Манайхан үнэг агналтаар Азидаа хоёрдугаарт орлоо

Эрэгтэй 19 нас
Дэд мастер Э.Тамир(Скайтел)-нэг төрөлд алт, нэг төрөлд мөнгө
Дэд мастер Э.Мөнх-Иш (МЦХ ХК)-нэг төрөлд мөнгө
Дэд мастер О.Мягмардорж (Ньютел)-Алт (багийн дүнгээр аварга болсон)
21 нас
ОУХМ Э.Мөнхдэлгэрэх (MCS)-Алт
Спортын мастер Д.Мижиддорж (Техник спортын төв)-мөнгө
Ази тавийн аварга-5
Мөнгөн медальт-2
Хүрэл медальт-1 төрсөн бол багаараа гурван алт, мөнгө, хүрэл тус бүр нэгтэйгээр хоёрдугаар байрт шалгарчээ.
МАНАЙ ТАМИРЧДЫН АМЖИЛТ
Үнэгийг хэзээнээсээ зальтай амьтан гэдэг. Сагсар том сүүлээ ганц шарван араасаа элдэж яваа нохойг хамраар нь годройтуулан унагаад алга болж өгдөг болохоор арга ч үгүй биз. Тэгвэл тийм нэг зальт үнэгийг олох даалгавар манайханд ногджээ. Ганц манайхан ч биш дэлхийн есөн орны 150 тамирчин ойд нуугдсан үнэгийг олохоор аль л байдаг хүч, ур ухаанаа шавхан уралдсан байна. Хаа холын Японд очиж, ширэнгэ ойд гар хөлөө шалбалан байж гүйсний хүчинд овоо хэдэн үнэг агнаад иржээ. Юун тухай өгүүлээд байна гэвэл, Радиопеленгацийн Ази тивийн аварга шалгаруулах ҮI тэмцээнд оролцоод ирсэн манай баг тамирчдын тухай юм. Радиопеленгацийг үнэг агналтын спорт ч гэдэг. 8-10 км-ийн талбай бүхий ойд нуусан нэвтрүүлэгч буюу үнэгүүдийг хэн богино хугацаанд түрүүлж олсоноор шилдэг анчин тодордог. Тэгвэл манай тамирчид Азидаа хоёрдугаарт орох анчид болоод ирсэн байна.
Японы Нигата мужид болсон Радиопеленгацийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын радио, спортын холбооны 10 тамирчин таван насны ангилалд өрсөлдсөн аж. ОХУ, Япон, БНСУ, Австрали, АНУ, Тайланд, Казахстан зэрэг есөн орны 150 тамирчнаас манайхан хувийн дүнгээр таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан бол багийн дүнгээр гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар багаараа хоёрдугаарт байрт шалгарчээ.
Энэ нь урьд өмнө үзүүлж байгаагүй өндөр амжилт бөгөөд манайхан дэлхийн аваргад хоёр, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцоод байсан юм.
ҮНЭГ ЯАЖ АГНАДАГ ВЭ?
Радио спорт Монголд 1958 онд эхлэлээ тавьсан бол үнэг агналт буюу радио пеленгаци нь 1970 онд үүсч хөгжсөн түүхтэй гэнэ. Хэдий үүсч хөгжөөд багагүй жил болсон ч тэр бүр хүн мэддэггүй спорт аж. Одоо энэ спортоор байнга хичээллэдэг 100 гаруй хүн байдаг гэж Монголын радио спортын холбооныхон мэдээлсэн.
Мэдээж, тэмцээн уралдаан юм хойно өөрийн гэсэн дүрэм журам бий. 8-10 км талбайд нуусан хэд хэдэн үнэг-ийг тамирчид хайж олох ёстой. Тэгэхдээ тэмцээн болохоос таван минутын өмнө үнэг нуусан талбайг зааж өгдөг бөгөөд үүнээс өмнө хэн ч тэмцээн хаана болохыг мэдэж чаддаггүй дүрэмтэй. Тэмцээн ой мод, ширэнгэ, хад асга, гол горхи бүхий бартаатай газар зохиогддог. Тамирчдыг тав таван минутын зайтай барианаас гаргадаг бөгөөд өөрийн хүлээн авагчийн тусламжтайгаар үнэгийг байгаа газраас нь илрүүлдэг. Тэгэхдээ хүлээн авагч, тухайн газрын зураг, зүг чиг заагч болон нөөц зай, чихэвчнээс өөр зүйл тамирчдад байх ёсгүй. Бүгдийг нь хураагаад авдаг. Одоо хэн хурдан гүйсэн, техник сэтгэлгээ сайтай, газрын зурагтайгаа харьцаж чаддаг нь үнэгээ хамгийн түрүүнд хурдан олно. Үнэг бас зальтай. Нэг минут дуугарч байгаад дөрвөн минут амарна. Дуугарч байхад нь олж авахгүй бол цаг алдана гэсэн үг. Үнэгээ олсон нэг нь өөрт байх тусгай мэдрэгчээр товчлуурт хүрэхэд нэр ус нь цаг хугацаатайгаа комьютерт ордог учраас элдэв маргаан гарахгүй. Үнэг бүрийг хянагч камер ажиглаж бичлэг хийж байдаг болохоор хэн очсоных нь зургийг авчихсан байдаг аж.
ЦАГТАА Л АМЖИХ ЁСТОЙ
Тэмцээнд ижил насны гурван хүн нэг баг болж орох бөгөөд хамгийн амжилттай хоёрынх нь оноогоор багийн дүн гардаг. Хэрэв та гүйж гүйж таван үнэгийг бүгдийг нь олоод ирлээ гэхэд цагтаа багтаагүй бол ямар ч оноо авахгүй. Бас гараанаас гарахад тэнд бариа бий шүү гэж зааж өгөхгүй. Тамирчид хүлээн авагчаараа бариаг олох ёстой.
Хоёр тамирчин нэг үнэг агнах тохиолдол бий. Энэ тохиолдолд хоёуланг нь олсонд тооцдог. Харин хамтарсан хайлтыг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн.
Хурдан гүйхээс гадна газрын зурагтайгаа ажиллаж сурах нь их чухал гэж тамирчид ярьж байна лээ. Газрын зураг дээрээ өөрийнхөө байгаа цэгийг тодорхойлох нь чухал аж. Дараа нь үнэг өөрөөс нь аль чигт, ямар зайтай байгааг нягтлаад замаа сонгох хөтөлбөрөө гаргадаг. Үүнээс гадна үнэгний дууг алдалгүй сайн сонсч байх хэрэгтэй.
ҮНЭГЭЭ ОЛОХГҮЙ ТӨӨРӨХ ТОХИОЛДОЛ БАЙХ УУ?
Үнэгээ огт олохгүй эсвэл ойд төөрчих тохиолдол улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр мэр сэр гардаг гэнэ. Төөрдөг хүмүүс ихэнх нь говийнхон байдаг бөгөөд газрын зурагтайгаа муу ажилладагтай ч холбоотой гэсэн. Харин олон улсын тэмцээнд улс бүрийн шилдгүүд ирдэг учраас арай ч үнэгээ олохгүй төөрөөд арга болдоггүй аж. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд бичиг хийж өгнө. Төөрсөн тохиолдолд нутгийн хүмүүст бичгээ үзүүлэхэд хүргээд ирдэг гэсэн.
Харин тэмцээнд орохын өмнө заавал гэрээ хийнэ. Энэ нь тухайн тамирчин бэртэж гэмтэх, амь насаа алдахад зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй гэсэн утгатай гэрээ юм. Одоогоор амь насаа алдсан тохиолдол гараагүй байгаа ч эрсдэл ихтэй тэмцээн болохоор ингэж сэрэмжилдэг аж. Нүүр ам, хөл гараа шалбалах тохиолдол бол бишгүй гарна. Хар хурдаараа гүйж явахдаа хаанаа шалбалснаа мэдэх ч сөхөөгүй үе гардаг гэсэн.
Ялангуяа саяын Нигатад болсон тэмцээнд манай эрэгтэй тамирчид шорттой орсон болохоор гар хөл нь улаан нялга болсон юм байх. Түүнийгээ ч харуулж байсан. Японы ой манайхыг бодвол нягт ширэнгэ. Модон дундуур гүйнэ гэсэн ойлголт тэнд үгүй. Зам ашиглаж л гүйхээс өөр аргагүй. Хуруун чинээ том том аалз их. Аалзны торон дунд орчих юм бол тасрахгүй. Нэлээн чадал шаардсан ажил болдог аж. Цагтай уралдан үнэгний эрэлд гүйж явахад юун аалзнаас айх манатай, духан дээрээ няц алгадчихаад явах энүүхэнд гэсэн шүү. Нигата муж халуун рашаан ихтэй, түүнийгээ дагаад могой элбэг. Харин тамирчдадаа дасгалжуулагч нь могойн тухай дурсаагүй гэсэн. Хэрэв дурссан бол могойноос болгоомжлоод ширэнгэ бутан дундуур чадал мэдэн зүтгэхгүй л байсан болов уу.
80 НАСТАЙ ХӨГШИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Радиопеленгацийн спортоор хэдэн ч настай хүн хичээллэж болдог байна. Саяын тэмцээнд Японы 80 настай тамирчин оролцож хүрэл медаль хүртжээ. Манай тамирчдаас хамгийн залуу нь 14 настай Л.Болорцэцэг.
Энэ спорт дандаа ой модтой хээр хөдөө болдог учраас эрүүл мэндэд тун сайн. Бие хөгжүүлнэ. Техник сэтгэлгээг хөгжүүлж, газрын зурагтай ажиллах чадвартай болгодог байна. Нэг орсон байхад гарч боддоггүй л спорт доо гэж үнэгний ангуучид ярьж байсан. Үнэхээр сонирхолтой, тэвчээртэй хүн энэ спортод шунан дурладаг гэсэн шүү.
ХӨЛИЙН ХУМС ТЭСГЭЭДЭГГҮЙ ҮНЭГ
Үнэг хайж гүйхэд зориулагдсан шаахай бий. Уландаа товгор товгор товруутай болохоор уул хад, хазгай газар гүйхэд тохиромжтой. Харин энэ удаа ихэнхдээ зассан замаар гүйсэн болохоор хөл нь их өвдсөн гэсэн. Ер нь уул хад, бартаатай газар гүйхэд хөлийн хурууны хумс тэсдэггүй гэнэ. Тэмцээний дараа хөхөрч хөндүүрлэсэн хумс аяндаа мултраад унана. Одоо ч тэдний хөлийн хэд хэдэн хумс унаад байгаа аж.
Тэмцээнд оролцохдоо тамирчид өөрсдөө хүлээн авагчаа авч очдог байна. Манайхны хувьд техник хэрэгслээр дажгүй сайн хангагдаад байгаа бөгөөд үүнийг Монголын радио спортын холбооны ерөнхийлөгч О.Шаалуугийг ач зүтгэл хэмээн тамирчид нь нэгэн дуугаар хэлж байсан. Энэ удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд ороход Айвенхоу майнз, Мэжикнэт, Мобиком, Скайтел, Ньютел, MCS, UB лавлах 1617, Техник спортын төв, Монголын цахилгаан холбоо зэрэг компани ивээн тэтгэжээ. Баг тамирчдыг Монголын радио спортын холбооны дэд ерөнхийлөгч Л.Мөнхбат ахалж явсан байна.
Д.ОЮУНТУЯА