Дөрвөн хүний үхлийн шалтгаан, нунтаг цагаан бодис юу болох нь тодорхойгүй хэвээр байна

Харин ирсэн дуудлагын дагуу очиход нэг биш бүр гурван хүн нас барсан байсныг бид өмнө мэдээлсэн билээ. Түүнчлэн нэр, хаяг тодорхойгүй 25 орчим насны эмэгтэй, 20-40 эргэм насны хоёр эрэгтэй хүний цогцсын дэргэдээс давс мэт нунтаг цагаан зүйл олдсон. Тэдний үхлийн шалт-гаан болон тэндээс олдсон зүйлийн юу болохыг тогтоож амжаагүй байтал яг тэр газарт нь дахин нэг хүн нас баржээ. Тэрээр 40-45 орчим насны эрэгтэй хүн байсан агаад мөн л гадны ямар нэг нөлөөгүй байдалтай буюу биедээ ил харагдах гэмтэл шархгүйгээр амиа алдсаныг энэ сарын 26-ны өдөр олсон байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа ч эл дөрвөн хүний үхлийн шалтгааныг хараахан тогтоож чадаагуй байгаа аж. Гэхдээ дэргэдээс нь олдсон нунтаг цагаан зүйлд хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Тухайн бодисыг нарийн шинжилгээнд өгсөн ч хариу нь эцэслэн гараагүй байгаа гэнэ. Цогцсуудад ч шинжилгээ хийж байгаа бөгөөд тэдний нас барсан газрынх нь ойр орчмыг хамгаалалтад авсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Мэдээллийн мөрөөр өчигдөр оройн 18.00 цагийн орчимд 96 дугаар сургуулийг зорилоо. Дөрвийн дөрвөн хүн нас барсан газар нь тус сургуулийн ард, хашааны дотор талд аж. Ямар ч атугаи эл газрыг хараад талийгаачид орон гэргүй, гудамжинд хоноглодог нөхөд байж гэсэн таамгийг шууд төрүүлэхээр байлаа. Учир нь тэнд дотор гаднагүй тас харласан шанаган тогоо, паалантай бололтой сэнжтэй сав, жигнэмгийн төмөр хайрцаг зэрэг дээш доош өнхөрч, дэргэд нь гал түлдэг байгаа юу гэлтэй хөө болсон хагархай тоосгууд харагдана. Хашааны гадна талын гараашийн ар хананд гэрийн дээвэр, туурга мэт хөвөнтэй зузаан зүйлсийг цагаан өнгийн шуудайрхуу юмаар хучжээ. Лав энд амьдарч байсан хүмүүс ямар нэг хэмжээний боловсролтой болов уу гэсэн сэтгэгдлийг төрүүлэв. Өнөөх дээвэр, туурга мэт зүйлсийн дор хоёр, гурван зузаан ном дэлгээтэйгээрээ үлджээ. Номнуудын дэлгэж орхисон байдал нь гал түлэхэд ашигладаг байсан янз лав биш. Уг нь бидэнд дээрх газрыг хамгаалалтад авч, хүүхэд ойртуулахгүй байгаа гэсэн мэдээлэл ирсэн ч бодит байдал дээр хэн нэг нь анхаарч, хянаж буй шинж алга. Тэндээс давс мэт нунтаг зүйл олдсон гэсэн болохоор хэрэндээ тиим маягийн бодис олоод харчих санаатай сайтар ажигласан боловч юу ч олж үзсэнгүй. Мэдээж биз дээ. Цагдаагийнхан хэргийн газарт сэжиг бүхий зүйл байваас юу үлдээв гэж. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр тэрхүү цагаан нунтаг зүйл нь Нитрит байж болзошгүй гэнэ. Хэрэв тиим аваас металлын азоттай нэгддэг эл химийн бодисыг хиамны өнгийг улайлгах зэргээр хүнсэнд хэрэглэдэг аж. Харин хэтрүүлэн хэрэглэвэл шууд үхэлд хүргэх тун хортой бодис юм байна. Хиам хийхэд нитрит-ийг хэрэглэдэг гэсэн тул тэр орчимд энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг цех, үйлдвэр бий эсэхийг тодрууллаа. Хэрэг гарсан газраас холгүйхэн Хатан сүйх ком-панийн хиамны үйлдвэр байдаг ч хог хаягдлаа тэгтэл ил задгай хаядаггүй бололтой, ойр орчин нь нэлээд цэмцгэр харагдана. Ийнхүү нэг газарт амиа алдсан дөрвөн хүний үхлийн шалтгаан, дэргэдээс нь олдсон давс мэт нунтаг цагаан зүйлийн талаар өнөөдрийг хүртэл тодорхой бус хэвээр байна. Харин нитрит-ийн тухайд өмнө нь траншейнд амьдардаг хүмүүс давс гэж андууран хэрэглэснээс амиа алдсан золгүй тохиолдол гарч байжээ.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-09-29 235)