Хүрээний хөөрхөн бүсгүйчүүд буюу найм дахь мисс хэн бэ?
Яруу найрагч, урлаг соёл судлаач, орь залуу насныхан за ер нь бүгд л өөр өөрсдийнхөө нүдээр, нэн ялангуяа эрчүүл өөрийн нүдээр харсан сайхан бүсгүйг сэтгэлдээ товлон түүнээс илүү дутууг жишиж сонжих нь аль ч үеийн уламжлал. Юутай ч энэ бүгд нь утга уянгын, хорвоод амьд явахын, хүн болж төрсөний нэгэн гоо сайхан гэдэг. Тэр гоо сайхны хүчээр хүмүүн төрөлхтөн өнөөдөр амьтнаас ялгагдаж, тэр их хүч энергийн дэмэнд хөгжиж дэвжиж явдаг гэнэ. Нэг бодлын хүн төрөлхтөн өчүүхэн шалтгаантай ч юм шиг.
Таван настай хүү аавтайгаа хүүрнэж суух. Зурагтаар гарч буй байлдаантай кинонд заавал нэг шаврын хүүхнээс болж манай тал зовох юм. Тэр хүүхэн байгаагүй бол…тээ ааваа.
Ирэх арваннэгдүгээр сард Улаанбаатарын мисс-2005 тэмцээн зохион байгуулагдахаар болжээ. Энэ тэмцээнээс шалгарагсад Мисс Монголиа-2005-д оролцох эрх авна.
Тэмцээний албан зар нь товчхондоо ийм. Үүний цаана олон учир бий. Монгол орны өнцөг булан бүрт хичнээн сайн, сайхан бүсгүйчүүл байна. Тэр бүгдийг албан ёсоор төлөөлөн ирж нүүр улайлгахгүйгээр элэг нэгтэнийхээ өмнө гаран гэдэг том хариуцлага. Бүр оролцохгүй таслах нь оролцсоноосоо долоон дор цаг үе болжээ. Яагаад гэвэл дэлхий нийтээрээ мисс, гоо бүсгүй шалгаруулах уралдаан тэмцээнийг олимпиос дутахгүй ач холбогдол өгдөг болсоор заншсан.
Өөрийгөө гайхуулах талаар даруухан, өөрөөсөө илүүг тамын тогоонд татаад унагчихдаг атаархуу монголчуудын хувьд Мисс-ийн тэмцээн их л хожуу 1992 оноос буюу зах зээлийн үед л үүссэн түүхтэй. Одоо нэг үеэ бодвол мисс болсон охидоо янз бүрээр өөлж атаархахаа багасгажээ. Тэгээд ч монгол охид нийтээрээ нуруулаг, царайлаг голцуу нь уг тэмцээн явагдах таатай хөрс болсон. Зарим нэг оронд за бараг Монголоос бусад Африк зэрэгт аятайхан хүүхэн шалгаруулах нь битгий хэл олоход хэцүү дээ.
Элдэв сайн муугаараа дуудуулсан олон холбоод дотроос урлаг, соёл гоо сайхны Хатан-Эрдэнэ холбоо өдгөө Монголын охид бүсгүйчүүдийн сайн сайхны төлөөх албан ёсны төв болон тэсч үлдсэн.
Эднийх уламжлал ёсоороо Монголын миссийг тодруулахаар бэлтгэлдээ орсон тухай сураг сонсов. Хатан-Эрдэнэ -ий ерөнхий менежер Ё.Нямжав хэмээх Монголын мисс, дэлхийн оюутны миссийн шагналт бүсгүйгээс тэмцээний талаар шалгаасан.
Ё.Нямжав хэлэхдээ Улаанбаатарын мисс тэмцээнийг арваннэгдүгээр сард найм дахь удаагаа зохион явуулна. Дараа нь үргэлжлүүлээд баруун, төв, зүүн бүсийн миссийг тодруулна. Эцэст нь шалгарсан гоо бүсгүйчүүдийн дунд энэ ондоо багтаагаад Монголын миссийг тодруулах болно. Уг арга хэмжээнд оролцох охид бүсгүйчүүд маань Улаанбаатар хотын захирагчийн алба байрладаг Улаанбаатар банкны 11 давхарт байгаа манай холбооны өрөөнд ирж бүртгүүлнэ. Улаанбаатарын мисс тэмцээнд нийслэлийн охидууд ба хотод их, дээд сургуульд ирж суралцаж буй хүүхдүүд хамрагдана. Насны хязгаар 18-25. Мэдээж уламжлал ёсоороо нөхөргүй, хүүхэдгүй, элдэв шарх сорви, шивээсгүй, өндөр нь 165 см-ээс дээш охид ирцгээж байна. Миссийн шалгаруулалт тухайн хүний амьдралд нэг удаа тохиолддог тул урьд өмнө гоо бүсгүйгээр шалгарч байгсад дахин оролцдоггүй. Бид найм дахь удаагаа нийслэлийн сайхан бүсгүйг тодруулах ажилдаа орлоо. Улаанбаатарын охид гоо сайхнаараа алдартай. Тэдний дотроос хамгийн хамгийнийг тодруулахын тулд царай зүснээс гадна мэдлэг, хүнтэй харилцах соёл, хэлний мэдлэг, бизнес сэтгэлгээ зэрэг бусад өв тэгш үзүүлэлтийг шалгаж шударгаар шүүнэ. Тэмцээнийг урлаг, соёл, нийгмийн зүтгэлтэн янз бүрийн нэр бүхий хүмүүс хянан шүүх тул хэл ам, маргаан гарахгүй. Тэгээд ч Хатан-Эрдэнэ төв нь олон жил мисс шалгаруулж туршлагажсан албан ёсны байгууллага тул энэ талаар харьцангуй шударга. Дараа нь шалгарагсдаасаа гадаад арга хэмжээнд оролцуулдаг. Та бүхэн санаж буй байх 2004 онд А.Сарнай мисс газар дэлхийн мисс-д, Номин-Эрдэнэ, Цэнгүүнээ нар Сөүлд дэлхийн оюутны миссэд амжилттай оролцож байлаа. Он гараад шинээр тодрох миссүүд маань Дэлхийн монгол туургатны наадам, Мисс-Интернейшнл зэрэг олон тэмцээнд монгол охидынхоо өмнөөс оролцох хуваарьтай. Энэ удаагийн тэмцээнийг урьд өмнөхөөсөө арай өвөрмөц, онцгой хүрээлэлд зохион явуулахаар төлөвлөлөө. Охид, бүсгүйчүүд түрүүчээсээ бүртгүүлж манайхаас зохион явуулдаг сургалтад хамрагдаж байна гэсэн.
Хүрээний сайхан бүсгүйг шалгаруулахын тулд төдийгүй бүртгэж авахад ихээхэн учир утгатай болсон гэлцэх. Нэгэнт сайхан бүсгүйн тэмцээнд оролцох эрх авсан бүхэн эрүүл мэнд, эмэгтэйчүүд, арьс өнгө зэрэг холбогдох бүхий л эмчийн шат дамжлагыг давдаг. Урлаг, соёл, төр, нийгмийн нэр бүхий зүтгэлтэн, эрдэмтэд зааж зааварладаг. Урьд өмнө мисс болж байсан хоёроос доошгүй бүсгүйчүүл бас сорьж сонжино. Яагаад гэвэл Монголын мисс, Улаанбаатарын мисс хэмээх эрхэм нэр хүндийг өчүүхэн ч сэвтүүлэхгүйн төлөөнөө бүтэн нэртэй, бүгээн зүстэй уламжлалаа хадгалахыг хичээх нь зүй юмаа.
Ж.ГАНГАА
(өдрийн сонин 2005-10-03 237)