Нарантуул-ын агуулахаас их хэмжээний хуурамч дугуй булант илэрчээ
Хатуу байхаар нь шахалт сайтай сайн цай байх л гэж бодсон гэсэн гомдол Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт иржээ. Дээрх гомдлын дагуу Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн мэргэжилтэн Ц.Дамчаа, Б. Ирэх-Амарчулуун нар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэсэгтэй хамтарч Олон улсын худалдааны төв Нарантуул болон 100 айлын барилгын материалын зах дээр зарагдаж байгаа зарим төрлийн бараанд шалгалт хийсэн байна. Шалгалтаар Нарантуул захын өргөтгөлийн нэгэн агуулахаас 300 гаруй хуурамч цай гарсан аж.
Хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу зах болон зарим дэлгүүрт шалгалт хийхэд ихэвчлэн хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаж, иргэдийн эрхийг зөрчиж байдаг хэмээн тус нийгэмлэгийн мэргэжилтэн ярьсан. Энэ удаагийн шалгалтаар Таван богд ХХК-ийн дугуй булантай ногоон цай, ОХУ-ын үйлдэрлэсэн Обухов, Бумага ариун цэврийн цаас, ОХУ-ын гарын глицеринтэй тэжээлийн тос, гэрлийн орос шилийг хуурамчаар үйлдвэрлээд борлуулж байсныг илрүүлжээ.
Хятадын Эрээн хотод хуурамчаар үйлдвэрлээд Нарантуул зах дээр худалдаалж байсан Обухов, Бумага ариун цэврийн цааснаас мөөгенцөр үүегэдэг нян илэрсэн талаар манай сонин өмнө сэрэмжлүулж байсан. Үүний мөрөөр УМХГ-аас шалгалт хийсний дагуу ийнхүү Хятадын Эрээн хотод үйлдвэрлэсэн хуурамч бүтээгдэхүүн байжээ. Ариун цэврийн цаасны гадна талын боодлыг нь хувилж олшруулаад дотор нь хуурамч, чанар муутай цаас хийн ийнхүү худалдаалж байжээ. Хуурамч цаас нь гаднаас нь харахад андашгүй гэнэ. Ороолт нь сул, цаасны өнгэ нь цайвар бөгөөд уртын хэмжээ метртээ хүрэхгүй, өргөний хэмжээ нарийн байгаа аж
Мөн лимонтой гарын тос гэж хуурамч тос худалдаж байсныг илрүүлжээ. Гарын хуурамч тосыг Гэгээ ХХК хэмээх эмчилгээний гоо сайхны компанид үйлдвэрлэж байгаа гэнэ. Гэгээ ХХК нь ОХУ-д үйлдвэрлэсэн лимонтой тосны гадна хайрцаг, сав боодлыг дуурайлган үйлдвэрлэж дотор нь өөрсдийн бүтээгдэхүүнээ хийсэн байжээ.
Гэгээ-ээс гаргаж байгаа энэ тос нь стандартын чанар хангахгүй, тохирлын гэрчилгээгүй, ямар бүтээгдэхүүнээр хийдэг нь ч тодорхойгүй байгаа юм байна. Энэ тосыг манай зах зээл дээр 700 төгрөгөөр зарж байгаа бол хуурамч нь 500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Сүхбаатар дүүргийн барилгын материалын Зуун айл-ын худалдааны төвөөс гэрлийн шил худалдан авсан хэрэглэгчдийн гомдлын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарч барилгын материалын захуудад шалгалт хийсэн байна. Энд Киргиз улсад үйлдвэрлэсэн гэрлийн шилийг хуурамчаар үйлдвэрлэсэн байсан нь илэрчээ. Иргэдийн хамгийн өргөн хэрэглээний бараа бол оросын гэрлийн шил. Хуурамч гэрлийн шил нь амархан шатдаг бөгөөд урд хөршийн Эрээн хотод үйлдвэрлэсэн юм байна. Манай улсад албан ёсоор тус гэрлийн шилийг оруулж ирдэг компани бол Орос гэрэл ХХК. Энэ нь Киргизийн гэрлийн шилний үйлдвэрээс оруулж ирдэг манай улсын албан ёсны гэрээт борлуулагч нь юм байна.
Зах дээр зарагдаж байгаа хуурамч гэрлийн шилийг танихад маш амархан гэнэ. Шилний доод үзүүрт байдаг үйлдвэрлэсэн он сар, заводын эмблем тэмдгийг тэмтрээд узэхэд гарт мэдэгддэг бөгөөд амархан арилдаг бол жинхэнэ шилэнд байгаа эмблем нь гарт мэдэгдэхгүй юм байна. Эмблемийн МС гэсэн тэмдэг нь муурын толгойн дүрстэй бөгөөд тод, хажуудах тоо нь ромбо тоогоор 1-4 хүртэл байдаг бол хуурамч нь бүдэгхэн ганцхан 7 гэсэн тоо байгаа аж.
Хэрэглэгчдийн эрх ашгийг амгаалах нийгэмлэгээс иргэддээ, аливаа нэг зүйлийг худалдан авахдаа ямар ч сонголт хийхгүйгээр, хаанаас ирсэн, ямар үйлчилгээтэй, манайд байгаа албан ёсны гэрээт борлуулагчийг нягталж үзэлгүй бараа бүтээгдэхүун худалдаж авахгүй байхыг сануулж байсан. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн мэргэжилтэн Ц.Дамчаа,
-Манай хэрэглэгчид ил задгай худалдаанаас аль болох бараа авахгүй байх нь дээр. Ялангуяа нь хүнсний зүйлийг. Сүүлийн үед хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаалдаг, оруулж ирдэг хүмүүсийн сүлжээ бий болсон байна. Бөөний худалдааны төв захуудад хадгалалтын журам зөрчсөн, борлуулах эрхийн бичиггүй хүнсний бүтээгдэхүүн их зарагдаж байна.
Тухайлбал Нарантуул захын өргөтгөлийн 311 дүгээр хүнсний бүтээгдэхүүний агуулахад амархан мууддаг жимс, жимсгэнэ их хэмжээгээр хадгалан борлуулж байсан хэсэг хятад иргэдийг шалгасан. Энд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим гэж байсангүй. Хадгалах хугацааны талаар ярих зүйл ч байхгүй. Бид хүнсний чанар баталгаажилтыг шаардахаар тэдгээр хятад иргэд нэгэн хуурамч бичиг авчирч үзүүлсэн. /Битүү скочдсон 2005 он дугаар 109 гэсэн хуудас цаас байлаа. Х.Г/ Хэзээ, хэнээр, хаанаас хийлгэсэн нь тодорхойгүй.АЦШ ХХК гэсэн нэгэн хувийн компанийн тамга дарчихсан хэн гэж байгаа нь мэдэгдэхгүй, байцаагчдын гарын үсгийг нь татлаад зурчихсан хуудас байсан хэмээн ярив.
Х.ГАН-ЯЛАЛТ
(өнөөдрийн монгол 2005-10-03 106)