С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг мөрдөн шалгахад дэмжлэг хүслээ

Засгийн газар, парламентын гишүүн агсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар тусгай хэрэг нээн, олон жилийн турш анхаарал тавьсаар ирсэн ОУПХ-нд Ерөнхий сайд талархал илэрхийлсэн байна.
ОУПХ-ны Хүний эрхийн хороо 110 дугаар хуралдаанаасаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах ажилд гадаадын шинжээчдийг ажиллуулах талаар туслахаа илэрхийлсэн юм.
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх явцыг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байдгаа Ерөнхий сайд захидалдаа дурьдаад, онц ноцтой улстөрийн аллагыг мөрдөн шалгах талаар мэргэшсэн шинжээчдийг ОУПХ-ны гишүүн өндөр хөгжилтэй орнуудаас ирүүлэх, ажиллахад нь шаардлагатай санхүүгийн туслалцаа үзүүлэхийг хүслээ. Захидалд ОУПХ-ны дэмжлэг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагийн хамт Засгийн газар энэ талаарх хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэжээ.
Ерөнхий сайд хэргийг шалгахад парламентын хяналтыг идэвхжүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ. Тэрбээр ОУПХ-ноос хүлээн авсан захидал, тус байгууллагын Хүний эрхийн хорооны шийдвэрийн талаар УИХ-ын даргад мэдээлэв. ОУПХ-ны Хүний эрхийн хорооны 110 дугаар хуралдааны шийдвэрт С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа ахицгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Хүний эрхийн хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрт Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг идэвхжүүлэхэд парламентын хяналт Монгол улсын Их хурал, Засгийн газрын хүсэл зориг, тавих анхаарал ихээхэн чухал бөгөөд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хэргийн шалгалтанд хяналт тавих эрх олгохыг уриалсаныг Ерөнхий сайд онцлон дурьдсан байна. Засгийн газар хэргийг шалгахад өндөр мэргэжлийн шинжээчдийг ажиллуулах боломжийг хайж эхлээд байгааг мэдээлж, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах явцад идэвхтэй оролцуулах талаар арга хэмжээг авахыг УИХ-ын даргаас хүсэв.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ