Ардчилсан нам бүлэггүй, Засгийн газар тулгуургүй болов

өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орсон нам бүлэг байгуулж болох бөгөөд тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд орно гэж өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд АН УИХ-д өөрийн бүлэгтэй болсон билээ. Ц.Элбэгдоржийн Засгийн газар ч эрх зүйн чадамжийн хувьд бэхжиж, УИХ дахь МАХН, АН-ын гэх хаягтай болсон. Энэ боломжийг олгосон тус хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөвхөн 2004 оны УИХ-ын сонгуулиар байгуулсан парламентад мөрдөхөөр заасан юм. Энэ бүхэн нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж иргэн Х.Тэмүүжин, Д.Баяраа нар Цэцэд өргедөл гаргажээ. Энэ дагуу Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Ж.Амарсанаа, Л.Ренчин, Ц.Сарантуяа, Н.Жанцан нар оролцлоо. Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гансүх гадаадад томилолттой байгаа тул Р.Гончигдорж түүнийг төлөөлж ирэв. Тэрээр УИХ-ын дарга Ц.Нямдоржийн нөхөн томилсон захирамжийн дагуу хуралд иржээ. Мөн гишүүн Э.Бат-Үүл УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Цэц бол Үндсэн хуулийн шүүх. Тийм учраас шүүхийн бүх процедурын дагуу хуралдаан болов. Хуралдааны явцаас ажихад нэхэмжлэл гаргасан иргэд УИХ өөрсдөдөө зориулж хууль баталсан, эвсэл задарсны дараа түүнд багтаж байсан намын гишүүд нийлж бүлэг байгуулах эрхгүй гэж үзэж байв. Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гончигдорж, хууль тогтоох эрх мэдэл УИХ-д хадгалагддаг. УИХ-ыг өөртөө зориулж хууль баталдаг гэж буруутгах аргагүй. Тухайлбал, УИХ-ын тухай хууль бол зөвхөн УИХ, түүний гишүүдэд зориулсан л хууль. Түүнчилэн УИХ-ын тухай хуульд наймаас дээш суудалтай нам парламентад бүлэг байгуулахаар заасан. УИХ энэ заалтыг баталсан өдрөөсөө л мөрдөж эхэлсэн. Намын бүлгийн тухайд эвсэл задарсны дараа түүнд багтаж байсан намууд бүлэг байгуулж болох эсэх тухай харилцаа зохицуулалтгүй байсан. Түүнийг л хуульчилсан. Үндсэн хуульд УИХ-ын дэд даргыг тухайн сонгуулийн үр дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс сонгодог. Сая байгуулсан АН-ын бүлэг бол Үндсэн хуульд заасан тэр бүлгээс өөр. Үндсэн хуулийн энэ заалт бол УИХ-ын дэд даргыг хаанаас, яаж сонгохыг л хуульчилсан заалт. Харин АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргыг сонговол энэ нь жинхэнэ Үндсэн хуулийг зөрчсөн болно гэж тайлбарлаж байлаа.
Хуралдааны үеэр олон асуулт, хариулт гарсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуультайгаа адил үйлчлэлтэй юү, хуулиас давсан зөвшилцөл байж болох уу, гээд л.
Тухайлбал
Ж.Амарсанаа
– АН-ын гишүүд тус тусдаа хоёр хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ ямар учиртай юм бэ. Нэгтгэж болоогүй юм уу?
Р.Гончигдорж
-АН-ын бүлэг байгуулах тухай хуулийн төслийг хамгийн анх Э.Бат-Үүл нар санаачилж УИХ-д өргөн барьсан. Энэ үед УИХ-д 62-ын гэх нэгдсэн бүлэг ажиллаж байсан тул АН тусдаа бүлэг байгуулах боломжгүй байсан. Харин 62-ын бүлэг задарсны дараа С.Ламбаа, Л.Гансүх нарын гишүүд мөн ийм утгатай хуулийн төсөл өргөн барьсан. Гишүүд ингэж давхардуулан хууль санаачлах тохиолдол байдаг. Үүнийг төсөл санаачлагчид тохиролцвол нэг төсөл болгон УИХ-аар хэлэлццэг. Тэр журмаар хэлэлцсэн.
Л.Ренчин
-УИХ-ын тухай хуульд тухайн сонгуулийн үр дүнд наймаас дээш суудал авсан нам бүлэг байгуулж болохоор заасан. Гэтэл УИХ-д нэр дэвшүүлсэн субъект нь Эх орон ардчилал эвсэл болохоос бус, АН биш шүү дээ.
Р.Гончигдорж
-Сонгуульд анх нэр дэвшүүлсэн субъект нь АН гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, Эх орон-ардчилал эвслээр дамжиж тодорхой авсан квотынхоо үндсэн дээр АН нэр дэвшүүлсэн. Тийм учраас анх эвслийн нэрээр АН-аас нэр дэвшин сонгогдсон 25 гишүүн намын бүлэгт багтаж байгаа.
Н.Жанцан
-Өөрсөддөө зориулж хууль баталсан гэдгийг эрх зүйн талаас нь нотлохгүй юу?
Х.Тэмүүжин
-Хууль бол одоо болон ирээдүйд үүсэх харилцааг зохицуулдаг. Гэтэл АН-ын бүлэг байгуулахыг хуульчилсан УИХ-ын тухай нэмэлт өөрчлөлт нь ирээдүйд үүсч болох харилцааг зохицуулахаасаа илүүтэй зөвхөн энэ удаа л АН-д бүлэг байгуулах боломжийг олгохын тулд хуульчилсан мэт харагдаж байгаа.
Тодруулбал, уг хуулийг зөв хөн энэ УИХ-д хэрэглэхээр заасан байгаа. Энэ нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа.
Цэцийн хуралдаан энэ мэтээр асуулт, хариулт, мэтгэлцээний журмаар үргэлжилж өндөрлөсөн. Хуралдааны төгсгөлд өргөдөл гаргасан нэхэмжлэгчид өөрсдийнхөө байр сууринд баттай байгааг илэрхийлсэн бол гишүүн Э.Бат-Үүл тэднээс Та бүхэн яагаад заавал энэ цаг хугацааг сонгож Цэцэд хандсан юм бэ гэж асууж байлаа. Үүнд нь нэхэмжлэгчид АН-д бүлэг байгуулах боломж олгосон хуулийг 2005 оны наймдугаар сарын 5-нд баталсан. Бид тус тусдаа есдүгээр сарын эхээр өргөдөл гаргасан. Сонгогчдын эрх ашиг хөсөрдөж Үндсэн хууль зөрчиж байгааг нотлохын тулд л Цэцэд хандаж байгаа. Түүнээс биш, улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй гэж хариуллаа. Мөн гишүүн Э.Бат-Үүл өнөөдрийн парламентад АН-ын бүлэг байгуулах эрх зүйн боломж анхнаасаа нээлттэй байсан. Харин УИХ-ын болон намуудын удирдлагуудын ашиг сонирхлоос болоод АН бүлэгтүй явж ирсэн. Хэрэв Цэц өргөдөл гаргасан иргэдийн гомдлын дагуу УИХ-д АН-ын бүлэг байгуулсан нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж шийдвэл энэ нь Монголын ардчилалд том цохилт болно. Магадгүй зарим хүн хуульд улс төрийн сонирхлоор хандах хандлагыг ч нэмэгдүүлнэ шүү гэж байлаа. Үүгээр Цэцийн хуралдаан өндөрлөв. Цэцийн гишүүд зөвлөлдсөний эцэст УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэж байсан нам бүлэг байгуулж болох
бөгөөд намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд орно гэсэн заалт нь Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн УИХ-ын тухай сонгуулийн дүнд нам, эвслийн бүлэг байгуулж болох тухай заалтыг зөрчсөн байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Цэц УИХ-д анх нэр дэвшүүлсэн субъект нь АН биш Эх орон-ардчилал эвсэл. Иймд өнөөдрийн УИХ-д Эх орон-ардчилал эвслийн бүлэг гэж байхаас бус хэдийгээр 25 суудалтай ч АН-ын бүлэг гэж байх боломжгүй гэж үзжээ. Мөн Цэц УИХ-д АН-ын бүлэг байгуулах боломж олгосон УИХ-ын тухай нэмэлт өөрчлөлтийг 2005 оны аравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр тогтоов. Мөн Цэцийн дүгнэлтийг УИХ-ын намрын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг УИХ-д уламжиллаа. Ийнхүү Цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнээр УИХ-д АН бүлэггүй болж, Засгийн газар эрх зүйн чадамжийн хувьд эргэлзээтэй болов. Тодруулбал, Эх орон-ардчилал эвсэл болон 62-ын бүлэг задарсны дараа Монголын улс төрд үүссэн ойлгомжгүй байдал дахин давтагдах нь.
Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар 15 хоногийн дотор хэлэлцэх учиртай. Хэрэв Цэцийн дүгнэлтийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжвэл хууль хүчингүй болно. Харин дамжихгүй гэж үзвэл Цэц уг маргааныг Их суудлын хуралдаанаараа дахин хэлэлцэх юм.
Г.АЖ-УУЛ
/Зууны мэдээ 2005.10.1/