Өлзий хутгийн найман тэмдэг

Шүхэр.
Шүхэр нь нар борооноос халхлан, халуунаас хамгаалж чаддагийг үлгэрлэн амьтаны нисваанисын халууны энэлэлийг арилгаж үйлдэхийг бэлгэдсэн.
Алтан загас.
Бие нь алтны өнгө мэт гэрэл цацарсан загасыг алтан загас хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь нуур цөөрмийн чимэг болдогчлон эд эдлэл муудахын гэмийг арилгаж үйлдэхийг бэлгэдсэн.
Хумх.
Хумх нь шид бүтээл бүхий хүү сан хэмээх алдаршсанчилан эрдэм нь шимээр асар баялаг ба тийн цагаан буяны суурь болохыг бэлгэдсэн.
Лянхуа.
Лянхуа нь шавраас гардаг ч шаварын хирээр буртаглагдаагүй өөрийн өнгөөрөө тодорч байдагчлан орчлонд оршсон ч орчлонд шуналгүйгээр үйл нисваанисыг огоот тэвчихийг бэлгэдсэн.
Лавай.
Баруун тийш эргэсэн цагаан лавай нь тасралтгүй таван лавайн төрлийг авсаныг нэрлэдэг бөгөөд түүний дуу нь өлзий хутгийн яруу эгшиг лугаа төгс төгөлдөр байдаг тул яруу дээдийн номын дуу дуурсгадаг Эсэрваны эгшигийг бэлгэдсэн.
Өлзий утас.
Өлзий утас нь хувирашгүй бат сүлжээсэн хээ бөгөөд энд эрдэмийг машид төгсгөсөн ба таван бэлэг билгийн цол лугаа төгссөнийг бэлгэдсэн.
Ялгуусан тэмдэг.
Ялгуусан тэмдэг нь дайсан тотгорын тэмцэлээс машид ялгуусаны гэрч тэмдэгийг бэлгэддэг мэт гинари шимнус тэргүүтнийг ялж лагшин найргийн эрдэм огоот төгссөнийг бэлгэдсэн.
Хүрд.
Хүрд нь Чакравардын хааны хүрд бөгөөд орон бусдаас бусдад зэрэгчлэн эргэж оддог ба найман хигээсээрээ өөрийн үл зохилдох зүг бүхнийг таслаад, ялан дийлдэг мэтчилэн энэхүү хүрд нь номын хүрдэн бөгөөд тэр нь өгүүлэгдэхүүн 3 аймаг сав ба өгүүлэхүүн 3 сургаалийг номхотгохуун шавын сэтгэлд юүлэн үйлдэхийг бэлгэдсэн. Мөн бурхан бодисадва нарын бие лагшинд холбогдуулан найруулсан бэлгэдэл ч байдаг нь тэргүүний бэлгэдэл өлзий хутгийн тэмдэгт шүхэр лагшин ялгуусан тэмдэг, зарилагт баруун эргэсэн номын цагаан лавай, таалалд өлзий утас, мэлмийд эрднийн алтан загас, хэлэнд лянхуа, хүзүүнд эрдэний хумх, мутарт чанадмана, өлмий бойвгид өлзий хутгийн тэмдэгт хүрд зэрэг бэлгэдэл байдаг.
Дашзэгвэ /өлзий хутуг давхарласан/ хэмээх судраас
Намо! Тэргүүнд өлзий хутгийн шүхэр мэт авар
Лагшинд өлзий хутгийн үл балрах дээдийн ялгуусан тэмдэг,
Зарлигт өлзий хутгийн баруунаа эргэсэн номын лавай,
Таалалд өлзий хутгийн тодорхой өлзий хутуг,
Мэлмийд өлзий хутгийн эрдэнийн алтан загас,
Хэлэнд өлзий хутгийн дэлбээгээ дэлгэсэн лянхуа,
Хүзүүнд өлзий хутгийн эрдэнэт хумх,
Мутарт өлзий хутгийн эрдэмт дээд чанадмани,
Өлмийд өлзий хутгийн мөрд зорчих таван хүрд,
Өлзий хутгийн найман эд, дээд шид бүтээлийн эрдэм
Өлөг гурван дээд эдийн өлзий хутуг алин мөн
Өнөөдөр энд бид нарт өлзий хутуг буугтун!
Өлзий хутуг тэр үргэлжид сайн амгалан болтугай хэмээн зарлиглажээ.