Сонины нийтлэлүүд МАХН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулав

Ийм санаа сэдсэн хүмүүс нь тус намын даргын талыг баримтлагчид аж. Тэдний хувьд сонины ерөнхий эрхлэгчийг өөрчилье гэхээсээ илүү нэг сайн айлгаад авах чиглэл баримталсан бололтой. Энэ хүрээнд эхэлсэн Удирдах зөвлөлийн хурал сонины нийтлэлийн бодлого, сонинд ярилцлага өгсөн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Шаравдоржид сануулга өгөхөд хүрчээ. Намуухан эхэлж аажим аажмаар хурцдан хүчээ авсан Удирдах зөвлөлийн хурлын уур амьсгал тус сонин бол намын гишүүдийн үзэл бодол чөлөөт сэтгэлгээний индэр байх ёстой. Намын гишүүд төв хэвлэлээрээ үзэл бодлоо илэрхийлэхгүй юм бол өөр яах болж байна. Шар сонинуудаар уу гэсэн асуулттай тулгарсан байна. Уг хуралдааны уур амьсгалыг ингэж эргүүлж чадсан Удирдах зөвлөлийн гишүүд бол Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, С.Баяр нар гэнэ. Тэдний үгэнд уярсан бусад гишүүд анхны баримтлалаа өөрчилснөөр хурал эвд орж тарсан байна. Энэхүү сонин сүүлийн өдрүүдэд тодруулж хэлбэл, МАХН-ыг нозоорлоос сэргээх нийгмийн дуудлага цангинаж байна гэсэн редакцийн өгүүлэл нийтлэгдсэнээс хойш тус нам доторхи тэр дундаа удирдлагын арга барилын алдааны талаар зоригтой ярилцлага өгүүлэл нийтлэгдэх болсон юм. Тэр бүхэн үг үсэг, үзэл санаа бүрээрээ удирд-лагадаа таалагдаагүй ч намын жирийн гишүүд болон тухайн цаг үед ноёлж байгаа үзэл суртал, үзэл бодол, байр суурийг өөр өнцгөөс харах гэсэн ахмад гишүүдийн сэтгэлд ихэд нийцжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн зохиолч, сэтгүүлч Л.Түдэв тус сонинд ярилцлага өгч байр сууриа илэрхийлснээр илэрч байна. Тэрбээр намынхаа сониныг ид мандан бадарч байх үед ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байсан, нэг үгээр хэлбэл тэр айлыг авч явсан хүн. Харин 1996 онд МАХН-ыг цөөнхийн суудалд шилжихэд шинэ үеийнхний тодруулбал, Н.Энхбаярын багийнхны шаардлагаар уг албан тушаалаа арга буюу орхисон юм. Тэр тухайгаа ярилцлагадаа бас дурджээ. Гэхдээ ярилцлага тэр чигтээ МАХН болон хэвлэл сонин хоёрын харилцааны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Тухайлбал, Нам үзэл санааны болон үйл ажиллагааны хувьд эрүүл байгаа эсэхээ хэмждэг халууны шил нь хэвлэл юуны урьд өөрийнх нь төв хэвлэл болон салбар хэвлэл байдаг жамтай. Сонин халуурч байгаа бол намын бие лагшин чилээрхэж байгаагийн шинж гэж үзэж хаана, юу маань болохоо больж байна гэдгийг намын удирдлага эргэцүүлэн бодож засал авахыг нь засч, засал авахгүйг нь мэс засалд оруулдаг байвал нам өвчнөө даамжруулахгүй байж чадна гэж хэлжээ.
МАХН-ын Удирдах зөвлөл анх удаа төв хэвлэл Үнэн сониноо авч хэлэлцэж буй нь энэ биш юм. Монгол оронд ардчилал өрнөсөн 1990-ээд онд тухайн үеийн МАХН-ын удирдлага хэвлэлийг авч хэлэлцээд буруутгах гэж оролдоход Л.Түдэв эрхлэгч МАХН-ын хоцрогдол хэвлэлээсээ болоогүй, хэвлийгээсээ болсон хэмээн хэлж тухайн үеийн нийт хэвлэлийн бодлого, нийтлэлийн чанар чансаа сайн байсныг тодотгон авч үлдсэн юм. Тэр хүн энэ удаа ч Нам эрүүл байгаа эсэхээ хэмждэг халууны шил хэвлэл нь байдаг гэж мэдэгдлээ.
Ямар ч байсан энэ удаагийн МАХН-ын Удирдах эөвлөлийн хурал сүүлийн жилүүдэд хэвшмэл болоод байсан нэг хүний дохио зангаагаар хуралдсан нэр зүүж шийдвэр гаргадаг зуршлаасаа гадуур боллоо.
МАХН-д ийм эрүүл саруул уур амьсгал бий болж байгаа нь тухайн сонины нийтлэлийн бодлого эрс шинэчлэгдсэнтэй холбоотой гэж зарим гишүүд ярьж байна.
Сонины нийтлэлүүдийн бодлого ингэж шинэчлэгдсэн нь ямар ч байсан МАХН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулав.
Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-09-28 233, 234)