Б.БАТЗАЯА Терроризмыг бага ярьж, бага бичиж, бага үзүүлэх ёстой

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Олон улсын бие хамгаалагчдын холбооны шагнал хүртсэн гэж сонслоо…
-ДЕТЕКТ аюулгүй байдлын зөвлөх компанийн ерөнхий захирлаар ажилладаг. Дэлхийн мэргэжлийн бие хамгаалагчдыг нэгтгэсэн хамгийн том байгууллага болох Олон Улсын Бие Хамгаалагчдын Холбооны /International Bodyguard Association/ Монгол дах Үндэсний захирлаар 1999 оноос, аюулгүй байдлын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэдэг 129 оронд гишүүнчлэлтэй Дэлхийн Aюулгүй Байдлын Байгууллагын /World Security Organization/ Бүсийн захирлаар 2001 оноос ажиллаж байна.
Төрийн тусгай хамгаалалтын газрын урилгаар энэ сарын эхээр Олон Улсын Бие Хамгаалагчдын Холбооны /ОУБХХ/ Ерөнхий захирал ноён Барон Жеймс Кастлешорт манай улсад ирж, Монголын төрийн тусгай хамгаалалтын газрын болон зарим хувийн хамгаалалтын байгууллагуудын алба хаагчдад сургалт явуулсан юм. Энэ үеэр эх орныхоо Үндэсний аюулгүй байдал, бие хамгаалагчийн мэргэжил, уг салбарын судлал болон ОУБХХ-ны хөгжилд өөрийн бодитой хувь нэмрээ оруулж байгаа учир хэмээн намайг Олон Улсын Бие Хамгаалагчдын Холбооны дээд шагнал Guardian Cross of Merit (Gold) in First Class буюу Меритийн 1 зэргийн Алтан Загалмай одонгоор шагнасан юм. Мөн энэ бүхэнд Төрийн тусгай хамгаалалтыг олон улсын жишигт хүргэх цаг үеийн шаардлага сэдвээр удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалж уг бүтээл маань Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд зөвлөмжөөр хүргэгдсэн зэрэг нь нэр хүндтэй шагналыг хүртэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу.
-Олон улсын бие хамгаалагчдын холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Энэ холбооны сургалтад хамрагдсаны давуу тал юу вэ?
-ОУБХХ нь 1957 онд Парис хотноо байгуулагдсан. Төрийн болон хувийн салбарын бие хамгаалагчдыг сургаж, бэлтгэн гаргадаг нэр хүнд бүхий, олон улсын төрийн бус байгууллага юм. Дэлхийн 97 оронд гишүүнчлэлтэй, 60 гаруй улсад салбар байгууллагатай. Тус холбооны сургалтыг дэлхийн хэмжээнд 40 орчим олон улсын сургагчид Холбооны Ерөнхий захирлын удирдлага дор явуулдаг. Дээр дурьдсан 40-өөд олон улсын сургагчдаас өнөөгийн байдлаар нэг л Ази сургагч байдаг нь монгол хүн юм. Ирэх жил Японоос нэг сургагч гарах байх. Сургагчдыг дотор нь туслах сургагч, олон улсын сургагч, профессор сургагч гэж гурав ангилдаг. Өнөөгийн байдлаар ОУБХХ-нд зургаан профессор сургагч байдаг. Мөн тус холбоонд одоогоор манай улсаас 28 иргэн гишүүнээр элссэн байгаа. Холбооны 40-60 цагийн анхан шатны сургалтад хамрагдвал ОУБХХ-ны жинхэнэ гишүүн болж энгэрийн улаан тэмдэг, 500 цагийн сургалтыг дүүргэвэл мөнгөн тэмдэг, 1000 цагийн сургалтыг дүүргэвэл энгэрийн алтан тэмдэг тус бүр олгодог онцлогтой. 100 цагийн сургалт дүүргэсэн хүн хувийн дугаар бүхий тусгай тэмдэг гардан авдаг ба энэ нь олон улсад данстай бие хамгаалагч болсныг гэрчилнэ.
– Ямар чадвар эзэмшсэн хүнийг бие хамгаалагч гэж хэлж болох вэ?
-Бие хамгаалагч хүн зургаан үндсэн ур чадварт суралцаж түүнийгээ эзэмшсэн байх ёстой гэж үздэг. Тухайлбал, шадарлан хамгаалалт, хамгаалалтын жолоодлого, мэдээлэл, захидал харилцааны нууцлал, электрон чагнах тоног төхөөрөмж, тэсрэх дэлбэрэх зүйлсийг таньж, хайж илрүүлэх. Ойрын зайн тулаан. Үүнд зэвсэг эзэмших чадвар, гардан тулааны урлаг зэрэг багтдаг. Түүнээс гадна эмнэлгийн анхны тусламжийг хамгаалуулагчдаа болон хамтрагчдаа үзүүлж чаддаг байх. Өнөө цагт эдгээр чадварт суралцаагүй хүнийг бие хамгаалагч гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
-Тун сонин юм байна. Хүмүүс бие хамгаалагчийг том биетэй, сайн зодолддог эсвэл сайн бууддаг хүнээр төсөөлж ойлгодог?
-Энэ үнээн. Гэхдээ харамсалтай нь энэ ташаа ойлголт ганц монголд ч биш бусад өндөр хөгжилтэй улс орнуудад ч мөн адил байдаг. Дэлхийн хэмжээнд өнөөдөр бие хамгаалагчаар ажиллаж байгаа хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь л мэргэжлийн бие хамгаалагчид байна гэсэн судалгаа байдаг. Судалгаанаас үзэхэд өндөр, хэт том биетэй хүний сэтгэх чадвар, самбаачлах хурд жирийн дундаж хүмүүсийнхээс удаан байдаг нь тогтоогдсон. Багт том биетэй хүнийг авч ажиллуулах асуудал нь хамгаалуулагч хэн байна вэ гэдгээс бас хамаарах тохиолдол байж болно. Хамгаалуулагч 120 кг жинтэй хүн бол түүнийг 80 кг жинтэй хүн хамгаалах нь эрсдэлтэй. Жишээ нь шаардлага гарсан үед бага жинтэй хамгаалагч өөрөөсөө хүнд, том биетэй хамгаалуулагчаа үүрээд ямар хурдаар, хэдий хугацаанд түүнийг аюулгүй орчинд шилжүүлж чадах вэ гэдэг асуулт гарч ирдэг.
-Терроризм дэлхий нийтийг нөмөрсөн энэ үед аюулгүй байдлын салбар, тэр дундаа бие хамгаалагчид ямар зохион байгуулалттайгаар ажилладаг бол?
-Маш сонирхолтой асуулт байна. Терроризмын аюул занал өндөр байгаа энэ цаг үед өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлын асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Үүнийгээ дагаад бие хамгаалалтын салбар ч хурдацтай хөгжиж байна гэж хэлж болно. Бид компьютераа вирусээс хамгаалахын тулд өдөр бүр интернетээс вирусээс хамгаалах программ нь даа апдэйт хийдэг шүү дээ. Яг үүнтэй адил аюулгүй байдлын албад нь өдөр бүр шинэчлэгдэн баяжиж, суралцаж байж улс орон, ард иргэдээ болзошгүй аюулаас хамгаалж чадна. Түүн дээр шинжлэх ухааны ололт амжилтыг хамгийн дээд боломжоор нь ашиглаж чаддаг байх шаардлага тусгай албадын өмнө тавигдаад байна. Мэдээж энэ бүхэнд төрийн дэмжлэг туслалцаа хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс таны тавьсан энэ сонирхолтой асуултын хариуг манай төрийн удирдах албаны хүмүүс анхааралдаа авч, тусгай албаддаа энэ чиглэлд түлхүү дэмжиж туслахад илүү их анхаараасай гэж хүсмээр байна.
-Манай улсад террорист ажиллагаа үйлдэгдэх магадлал хэр өндөр вэ. Аюулгүй байдлын асуудлаарх мэргэжилтний хувьд таны бодол?
-Энэ асуултыг асуугаасай гэж бодож суулаа. Энд нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. Юу гэвэл Бид терроризмын тухай аль болох бага ярьж, бага бичиж, бага үзүүлэх ёстой юм. Хэрэв ингэж чадвал бид терроризмын эсрэг үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Би юу гэж хэлэх гээд байна гэвэл Бид терроризмтой буруу тэмцэл хийж, тэдний дүрмэнд орж тоглоод байгаа юм. Үүнийг би дүгнэж хэлж байгаа биш, энэ бүхэн бол аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт. Террористуудад мянган хүн алах эсвэл нэг хүн алах гэдэг нь чухал бус. Харин энэ хэрэг явдлын талаар хэдэн хүн сонсож мэдэж айдаст автаж байна вэ гэдэг статистик хамгаас чухал, тэдний ажлын гол үзүүлэлт болж байдаг. Тиймээс энэ сэдэв тодорхой албан тушаалтнууд болон тусгай албадын хүрээнд ярьж хэлэлцдэг хаалттай сэдэв гэдгийг бүгд ойлгож, хүлээн зөвшөөрөх нь чухал. Ингэж чадвал дээр хэлсэнчлэн терроризмын эсрэг үйл хэрэгт бидний оруулж буй хувь нэмэр тэр болно.
-Өнөөдөр Монголын бие хамгаалагчид ямар төвшинд бэлтгэгдэж байна вэ. Бусад орны хамгаалагчдаас ялгарах зүйл бий үү?
-Бие хамгаалагчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэхэд материаллаг бааз чухал үүрэгтэй байдаг. Жишээ хэлэхэд өнөөдөр чагнаж тагнах болон тэсэрч дэлбэрэх электрон төхөөрөмжүүдийг илрүүлэхээс урьд тэдгээр нь ямар хэлбэр, хэмжээтэйгээр бидний дунд орж ирж болох вэ гэдэг нь илрүүлэхээсээ илүү төвөгтэй асуудал болсон цаг үе. Нано технологийн хөгжил энэ бүхэнд шинэ эргэлтийг авчирч бидэнд үзэгдэж харагдах боломжгүй төхөөрөмжүүдийг хийж бүтээх боломжийг олгож байна. Энэ бүхэнд суралцах боломж монголд маань хязгаарлагдмал гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэх мэтчилэн нарийн мэргэших, өдөр бүр мэдлэгээ дээшлүүлж суралцах боломж эх оронд маань тэр бүр бүрдээгүй гэж болно. Харин бидний монголчууд аливаа юмыг сурч, эзэмших талдаа бусдыг бодвол илүү түргэн, илүү овсгоотой байдаг нь бидний давуу тал юм. ОУБХХ-г үндэслэгч Люсьен Отт Бие хамгаалагчийн гол зэвсэг бол түүний оюун ухаан юм гэж хэлсэн байдаг. Түргэн сэтгэдэг, сэтгэлгээний чадвар өндөртэй зэрэг давуу талуудаа зөв ашиглаж чадвал дан ганц бие хамгаалалтын салбарт ч бус бусад салбаруудад монголчууд бид өндөр амжилт гаргах боломж тун өндөр гэж би хувьдаа боддог, мэдэрдэг.
-Энэ намрын УИХ-ын чуулганаар Хувийн шадарлан хамгаалалтын тухай хууль хэлэлцэгдэх гэж байгаа гэж сонссон. Энэ ажилд та оролцож байгаа юу?
-Би энэ хуулийн төслийг үзээгүй л дээ. Ийм хууль гаргах гэж байгаа нь сайшаалтай хэдий ч 2001 оны 6-р сард Хувийн хамгаалалтын тухай хууль гэж УИХ-аас баталсан. Гэвч энэ хуулийн дагалдах журам эрхийн актууд нь гараагүй, зохицуулагдах харилцаа нь зохицуулагдаж чадахгүй байсаар өнөөг хүрсэн гэж болно. Магадгүй энэ нь уг хуульд учир дутагдалтай зүйлс нэлээдгүй байсантай холбоотой байж болох. Миний бодлоор бид хуулийн нэр томъёоноос эхэлж бодох ёстой мэт. Хуулийнхаа нэр томъёоллыг зөв тодорхойлж чадахгүй бол яг тухайн харилцаагаа зөв зохицуулж чадахгүй байх гэж бодогдоод байгаа юм. Түрүүн дээр хэлсэнчлэн Шадарлан хамгаалалт гэдэг нь бие хамгаалалтын үйл ажиллагааны нэг л жижиг хэсэг юм шүү дээ. Тодруулбал хөл бөмбөгийн хаалгач ганцаараа өрсөлдөгч багийн эсрэг тоглох боломжгүйтэй адил, дан ганц шадарлан хамгаалалтаар хэн нэгний амь нас аюулгүй байдлыг хангах боломжгүй гэдгийг хатуу ойлгох ёстой.
Эмэгтэй хүн бие хамгаалагч хийх нь хэр тохиромжтой вэ?
-Эмэгтэйчүүд аюулыг урьдчилан мэдрэх зөн совингоороо, аливаа зүйлийг мэдрэх мэдрэмжээрээ эрчүүдээс илүү. Энэ ч утгаараа алдартай хүмүүсийн бие хамгаалагчдын багт эмэгтэй бие хамгаалагчид цөөнгүй байдаг.
-Олон улсад бие хамгаалагчдын цалин ямар байдаг бэ?
-Өнгөрсөн оны судалгаагаар мэргэжлийн бие хамгаалагчдын нэг цагийн ажлын хөлс Европын орнуудад дунджаар 40 евро байна гэсэн тооцоо гарсан. ОУБХХ бие хамгаалагчийн ажлын хөлс цагт 15 паунд байх нь бодит доод үнэлгээ гэж тооцоолсон байдаг. Ажиллаж байгаа орчин, хамгаалуулагчийн аюулын эрсдэл зэргээс шалтгаалж ажлын хөлс дээрхээс хэд дахин өсч болдог.
Яг энэ асуултын хариу болгож ОУБХХ-ны нэг профессорын ярьсан зүйлийг өгүүлье л дээ. Профессорын найз улсдаа тэргүүний баян гэгддэг нэгэн бизнесмэн түүнээс Би бие хамгаалагч нартаа яг хэдий хэмжээний мөнгө өгөх нь зохимжтой вэ гэж асууж л дээ. Харин профессор түүнээс хэн нэгэн хүн таны гарыг худалдаж авъя гэвэл хэдээр үнэлэх вэ? гэсэнд бизнесмэн Би юу боллоо гэж гараа худалдах юм бэ? Тэгээд ч миний гарыг худалдаж авч чадах хүн гарахгүй л болов уу гэжээ. Тэгэхэд нь профессор Таны гар л гэхэд тийм үнэтэй юм бол бүтэн биеийг чинь, амь насыг чинь хэдээр хамгаалж болох вэ гэдэгт ганцхан та л өөрөө хариулт өгч чадна шүү дээ гэсэн гэдэг.
Ч.АННА
(өдрийн сонин 2005-10-03 237)