НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Монголын хүн амын байдал, тулгамдаж байгаа асуудал болон Засгийн газраас хүн амын талаар явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулаад, НҮБ-ын Хүн амын сантай явуулж ирсэн хамтын ажиллагаа цаашид улам идэвхжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Эх хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, хүн ам ба хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр манай улсад тус сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд үр дүнтэй болсныг Ерөнхий сайд тэмдэглээд, дараа дараагийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бодлого, стратегийн талаар идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгааг дурдлаа.
Хатагтай Делиа Барселона 1995 оноос НҮБ-ын Хүн амын санд ажиллаж байгаа дадлага туршлагатай хүн юм. Тэрээр нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсрол, залуучуудын чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд манай улсын хүн амын байдлыг судлан үзсэний үндсэн дээр төв суурин руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, гэр бүл төлөвлөлт, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний тархалтыг сааруулах зэрэг тулгамдаж байгаа үндсэн асуудлуудад анхаарал хандуулах нь зүйтэй гэж төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцууллаа. Энэхүү гол чиглэлүүд нь НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилтуудтай нийцэж байгаа юм.
Дашрамд тэмдэглэхэд, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийн газар нь манай улсад ажиллаж байгаа бусад олон улсын байгууллагуудаас анх түрүүнд орон нутагт Бүсийн төлөөлөгчийн газраа нээгээд байгаа юм. 2002 онд байгуулагдсан уг салбар нь манай улсын хүн амын бүтцийн хувьд хамгийн өвөрмөц нутаг болох Ховд аймагт ажиллаж буй бөгөөд төвөөс алслагдсан баруун аймгуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт болон бусад хүн амын асуудлаар үйлчилгээ үзүүлдэг юм.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ