Б.Булган Хүмүүс гомдох байх, гэхдээ л ийм сайхан аз жаргал хүн бүхэнд тохиодоггүй юм

-Та хоёрыг хэтэрхий жаргалтайнхаа хэрээр хэтэрхий богино амьдарчээ гэж нэгэн хүн дурссан байсан?
-Хүмүүс гомдож магадгүй. Гэхдээ л ийм жаргал хүн бүхэнд тохиодоггүй юм. Би өвгөндөө Яанаа өвгөөн, би аймаар жаргаж байна. Дуусчих вий дээ гэхэд миний шар юу гэж дээ хайрт минь ингээд л хоёулаа өвгөн эмгэн болтлоо хамт байна, за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад уулын манаач хийнэ, за юу гэдэг байсан юм. Тэгээд ойн манаач нь гэртээ суугаад л би хоолоо хийгээд л эцэс төгсгөлгүй олон сайх-ныг төсөөлдөг, олон сайхан бодолд умбадаг байлаа. Би ханьдаа Тэгэлгүй яахав хайрт минь ойн манаач болоод хоёулаа дүнзэн байшин барьчихна. Чиний бүх ажилд би тусална. Бүх төрлийн ногоо тарина, бас тахиатай болно. Чи хэвтээд номоо уншаад л, телевизээ үзээд л, хөгшрөхийн үед чи бид хоёр сансрын антени авчих мөнгөтэй болчих байх. Чи минь найз нөхдөө уриад л инээж хөх-рөөд л шатраа тоглоод л сууж байгаарай хайрт минь гэдэг байлаа. (уйлав)
-Таныг мөнгөө хэмнээд таксинд суудаггүй бас урагдсан гуталтай гадуур явдаг байсан гэж ярьдаг?
-Би тоодоггүй байсан. Надад болон манай гэр бүлд илүү зарах юм байдаггүй. Би зах ороод хаана хямдхан юм байна, хаана 100 төгрөгийн татуу байна тэрийг л хайж явдаг. Ихэнх цагаа тиим юманд зарцуулдаг байсан. Би өвгөнийхөө цалинг амьдралдаа сайн хүргэх ёстой байлаа. Тэглээ гээд өвгөнөө жимсээр таслаагүй. Одоо эргээд бодоход энэ бол миний амьдралын хамгийн сайхан үе байжээ. Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн жил ч амьдарч болно.
-Зориг гэж хэн байсан бэ?
-Хамгийн хүнлэг хүн. Энэ бол түүний хамгийн гол чанар. Бүх хүнд тэр адилхан хүнлэг ханддаг байсан. Хүний дайтай хүн байсан. Байгаа байдал нь ямар ч дүр эегээгүй жүжиг тоглоогүй, баггүй, байгаа нь л тиим хүн. Зорилгодоо үнэнч ганцхан хүнлэг л гэж хэлж болно. Энэ бол агуу том чанар. Их зоригтой.
-С.Оюуныг ахынхаа үйл хэргийг сайн үргэлжлүүлнэ гэснийг та дэмжсэн байх аа?
-Миний нөхөр байнга тэмцэгч байсан. Түүнийг хар хүч ирээд аваад явчихсан. Шударга амьдарч болдог, мөнгөн дээр амьдрал тогтдоггүй гэдгийг тэр минь надад ойлгуулсан. Миний нөхөр үнэний төлөө тэмцэгч лидер байсан, түүнийг дэмждэг хүн зөндөө бий. Одоо Оюунаа ханийн минь үйл хэргийг цааш нь үргэлжлүүлж, гүйцээгүйг нь гүйцээнэ дээ гэжээ.
Тэргүүн сонин 2004 оны аравдугаар сар. №05
(өдрийн сонин 2005-09-30 236)