Энхийг сахиулагчдыг илгээх шийдвэрийг Засгийн газар гаргах уу, УИХ гаргах уу?

М.Энхсайхан гишүүний удирдсан энэ хуралд Батлан хамгаалахын ногоон хувцастнууд зочилсон юм. Батлан хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах шалтгаан байгааг сайд Ц.Шаравдорж танилцуулсан. Цэрэг цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах, олон улсын бусад үйл ажиллагаанд илгээх шийдвэрийг шуурхай гаргах шаардлага тулгардаг ч хуулинд байдаг элдэв давхардлаас болоод асуудал саатаж байсан удаатайг тэр тайлбарлав. М.Энхсайхан гишүүн Ийм шийдвэрийг УИХ гаргадаг байх нь дээр гэж үзжээ. Аюулгүйн зэрэглэлийг бодож үзээд, бодлогын шийдвэрийг УИХ гаргах, үүнийг Засгийн газар шуурхай гүйцэтгэдэг байх хэрэгтэй гэж тэр ярилаа. Цэрэг илгээх эрсдэлийг Засгийн газар дангаараа үүрч болохгүй. УИХ, Засгийн газар хамтарч үүрдэг байх хэрэгтэй гэж тэр тайлбарласан юм. Гэсэн ч энэ асуудал дараа дараагийн хэлэлцүүлэгийн үеэр шийдэгдэнэ. Энэ удаа тус байнгын хороо уг хуулийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгтэй тогтлоо. Байнгын хороо энэ өдөр мөн Элчин сайдын яаманд газар түрээсээр ашиглуулах тухай болон Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр боллоо.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 235)