Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

Монгол Улсын эдийн засаг, төсвийн байдал сүүлийн жилүүдэд түүний дотор сүүлийн гурван жил сайжирч ирсэн байна.
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2006 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгалаа.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАВ
Монголбанкнаас боловсруулсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2006 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлтэй танилцаад, уг үндсэн чиглэлд Засгийн газраас өгөх дүгнэлтийг хэлэлцэж, зарчмын хувьд зөвшөөрөв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Төлбөртэй үйлчилгээтэй холбогдсон журмыг баталж мөрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл олгох харилцааг боловсронгуй болгох, зарим эмчилгээний зардлын тодорхой хэсгийг төр хариуцаж байх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг баталгаатай болгох, эмчилгээний гоо заслын үйлчилгээ эрхлэх харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг тусгажээ. Хуулийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА
2015 он гэхэд хөгжлийн гол үзүүлэлтүүдээр Азидаа эхний 10 улсын тоонд орох үндсэн зорилгыг агуулсан Цахим Монгол Үндэсний хөтөлбөр батлагдлаа. Цахим Монгол Үндэсний хөтөлбөрийн эрхэм зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг 21 дүгээр зууны хөгжлийн үндсэн хурдасгуур гэж үзэн, мэдлэг оюунд тулгуурласан мэдээлэлжсэн нийгмийг байгуулах явдал хэмээн дүгнэжээ.
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ДЭМЖИВ
УИХ-ын гишүүн Ч.Раднаа, Г.Адъяа, Ж.Наранцацралт, Ч.Содномцэрэн, Д.Туяа зэрэг 17 гишүүн хамтран санаачлан боловсруулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Д.Лүндээжанцан, С.Оюун нарын санаачилсан Авилгалын эсрэг хуулийн төслүүдэд Засгийн газраас санал дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, хэл найруулга, нэр томъёог нягтлан эцэслэн боловсруулах шаардлагатайг төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо. Харин Авилгалын тухай болон түүнтэй холбогдон гарах бусад хуулиудын төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзэв.
ЭМИЙН ЧАНАР, СТАНДАРТЫН БАТАЛГААГ ХУУЛЬЧЛАХААР ТОГТЖЭЭ
Эмийн тухай хууль-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Өндөр идэвхтэй, аюулгүй эмийг эмчилгээнд хэрэглэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхийг гол үндэс нь эмийн гаж нөлөөг бүртгэх явдал юм гэж үзэн энэ талаарх харилцааг хуулийн төсөлд түлхүү тусгажээ.
МАХНЫ ХАНГАМЖИЙН ТАЛААР ТОГТООЛ ГАРГАЛАА
Аймаг нийслэлийн хүн амын амьжиргааны түвшинтэй уялдуулан 2006 оны хавар, зуны тогтвортой хангамжийн хэрэгцээнд бэлтгэн нийлүүлэх махны доод хэмжээг 3000 тн, Засгийн газраас олгох урамшууллыг 700,0 сая төгрөгөөр тус тус тогтоолоо. Махны үйлдвэрийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг боловсруулж, энэ онд багтаан Засгийн газарт оруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн, Үйлдвэр худалдааны, Сангийн сайд нарт даалгалаа.
(өдрийн сонин 2005-09-30 236)