Зураач С.Дондог Өрнө дахины үндсэн их дүрсийг эвджээ

Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерей, Монгол цэргийн музей, Театрын музейн сан хөмрөг болон хувь хүмүүсийн цуглуулаганд хадгалагдаж буй шилдэг бүтээлүүдээс нь бүрдсэн зураачын 80 орчим зураг дэлгэгдсэн байна. Эдгээр бүтээлүүдэд түүхэн хүмүүсийн хөрөг зургууд, монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын ахуй амьдрал, улсынхаа түүхт ойнуудын тухай дүрслэн үзүүлснээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, үзэсгэлэн монгол орны хөгжил дэвшил, хүн ардын аж амьдралын нэгэн үеийн түүхийг өгүүлж буй өвөрмөц дүрслэлтэй. Орчин үеийн Монголын дүрслэх урлагийн санд авъяас билиг, уран бүтээлээрээ үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан зураачын уран бүтээлийн тус үзэсгэлэнг уран зургийн галерей, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд нь хамтран нийтэд дэлгэн үзүүлжээ. С.Дондог Хүдэр нутагт төрж, дөрвөн настайдаа авга ахдаа үрчлэгдэн Улаанбаатарт ирж, хоёрдугаар сургуульд орсон байна. Тэрээр, ангийнхаа анд Жанцандорж гэдэг хүү зураг зурж байхыг хараад, Энэ хүүхэд шиг зураач болно гэж шийджээ. Тэр цагаас Зураг урлалын газрын дэргэдэх дугуйланд явж зүрхний өвчнөөр шаналж эхлэх нь тэр. Сурагч байхдаа Уу-булангийн пионерийн зусланд амарч зургаар өдрийн тэмдэглэлээ хөтөлдөг байсан нь уран сайхны сэтгэлгээний босго нь байж. Сонирхуулахад, Кино-ны гэгдэх нэрт зураач П.Цогзол, С.Дондог хоёр бага сургуулийн нэг ширээнийх. Бөмбөг хөөж, дугуй унаж, шатар тоглосоор явтал найзууд долдугаар ангид улирах болж гэнэ. Энэ байдлаа гэрийнхнээсээ тас нууж, зунжин тоглосоор намар ирж анги улирах болов. Гэтэл Дондог зургуудаа Чойдог гуайд үзүүлээд, Урлагийн дунд сургуульд нээгдсэн зураачийн ангид элсжээ. Харин найз Цогзол нь Дондогийн зурсан зургуудыг үзүүлж байгаад бас орчихож л дээ. Ийн тэдний зураач болох зам нь шулуудаж, анги улирах хэрэг цагаадаж, стипент авцгаадаг болсон дурсамжтай. Театрын сургагч зураач Н.К.Рушяв, Дондогийг Монголын бяцхан Репин гэдэг байж. Тэрээр сурч байхдаа усан будгаар зурж, дүрслэх арга, судалбар ба таталбар хоёрыг зурах талаар үеийнхнээсээ тодордог байсан гэнэ. Харин сургуулиа төгсөөд хотын урчуудын салбарт ажиллаж байхдаа Тужийн нарс зэрэг олны анхаарал татсан бүтээлүүдээ гаргажээ. Түүнчлэн 1958 онд ЗХУ-д П.Репиний нэрэмжит Уран зургийн академид сурч байхад нь Оросын нэрт зураач Е.Монсенко өөрийн шавиа болгосон гэдэг. Эдүгээ урлаг судлаач, зураачид Монсенко-гийн зургийн хэв маяг, арга барил Дондогт, Дондогоос шавь нарт нь нэвт гарсан хэмээн ярьцгаадаг байна. Үзэсгэлэнд Дондог агсны Үдшийн үлгэр, БАМ, Тэмээчин Үрчгэр зэрэг бүтээлүүд дэлгэгдсэн нь монгол уламжлалт зураг, өрнө дахины үндсэн эх дүрсийг хэсэгчлэн эвдэж, нэг зохиомж, санаанд уусган бичиглэх, зурахыг хослуулдаг зураг хоёрын арга барил нэн зохиосоор нэвтэрснийг харуулжээ.
(өдрийн сонин 233)