Этгээд чамин, савхин хувцсаар гангарсан мотоцикльтой залуус

Storm riders клубынхан намрын хаалтын цуглаанаа хийж Болзоо ресторанд цуглажээ. Соёлын төв өргөөний ард байрлах тус рестораны үүдэнд төрөл бүрийн мотоцикль эгнэн жагсчээ. Эндээс манай Монголд ямар загварын мотоцикль байгааг олж харах боломжтой байв. Жи интертаймэнт студийн найруулагч рок мангас гэгдэх Р.Мөнхсайхан хакеруудын нэг. Дэлхийн олон оронд мотоцикль унасан залуусыг хакерууд гэж нэрлэдэг. Хакерууд хаврын нээлт, намрын хаалт гэж дулааны улиралд жилдээ хоёр удаа цуглачихдаг гэнэ. Манайд хоёр жилийн өмнө Storm riders клуб нээгдсэн байна. Ийн клуб болон нэгдсэний учир мотоцикль сонирхдог залуусыг техниктэй зөв харьцдаг болгох, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцуулах, хамгаалалтын хувцсаар хангах зэрэг олон ач холбогдолтой болсон гэж клубын захирал А.Пүрэвдорж ярив. Хорин долоо, найм орчим насны энэ залуу өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа нэгэн. Анх унадаг дугуйгаар хоббигоо эхэлсэн бол одоо түүнд арав гаруй мотоцикль бий. Ер нь энэ унааг дуртай хүн унаад байдаггүй. Автомашин жолоодох эрхийг 18-аас дээш насны хүнд олгодог шиг мотоцикль унах эрх ч мөн адил. Жолооны үнэмлэхгүй бол замын хөдөлгөөнд оролцуулдаггүй. Тэгвэл мотоцикль унах эрхийн А ангилалгүй бол замын цагдаа шүгэл тасхийлгээд таныг торгочихно. Storm riders клубт 14 хоногийн хугацаатай 40 мянган төгрөгийн төлбөртэй жолооны сургалт явагддаг юм байна. Дэлхийн стандартад нийцсэн хэмжээгээр зургийн хэмжээг тогтоох болсон Коника Менолта компани хакеруудын намрын хаалтын арга хэмжээг дэмжиж үүний зэрэгцээ өөрсдийн шинэ үйл ажиллагаагаа сурталчлаад амжив. Хакеруудын зургийг 1000 хувь угаалгаад гадуур үнэгүй тараасан юм. Загвар стиль, хүчин чадлаасаа шалтгаалаад мотоциклийн үнэ янз бүр. Одоо манайд мотоциклийн хамгийн доод үнэ 500 мянгаар худалдаалагдаж байгаа. Хамгийн дээд үнэ 15 мянган ам. доллараар гэнэ. Одоогоор Storm riders клуб нь 70 гаруй гишүүнтэй. Үсээ урт ургуулсан, өмдөө энд тэндээсээ ураад хаячихсан элдэв донжтой хувцасласан өнгө маягтай залуусын дунд эмэгтэй нэг гишүүн бий. Харин хакеруудын ард охидууд сундалссан байх нь олонтаа харагддаг. Хакерууд мотоциклийнхаа ард царайлаг охидуудыг суулгаж явах хүсэлтэй байдаг гэсэн шүү. Storm riders клубын эмэгтэй гишүүн Б.Сэргэлэнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
-Энэ олон залуусын дунд ганц эмэгтэй байгаа болоод тэр үү их содон харагдаж байна.
-Би мотоцикль сонирхдог. Ажлын бус чөлөөт цагаараа унадаг. Анх Сюзики маркийн мотоцикль унаж авч байсан бол одоо Ямаха-900-г унаж байгаа. Манайхан бөөнөөрөө цуглаад салхи татуулаад явах ч бас сайхан шүү.
-Таны энэ унаа ямар үнэтэй вэ?
-1800 ам.доллараар авсан.
-Та ямар ажил эрхэлдэг вэ. Гэр бүлээ танилцуулаач?
-Эдийн засагч мэргэжилтэй. Анод банкинд ажилладаг. Нөхөр, хүүгийнхээ хамт амьдардаг.
-Ажилдаа мотоциклиор явдаг уу?
-Заримдаа явна аа. Голчлон машинаараа ажилдаа явдаг.
-Мотоцикль унах таны хобби юу?
-Тийм юм болов уу даа. Зүгээр л их сонирхдог юм. Би бас загасанд явах, байгалийн зураг зурах дуртай.
Залуу насны ааг омогтоо дүрэлзсэн хорь гаруй насны залуус Болзоо рестораны үүднээс нэгэн зэрэг хөдөллөө. Сүрлэг, бас цоглог хэний ч анхаарлыг татахуйц байв. Тэд нийлж архи ууж, тамхи татаагүй. Зүгээр л чөлөөт цаг заваа хурд хүчээ сорихуйц техниктэй зууралдан өнгөрүүлж байна. Тэдэнд жолооны үнэмлэхнээс гадна жолоодох ур чадвар бас бий. Залуус мотоциклийнхоо хаазыг чангаар орилуулан зэрэг хөдлөхөө Хакердаж байна гэж ярьдаг юм билээ. Хакерчид хаашаа хөдлөө юм бол оо.
Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-09-28 233)