Универсальный бой-н Дэлхийн аваргаас Монголын офицер хүрэл медаль хүртлээ
Терроризмын эсрэг уриан дор болсон дэлхийн улс орнуудын шилдэг офицерүүд оролцдог энэ тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж, Монголын офицеруудыг дэлхийд данстай болгох бас нэгэн гүүр болж чадсан П.Баатартай уулзаж ярилцлаа.
Тэрбээр Дэлхийн аварга (2004), Ази тивийн аварга (2005), Шилдгийн шилдэг тамирчин-аар хоёронтоо шалгарсан Монголын шилдэг залуусын нэг юм.
-Танд юуны өмнө баяр хүргэе. Нэрнээсээ эхлээд л нэлээд хатуухан байж мэдэх энэ тэмцээнд хичнээн улс орны офицерууд оролцов. Нэлээд ширүүхэн тулаан болов уу?
– Баярлалаа. Юуны өмнө энэ боломжийг олгосон Хилийн цэргийн дээд сургууль, ХЦ-ийн 0151 дүгээр ангийн нийт бие бүрэлдэхүүндээ баярлалаа.
Дэлхийн олон орны шилдэг офицерүүд оролцсон болохоор мэдээж нэлээд ширүүхэн байсан. 36 орны 3000 орчим офицерүүд оролцсон.
-Монголоос таныг ганцаараа оролцсон гэж сонссон.
-Тэмцээнд өрсөлдөх офицерийн хувьд ганцаараа байсан. Харин надтай хамт албаны бусад хүмүүс цуг оролцсон.
-Хүрэл медалийн төлөөх тулаанд хаанахын ямар хүнтэй таарсан бэ?
-Киргизийг ялаад хагас финалд Азарбайджаны хүнтэй таарсан. 2004 оны энэ тэмцээний дэлхийн аварга хүн байсан. Рингэнд гарахдаа би анх зургаан оноогоор хожигдож, гуравдугаар үе дээр хоёр оноогоор илүү гарч ялсан.
-Өрсөлдсөн офицеруудынхаа тухайд юу хэлэх вэ. Дэлхийн шилдэг офицеруудтай тулалдаж үзсэн хүний хувьд манай офицеруудаас юугаараа илүү юу байна.
-ОХУ-ын Бабушкины академи, Резяновын академи, Украйн, Молдав, Америк, Францын офицерүүд бэлтгэл, чадвар нь харьцангүй илүү юм билээ. Гэхдээ манай офицерүүд тэднээс дутаад байхааргүй, эх орныхоо нэрийг баттай хамгаалах хэмжээнд бэлтгэгдэж чадсан юм байна гэж би ойлгосон.
-Та Кикбоксын Дэлхийн болон Азийн аварга цолыг авч байсан хүн. Харин саяны UNIFIGHT-аас та анх удаа эх орондоо медаль авчирлаа. Таны эдгээр амжилт юутай холбоотой гэж та боддог вэ. Дасгалжуулагч тань ямар хүн байдаг вэ?
-Хил хамгаалах ерөнхий газар нь ажлын маш өндөр шаардлагатай, хатуу дэг журамтай байгууллага учраас бид байнгын бэлтгэл сургуулилт болон ажил мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд ажилладаг. Энэ нь намайг эдгээр амжилтад хүргэсэн. Бас багш дасгалжуулагч, ХЦДС-ийн багш, дэд хурандаа Б.Чинбат багшийн олон жилийн дадлага туршлага заавар, зөвлөгөө их нөлөөлдөг.
-Энэ тэмцээнд оролцоход хамгийн хэцүү нь юу байсан вэ?
_ Очоод оролцоход дан ганц кикбокс, гардан тулааны тэмцээн биш байсан. Офицер хүний хийж чадах бүхий л зүйлийг минут, секундээр нь шалгасан бараг л офицерийн мэргэжлийн шалгаруулалт байсан. Гүйлтэн дундаа саадтай зурвас, зургаан метр торыг авирч даваад, хутга шидэн, бай буудаад рингэнд шууд гурван раунд тулалддаг. Тулааны үед хөл гаранд өчих, боох зэрэг хориотой бүх цохилтыг хийж болдог юм билээ. Нэг ёсондоо яг л жинхэнэ тулаан болдог.
-Таныг тулааны үед нэлээд хүнд бэртэл авсан гэх яриа тэмцээний үед Монголд гарсан байсан. Үнэхээр ийм бэртэл авсан юм уу?
– Тулаан бол тулаан. Хүнд нь ч юу юм бэ, бэртэл авах нь авсан.
-Одоо бие тань гайгүй болсон уу?
– Гайгүй ээ.
-Танд улам их амжилтыг хүсэн ерөөе.
Н.САРАНЧИМЭГ
(өдрийн сонин 2005-10-03 237)