С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчдыг олох найдлага найман жилээр алсрав

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг дурсацгааж, эзэн биегүй хэн нэгнээс амь насыг нь нэхдэг болсоор бүтэн найман жилийн нүүр үзэж байна. Гэнэтийн цочир энэ аллагын эзэд үтэр түргэн олдоосой хэмээн хүсч байсан зон олны итгэл тэр хэмжээгээр буюу найман жилээр алсрав.
Хоёрхон хоногипн дараа С.Зориг агсан хэн байсныг бүгд нэхэн дурсана. Нулимстай, хардлагатай, харуусалтай дурсамжууд хөврөх болно. Уг нь жирийн нэгнээс эхлээд төрийн өндөрлөг хүртлээ хүн бүхний сэтгэлд хадаастай байх ёстой зүйл бол алуурчинг хэзээ илрүүлэх вэ гэдэг асуулт баймаар. Цорын ганц амьд гэрч үлдээсэн хэрэг байж ч болзошгүй энэ гэмт үйлдлийг ямар хүмүүс үйлдэв, яагаад та нар илрүүлэхгүй байна вэ гэдгийг хүчний байгууллагаас нэхэж шаардах ёстой.
Ямар бид гэмт хэргийн илрүүлэлт нь дөнгөж нэг хувьтай байдаг гэх Мексикт амьдарч байгаа биш. Манай цагдаагийнхан харин ч, онц ноцтоп хүн амины гэмт хэрэг илрүүлэлтээрээ дээгүүрт ордог, чадвартай ажилтнуудтай гэж үнэлэгддэг юм билээ. Тэгэхээр Монгол орон даяар цочирдуулж, айдас хуруулсан энэ аллагыг үйлдэгчид хэзээ нэгэн цагт илрэх биз. Үйл үйлээ дагадаг гэсэн цэцэн үг бии. Монголчууд нүгэл нүдээрээ гарна ч гэж ярьдаг. Харин алуурчдыг илрүүлэн зарлах тэр цаг хугацаа хэзээ вэ?
Гэмтнийг гэсгээх ажил удааширч, хором хормоор цаг алдах нь бүхэнд хохиролтой. Цаг хугацаа бүхнийг илааршуулдаг болохоор удах тусам чин сэтгэлээсээ эмзэглэх нь багасч, энэ хэргээр улс төр хийх нь нэмэгдэнэ. Ийм байдал ч хэдийнэ бий болсон. Энэ найман жилийн хугацаанд хоёронтоо болсон сонгуульд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэх амлалт хичнээн байсныг сонгогчид санаж байгаа биз ээ.
Хэн яагаад заавал С.Зоригийг алах болов гэх учир битүүлэг хардлага нийгэм даяар цацагдаж өдийг хүрснээр байдал бүр ч дордож байна. Хэргийн талаар ямар нэг ул мөргүй мэт авирласаар, түүнд нь бид итгэсээр байх уу?
Тэр хар орой С.Зориг 22.30 минутын үед гэрийнхээ үүдэнд буусан талаар жолооч нь мэдүүлсэн байдаг. Гэтэл аллагын тухай анхны мэдээ цагдаад 22.40 минутад ирсэн гэдэг. Алуурчид талийгаачийн цээжинд 13 удаа хутгалснаас гурав нь зүрхэнд нь, хоёр нь уушгинд нь оржээ. Магадлангийн онош нь зүрхэнд мэс орсноос нас барсан гэж. С.Зориг агсны амь насыг егүүтгэхээсээ өмнө гэмт хэрэгтнүүд эхнэрийнх нь гарыг үдээсээр хүлээд жорлонд нь түгжчихсэн гэж байгаа. Тэгэхээр нөхрийг нь хөнөөж байхад эхнэр нь ариун цэврийнхээ өрөөнд сууж байж. Хаалга түлхүүрдэх чимээнээр хашгирч болоогүй юм байх даа гэж бодогддог. Түүний амыг наалддаг туузаар битүүлээгүй шүү дээ. Хэрвээ амыг нь таглачихсан бол алуурчид явсны дараа хөршийнхөө хүүхдийг орж ирэхэд Наашаа ороод ир дээ гэж хэлэхгүй байсан болов уу,
Цаг хугацааны хувьд арав гаруйхан минутын дараа цагдаад дуудлага өгч халуун мөрөөр нь оруулаад байхад гардаж болоогүй юм болов уу.
Яагаад хэргийн газрын үзлэгийг тэр дор нь хийлгүй 70 орчим хүн дотогш нэвтрүүлсэн юм бэ? Тэр тоолонд мөр баларч байсан хэрэг. Ингэх сонирхол хэнд байв? Хэргийн амьд ганц гэрч яагаад энэ талаар дуугардаггүй юм бол.
Энэ мэтчилэн олон таамаг гарч, эргэлзээ төрүүлнэ. Тэр бүү хэл, түүний үхлийн талаар урьдчилан төлөвлөсөн байсан тухай сонин хэвлэлээр удаа дараа мэдээлж байсныг олон хүн санаж буй. Тухайлбал, Хувийн мөрдөгч сонины 2002 оны №16,17 дугаарт С.Зориг агсны алагдахыг цагдаагийнхан найман цагийн өмнө мэджээ нэртэй материал нийтлэгдсэн байсан. Түүнд бичсэнээр бол ийм аллага болно гэж учир битүүлэг хоёр залуу хэллээ гэдгийг гэр бүлийн хоёр Хотын цагдаагийн газар руу утасдаж хэлсэн байх юм. Гэвч цагдаагийнхан үүнд нь ач холбогдол өгөөгүй бололтой. Мэдээж итгээгүй байх л даа. Гэхдээ энэ хэргийг өөртөө хүлээх зэргээр өчнөөн шоу болсныг бас үгүйсгэхгүй. Монгол орны хэмжээнд хичнээн Бат, Оюуныг шалгаад алуурчдыг олсонгүй. Бүр 500 сая төгрөг амлаад ч ямар нэг үр дүнд гарсангүй.
Хүүг минь хөнөөсөн алуурчдыг Монголын төр бариад авна гэж хүлээсэн ээжийнх нь нас хүрсэнгүй. Сэтгэлдээ харуусалтай, нүдэндээ нулимстаигаар хорвоог орхив. Түүгээр ч зогсохгүй энэ хэрэг дээр ажиллаж байсан хүмүүсийн зарим нь ч хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэд өөрсдийн илрүүлсэн нууцаа өөртэйгээ аваад одсон. Харин хэрэг илрээгүй л байна.
Энэ бүхний эцэст хэрэгтнүүдийг хэзээ илрүүлэх гэж дахиад л цөхрөхгүйгээр асууя.
Н.САРАНЧИМЭГ
(өдрийн сонин 2005-09-30 236)