УИХ-ын дарга хорон үг хэлэв
УИХ-ын дарга Ц.Нямдорж тамирчдыг орж ирэхийн өмнөхөн За, тамирчдаа оруулаад ир! Би нэг хэдэн хорон үг хэлээд орхиё гээд инээмсэглэсэн. Тамирчид орж ирлээ. Тэд оныхоо амжилтыг танилцуулж байна. Монголын буудлагын спортын эмэгтэй тамирчид Тайланд улсаас анх удаа Ази тивийн аваргаас алтан медалийг нь багаараа аваад иржээ. Монгол Улсын гавъяат тамирчин буудлагын спортын мастер О.Гүндэгмаа 2005 онд Миланаас Дэлхийн цомын алт, Бээжингийн олимпийн эрх, Мюнханаас Дэлхийн цомын хүрэл, Банкгогоос Азийн аваргын хүрэл медаль хүртээд иржээ.
Ц.Мөнхзул мөн энэ онд Сингапурт хийн гар бууны төрөлд 10 орон оролцсоноос алтан медаль, спорт гар буунд нь мөнгөн медаль авчээ. Мөн Банкгогоос багаараа алтан медалийг 400 оноо авахаас 387 оноо авч гол үүрэг гүйцэтгэснээ тайлагналаа. Т.Баярмаа ч мөн адил Азийн аваргын алтан медалтай ирсэнээ УИХ-ын даргад танилцуулав. Х.Эрдэнэт-Од Ташкент хотод болсон жү-догийн Азийн аваргаас алтан медаль, мөн самбо бөхийн Азийн аваргаас алтан медаль, Дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээ спекирт танилцуулж байв.
Ц.Энхжаргал Унгарын Будапешт хотоос чөлөөт бөхөөр дэлхийн аваргын хүрэл медаль хүртжээ. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас Дэлхийн аваргын анхны медалыг мөн л энэ онд аваад ирэх нь тэр.
УИХ-ын дарга эмэгтэй тамирчдаараа бахархан дахин амжилт хүсэхдээ үнэхээр эрэгтэй тамирчдынхаа хорыг маажсан үг хэллээ. Яахаараа энэ эмэгтэйчүүд бүх газарт ингээд байдаг юм бэ. Эрчүүд спортын амжилтаараа эмэгтэйчүүдийгээ гүйцэхээ болилоо. Ер нь гүйцэх ч үгүй байх даа гэж хэлж орхив. Уулзалтад оролцсон МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Эмэгтэй тамирчид бэлтгэлээ тасалгүй жигд сайн хийдэг. Архи, тамхи, наймаанаас хол явдаг гэж эмэгтэй тамирчидаа магтангаа эрэгтэйчүүдийг нь хөөрхөн чимхээд авав. Ер нь бүх л тамирчид төр, засгийн өндөрлөгүүдтэй уулзах алтан хоромыг ашиглан мөнгө гуйгаад амждаг. Энэ удаад эрчүүдээсээ илүү амжилт үзүүлж яваа эмэгтэй тамирчид харин гуйлгын үг унагасангүй. УИХ-ын даргад мөнгөний мэдэл байхгүй гэж санасан уу, эсвэл энэ Нямдорж нөхөр хатуу хүн юм хялайлгахгүй биз гэж бодсон уу, эмэгтэйчүүд гүргэр болохоор мөнгөтэй мөнгөгүй бид амжилт гаргахаа л гаргана гэж өөртөө итгэсэн үү уулзалт тэгэсхийгээд өндөрлөв. УИХ-ын даргын хэлснээр эрэгтэй тамирчдын төлөөлөгчид төр засагтаа танилцуулахад Дэлхийн гэх медалийн тоо чанараараа эмэгтэй тамирчдаа гүйцэхгүй болжээ. Амжилт арвинтай байгаа эмэгтэй тамирчдын төлөө УИХ-ын гишүүн Д.Арвин өөрөө барилдаж, ноцолдох нь холгүй гүйж байна. Үүнийг ч бас УИХ-ын дарга үнэлж хөөргөөд авна лээ.
Г. ДАШРЭНЦЭН
(өдрийн сонин 2005-10-03 237)