Автобусаар хэн хөнгөлөлттэй зорчих вэ

Буудал дээр л өрсөлдөн ирж явах чиглэлээ хямгийн өндөр дуугаар зарлах гэж хоолой мэдэн орилно. Үнэндээ хэн хүний хүсээд байхааргүй хүнд хөдөлмөр. Хажуугаар нь зорчигчидын ааш аяг замын цагдаа нарын хяналт гээд бөөн асуудал. Дээрээс нь үнэгүй зорчих эрхтэй гээд том пайз зүүсэн хөгшчүүл зүтгээд байх. Хэрэв боломжтойсон бол бүгд л хөнгөлөлттэй, үнэ төлбөргүй зорчихыг хүсч байгаа.
Гэвч нийгмийн харилцаа өөрөө үүнийг зөвшөөрөхгүй. Ялангуяа зах зээлийн өнөөгийн нөхцөлд хэрэв та ямар нэгэн үйлчилгээг хүртэж л байгаа бол хариуд нь төлбөр төлөх л ёстой гэсэн хатуу шаардлагыг тавьдаг. Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилүүлнэ гэсэн заалт байдаг. Харин шинэчлэн найруулж байгаа Нийгмийн халамжийн багц хуулийн төсөлд энэ хөнгөлөлтийг Авто тээврийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.2 т заасны дагуу …нийтийн тээврээр үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр зорчино гэж өөрчлөх санал оруулж байгаа юм.
Гэвч нийтийн тээвэр эрхэлж байгаа компаниудын алдагдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа тул нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүн бүхэн төлбөрөө төлөх шаардлагыг тэд тавьж байна, Өнөөдөр нийтийн тээврээр ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн ажилтнууд, оюутнууд тодорхой хөнгөлөлттэй зорчиж байна. ЗТАЖЯ, Хотын тээврийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд унааны хөнгөлөлтийг тэтгэвэр тэтгэмж дээр нэмж олгох тухай хуульд тусгах саналыг оруулж байгаа юм.
Гэвч унааны хөнгөлөлтийг тэтгэвэр дээр нэмж олгоход хүрвэл хэнд, хэдэн төгрөг өгөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчдоггүй, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийг яах вэ? Бэлэн мөнгө авна гэхлээр тэд бас эрхээ эдэлмээр санагдаад ирнэ. Аягүй бол хүний эрх энээ тэрээ дээрээ гэж жагсаал цуглаан хийх дээрээ тулахыг үгүйсгэхгүй. Тэртэй тэргүй байнга нэмэгдэж улсын төсөвт ачаа нэмж байдаг тэтгэмжийг ийм замаар нэмээд байх нь зөв үү?
Өнөөдийн байдлаар ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унааны хөнгөлөлтийн нөхөн олговорт 1.5 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж байгаа юм байна.
Бид та бүхний дунд нээлттэй хэлэлцүүлгийг зарлаж байна.
Олноороо хэлэлцвэл буруугүй гэдэг дээ…