Францын кино группийнхэн Ардчилсан намын байрыг хөлсөлснөөр ажилчид нь амрав

Мөн УДБЭТ-ын өмнө жижиг хөнгөн тэргүүд цуваа болон зогссон байв. Энэ нь манай оронд ирээд байгаа Францын кино группийнхний Чулуун чуулган хэмээх киноны ээлжит зураг авалт аж.Тэд энэ удаад Соёлын төв өргөө, түүний зэргэлдээ орших Ардчилсан намын төв байрыг зураг авалтын гол объект болгосны сацуу Ардчилсан намын байрыг маань Франц улсын Элчин сайдын яамны байр болгон хувиргаж дөнгөсөн төдийгүй Францын тугийг Европын холбооны цэнхэр тугтай хамт залсан байв. Элчин сайдын яамны гаднах хэсгийг Ардчилсан намын байр, дотор талыг нь СТӨ-нд авч буй аж. Дашрамд онцлох, сонирхуулахын аль нь ч байж болох нэг мэдээг хүргэхэд, манайхан намынхаа байрыг ашиглуулсныхаа шан хөлсөнд олон жилийнхээ хир буртгаасаа салаад амжина билээ. Учир нь энэ үеэр өргөгч крантай хүмүүс Ардчилсан намын байрны цонхыг хичээнгүйлэн зүлгэж угааж байгаа харагдсан. Үнэндээ хөгжилтэй соёлтой орны Элчин сайдын яамны байрыг манай орны жижигхэн тоостой байшин яаж ч орлох билээ дээ.
Байрны гадаа нь энгийн хувцастай залуус, хүүхдээ дагуулсан хөгшид голдуу хэдэн хүн бөөгнөрөн зогсох нь киноны зураг авалтын олны хэсэгт оролцох хүмүүс аж.
Соёлын төв өргөөний үүдэнд нөгөө алдарт жүжигчин бүсгүй Моника Беллучиг олж харлаа. Зураг авч буй францчуудаас түүнийг эхлээд ялгаж харахад төвөгтэй байв. Учир Моника Беллучи ногоон өмд, хар өнгийн зузаан хүрэм өмссөн маш энгийн, Соёлын төв өргөөний шатан дээр хэнэггүйхэн сууж харагдсан. Туслахууд бололтой түүнээс ялгагдахгүй бүсгүйчүүл хааяа нэг түүнд ойртож салфеткаар нүүрийг нь арчиж будах юм.
Хацар дээрээ бяцхан улаан сорвитой, томдсон хар хүрэмтэй жүжигчин бүсгүйд зургаа орчим насны нэг хүүхэд хааяа ойртож ирэх нь кинонд түүнтэй хамт тоглож буй вьетнам хүү аж. Тэр бяцхан хүү францаар сайн ярьж байгааг харахад вьетнам гаралтай ч Франц хүүхэд бололтой. Ийнхүү Богд ууланд, Тэрэлжийн амралтад зураг авалт нь явагдаж буй хэмээн сонсогдсоор байсан Холливудын алдарт жүжигчний кино зураг авалт манай оронд үргэлжилсээр байна. Өчигдрийн зураг авалт хотын төвд болсон нь олны анхаарлаас гарч чадсангүй. Зураг авалтын групп ч үүнийгээ олноос нуусангүй, харин ч олныг оролцуулах зорилготой байж. Сонирхуулахад Соёлын төв өргөө, Ардчилсан намын төв байрыг ийнхүү нэг өдөр зээлж түрээслэн кино зураг авсан учир ардчилсан намын аппаратын ажилтнуудыг нэг өдөр амрах чөлөө олгосон гэнэ. Мөн олны хэсэгт тоглосон хүмүүс, зураг авалт орчимд байсан хувь хүний болон албаны машинуудыг ч түрээсэлж тэр хэмжээгээр мөнгө төлсөн аж.
Д.ЦОГЗОЛМАА
(өдрийн сонин 235)