин 2005-09-27 232)