Цэцийн шийдвэр улс төрийн ээлжит бужигнааны эхийг тавив уу?
Ингээд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орж байсан нам бүлэг байгуулж болох бөгөөд намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн орно гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн УИХ-ын тухайн сонгуулийн дүнд нам, эвслийн бүлэг байгуулж болох тухай заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэц үзэв. Мөн Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2005 оны аравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэлээ. Энэхүү дүгнэлтийг УИХ-ын 2005 оны намрын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг УИХ-д уламжлахаар болсон байна. Хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-н гишүүн, Ардчилсан намын дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Э. Бат-Үүл нар оролцсон. Тэд хурал дуусан дуустал УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь зөвхөн хуулиудын хоорондох зөрчил гэж үзэж байсан. Тэгээд энэхүү зөрчлийг Үндсэн Хуулийн Цэц авч үзэх учиргүй хэмээн хэлж байв. Харин гомдол гаргагч талууд мэдээж хууль зөрчсөн гэдгийг тал талаас нь нотлохыг оролдож байлаа. Үндсэн хуулийн Цэцийн хуралд оролцогсод Бид улс төрийн шийдвэр гаргадаггүй, харин эрх зүйн шийдвэр гаргадаг гэж хэлсэн хэллэг, мөн Бид гомдол гаргахдаа улс төржөөгүй гэх зэрэг яриа байнга яригдаж байсан билээ. Цэцийн гишүүд гомдол гаргагч талд их л ширүүн байгаа мэт сэтгэгдлийг хурлын танхимд мэдрүүлж байлаа. Харин нөгөө талд нь эерүү зөөлөн байгаа ч юм шиг байсан. Хуралдааны төгсгөлд мэтгэлзэгч талууд төгсгөлийн үгээ хэлсэн. Өргөдөл гаргагч Х.Тэмүүжин хэлэхдээ УИХ-ын тухай хуульд оруулсан энэ нэмэлт өөрчлөлт нь төрийн ажиллагааны үндсэн зарчмыг зөрчснөөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгааг минь Цэц мэргэн оюундаа тунгаана бизээ гэв Харин Р.Гончигдорж хэлэхдээ Бид УИХ-д бий болоод байсан хуулиар зохицуулагдаагүй харилцааг зохицуулсан. УИХ-д бүлэг бий болсноороо сонгогчдын эрх ашгийг төлөөлөх, амалсан амлалтуудаа биелүүлэхэд хялбар дөхөм байдлыг үүсгэсэн ийм алхам болсон юм гэж байв. Харин Э. Бат-Үүл гишүүн хэлэхдээ Хэрвээ Цэцээс хууль бус гэсэн шийдвэр гарвал Монголын улс төрд дахин шинэ бужигнааныг бий болгоно шүү гэж байв. Гэвч Цэцийн шийдвэр гардагаараа гарлаа. Монголын улс төр хүссэн хүсээгүй одоо бужигнаж эхэлнэ. Энэ бол олон хүнийг од шүүрэхэд нь тус болох шийдвэр байж ч магадгүй юм. Цаашид хэрхэн улс төр бужигнахыг бид харж суух үлдлээ.
Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-10-03 237)