Өвөө, эмээ нар цэцэрлэгт явдаг болжээ
Шатар даалуу тоглоод, үеийн чавганц нартай залуудаа яриагүй элдэв балай юмаа ярьдаг гээд хөхөрч байна. Өдгөө 65 нас шүргэж буй эмээ их л ганцаарддаг аж. Харин одоо тэр дөрөвдүгээр хорооны Р.Халиун эмээгээс авахуулаад зөндөө найзтай болжээ. Р.Халиун эмээ сувилалын нэг өдрийнхөө тухай ярихдаа Өглөө есөөс ирээд, хоолоо идэж, дасгалаа хийн, цайгаа уугаад 16 цагийн үед харьдаг хэмээн тайлбарлав. Сувилалын хоолны чанарын тухай асуухад Хачин гоё. Гэртээ идээгүй хоолоо энд иддэг хэмээн магтлаа.
Нийслэл Сонгинохайрхан дүүргийн өдрийн сувилалын эмээ, өвөө нар ахмадын өдрөөрөө Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой уулзсандаа зөндөө хөөрчээ. Б.Тоомой гуай бүр Төрийн том толгойлогч хүн ядарсан бидэнтэй ирж уулзаж, жаргал, зовлонгоо ярьж байгаад баярлаж байнаа гэж хэлснээ хоолой нь зангираад ирэв. 300 төгрөгөөр элэг аваад хоёр хонодог. Харьяалагдах байгууллага байхгүй. 34 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гээд л эмээ Ерөнхий сайдтай уулзсаных ёстой л жаргал, зовлонгоо ярив. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Харьяалалгүй ахмадуудыг харьяалалтай болгох, ахмадын өдрөөр хүлээж авах талаар Засаг дарга нарт албан даалгавар гаргасан-аа хэлсэн. Ахмадуудад зориулсан чийрэгжүүлэлт, сэргээн засалтын төвтэй болж байгаа гэнэ. Цаашдаа аймаг, сум бүхэн ийм төвтэй болно гэж тэрбээр ярив. Зарим сум аль хэдийнэ Ахмадын гэр-тэй болсоныг ч жишээ татлаа. Өмнө нь 1998 онд тэрбээр Ерөнхий сайд байхдаа хоёр дайнд оролцсон ахмадуудад 500 мянган төгрөгийн тусламж үзүүлж байсан бол энэ жил дайнд оролцсон ахмадууд 200 мянган төгрөгийн тэтгэлэг авсан юм. Ахмадууд тэтгэвэр тооцоход но гарч байгааг шүүмжилсэн учраас улсын хэмжээгээр шалгалт хийсэн аж. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарагчдын тэтгэврийг улс даах арга байж болохыг Засгийн газрын тэргүүн хэлсэн. Тэтгэврийн шинэ тогтолцоонд шилжсэнээр ахмадууд гурван эх үүсвэрээс мөнгө авах боломжтой болохыг ч тайлбарлав. НХХЯ-ныхан хүн бүр заавал хамрагдах суурь даатгал, ажил эрхлэгчдийн даатгал, хувийн тэтгэврийн сан хэмээх гурван давхаргын тусламжтайгаар харьцангуй өндөр тэтгэвэр авах гарц санал болгож байгаа юм. Засгийн газрын тэргүүний гарын бэлэг нь чихэр, боов байлаа. Хүүхэд хөгшин хүн адилхан гэж тэр бодоод баавгайтай чихэр базааж иржээ. Гоёмсог төмөр савтай чихрийн цуглуулга гардуулахдаа Ерөнхий сайд Зүү, утасны хайрцаг хийгээрэй гэж наргиа болгоход зарим эмээ нар түс хийтэл инээв. Засгийн газрын тэргүүн Сонгинохайрхан дүүргийн халамжийн төвийн дарга С.Чойноровт хандан Нүдийг нь олоод шаардлагатай хүнд нь өгөөрэй хэмээн 10 ширхэг тэргэнцэр бэлэглэсэн. Тус халамжийн төвийнхөн зөвхөн настай хүмүүст төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчилдэг юм билээ. Ерөнхий сайд бас гүйдэг зам гардууллаа. Биднийг тус төвтэй танилцаж явахад эмээ, өвөө нар яг тийм төхөөрөмжийн тусламжтайгаар гүйж байсан л даа. Энэ өрөөнд элсэн зам, давсан зам ч харагдсан. Эмээ, өвөө нар бэлгээ тэвэрсээр Ерөнхий сайдыг үдэв. Б.Тоомой эмээ гараараа даллан Ажилд чинь амжилт хүсье, хүү минь гэж хашгирч байна.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-10-03 237)