Сэтгэл

Сэтгэл нь тэнгисээс эрэг дээр гаргасан загас адил хөрвөн чичирч, салхи мэт байнга дэрвэлзэж, хамхуул адил хаа хамаагүй өнхөрдөг. Сэтгэл нь үймрүү бөгөөд бултамхай. Иймээс аливаа хорон муу зүйлд хялбархан идэгдэнэ. Сэтгэл нь огторгуй адил хэлбр дүрсгүй, баригдах барьцгүй, харагдах бараагүй бөгөөд өөрийн дур зоргоор үүгээр түүгээр хэсүүчлэн байнга хөдөлгөөнд орших тул түүнийг барьж номхотгох нь маш чухал. Сэтгэлээ барих нь үнэхээр гайхамшиг бөгөөд баригдсан сэтгэл үнэнхүү баясгалан авчирна.
Сэтгэл нь хөнгөн хийсвэр, мууг хурдан, сайныг удаанаар шингээнэ. Хэрвээ хүн сэтгэлээ номхотгон барьж чадвал тэрбээр ер бусын амгаланг олох бөгөөд энэ нь ухаантай хүний шинж юм. Ухаантай хүн л сэтгэлийн муу талыг хорьж, сайныг нь нээн хөгжүүлнэ. Нүгэл буяныг тунгаан хэрж хэсүүчилсэн сэтгэлээ номхотгож чадсан хүний сэтгэл л ухаар ч гэгээрээд аймшиггүй болно.
Хүн сэтгэлээ зөв зүйтэй жолоодох хэрэгтэй. Буруу жолоодсон сэтгэл нь дайсан дайснаа хорлосносс ч илүү хорлолыг үүсгэнэ. Хэрвээ сэтгэлийг зөв жолоодох аваас сэтгэл нь бидний эх, эцэг, бидний таних хүмүүсийн үйлдсэн буянаас ч илүү ихийг бүтээдэг.
Энэ бүгдийг хүн дээдийн номноос л олж мэдэх бөгөөд ариун номыг огт мэдээгүй сэтгэл нь хэзээ ч амгалан тайван байж чадахгүй. Учир нь тэр сэтгэл өөрийгөө зовоож байгаа асуултын хариуг олж авч чадаагүй.
Хүн сэтгэлээ зовоож байгаа олон асуудлыг шийдэж чадна. Гэвч энэ асуудал хэзээ ч дуусахгүй бөгөөд нэгийг шийдэхэд дараагийнх нь урган гарч ирсээр л байдаг. Учир нь хүний сэтгэл хэзээ ч ханаж цаддагүй, үргэлжийн шуналд оршсоор л байдаг. Тиймээс хүн өөрийн шунаг сэтгэлээ хорьж цагдах хэрэгтэй бөгөөд ингэснээр зөвхөн хорвоогийн амгалангаар зогсохгүй, ашдын амгаланд ч хүрэх юм.
/Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв/
Ж.Алт