Л.НАСАНБУЯН Нэгэн цагт цуутай опера болно
Түрүүлсэн ч хожигдсон ч. Та боддоо, миний бүтэн жилийн хөдөлмөр тэрхэн мөчид шийдэгдэх учиртай. Заримдаа бүр хаашаа ч юм сураггүй алга болмоор ч юм шиг.
-Хэдийгээр шийдвэрлэх мөч ч гэлээ, өөрөө энэ хугацаанд багагүй туршлага хуримтлуулсан шүү дээ?
-Тийм ээ. Гэхдээ л санаа зовоосон зүйл байсаар байна. Надад маш олон хүн тусалж байгаа. Ялангуяа, намайг итгэж сонгосон Номин эгчдээ бас Камертон-ы Ганаа, Д.Дашиймаа багшдаа, Хурд хамтлагийн Отгонбаяр, Ганбаяр ах нартаа баярлалаа гэж хэлэх байна. Мөн намайг жилийн турш дэмжиж ирсэн найз нартаа аав, ээждээ, Тэмүүжин театрын багш нартаа Надад итгээрэй, би ялахын төлөө хичээх болно гэе дээ.
-Уучлаарай,бид хоёр сайн ч танилцаж амжилгүй шууд л ялалтын тухай хөөрөлдөж. Ингэхэд Насаакаа маань хаанахынх билээ.
-Баянхонгорынх. Туулай жилтэй, матрын ордонд төрсөн. Олон хүүхдэт Лодойн бага охин. Аймагтаа арван жил дүүргэж, Тэмүүжин театраа дуулж байлаа. Дашрамд өгүүлэхэд, манай Тэмүүжин театр их гоё. Бас багш нарынх нь мундгийг яана. Тэндээс урлагын олон арван алдартнууд төрсөн гэж би хувьдаа боддог.
-Өнөөдрийн Насаакаа жилийн өмнөх Насанбуян хоёрт зөрүү их байна гэвэл хүлээн зөвшөөрөх үү?
-Зөвшөөрөлгүй яах вэ. Би их хурдан өөрчлөгдсөн ш дээ. Би санаж байна. Оддын эрлийн анхны шалгаруулалтад орж байсан тэр үеийг одоо дурсахад,өөрийн эрхгүй инээд хүрдэг. Тэр үед би чанга л дуулбал болно гэж бодож байлаа. Үнэндээ өөрт ямар хувцас зохихыг ч мэддэггүй байв. Харин одоо бол өөр. Бас тайзан дээр биеэ авч явахаас өгсүүлээд их олон зүйлийг мэдэж авсан. Гэхдээ ийн хувирхад миний хичээл зүтгэлээс гадна олон арван хүний чин сэтгэлийн зөвлөгөө нөлөөлсөн ш дээ.
-Өдгөө өөрөө СУИС-ийн дуурийн дуучны ангийн оюутан болжээ. Харин ирээдүйн дуурийн дуучны хоолойг эстрад эвдчихгүй байгаа. Учир нь мэргэжлийн хүмүүс хоолойг чинь их чадалтай, опера гэж байсан л даа.
-Яг үнэнийг хэлэхэд, өнгөрсөн зунжингаа оддын эрлээр амьсгалсан болоод тэрүү Дашиймаа багшийг юу гэх бол гэхээс айж байсан л даа. Гэвч багш маань загнах нь бүү хэл, харин ч дэмжиж буй бололтой Чи минь яагаад л од болох гээд л ядаад байгаа юм бэ дээ гээд хэрхэн дуулах талаар зөвлөгөө өгсөн. Би ирээдүгээ эстрад операар төсөөлж байгаа. Дууриар чадахаасаа чадахгүйгээ хүртлээ явах болно. Тэгээд ч опера бол гайхамшиг шүү дээ.
-Фенүүд чинь мессежээр саналаа өгч байгаа. Нууц биш бол залуусын хандлага ямар байх юм?
-Өө,янз янзын л мессеж ирж байна. Чамайг эцсээ хүртэл дэмжих болно. Чи ялна энэ тэр гээд л дэм өгч байхад заримаас нь Чи мангар, битгий нэр хүндтэй хүмүүсийг дууриагаад бай гэхчлэн авч өгнө. Гэхдээ л дэмжиж буй нь хавьгүй олон. Тэдэндээ баярлалаа гэх байна. Би гала концертод охидуудыг доргиож, хөвгүүдийг хөөргөсөн нэгэн дуугаар сюрприз барина. Уг дууны үгийг яруу найрагч Л.Өлзийтөгс эгч бичсэн харин би аяыг нь хийсэн юм.
-Чиний эцсийн зорилго бол од болох явдал. Үнэн хэрэгтээ тэр оддын амьдралаар амьдарна гэдэг чинь тийм дурламаар зүйл гэж үү?
-Би юуны төлөө урлаг руу тэмүүлсэн юм бэ. Надад од болох чадал, чадвар, бололцоо байна шүү дээ. Олны танил байж тэднээр хүрээлүүлнэ гэдэг хэн хүнд олддог тавилан биш. Алдаа гаргах эрхгүй болдог нь ч надад таалагддаг. Жилийн өмнө намайг хэн ч таньдаггүй байсан бол Оддын эрэлд өрсөлдсөнөөр өдгөө олон хүн намайг таньдаг болсон. Нэг удаа би гудамжинд алхаж явтал зөрж өнгөрсөн охид Ээ Насаака чинь амьдрал дээр ямар царай муутай юм бэ? гэж ирээд л хашгирч билээ. Тэр үед тэд нарт үнэнхүү гомдсон юмдаг. Одоо бүр өөртөө дурлачихаад байгаа. Бас өөрөөрөө бахархах болсон. Юугаараа гэвэл, бусдаас ганц болов юмаар илүү байна гэдэг бахархах зүйл биш гэж үү.
Ч. ЧУЛУУН
(өдрийн сонин 2005-10-03 237)