Шинэ эмэнэлэг төрж, сургууль дотуур байртай болов
Орчин нөхцлийг нь сайжруулж, засч сэлбэлээ гэхэд жаахан будаж, шунхадсан өнөөх л байшиндаа төрөх тасгийг нь ийш тийш зөөж байрлуулах төдийхнөөс хэтрэхгүй. Зундаа гайгүй ч хүйтний улирал эхлэнгүүт сумын хэдэн хөгшчүүд тэр эмнэлгийн хаалгыг элээх дөхнө. Яг л иймэрхүү байдалтай ажилладаг байсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын эмнэлгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны (ХХААЯ) шугамаар хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд шинэчлэн ашиглалтад өглөө. Өнгөрсөн баасан гаригт болсон эмнэлгийн нээлтэд тус сум багтах 50 дугаар тойргоос УИХ-д суугаа эрхэм гишүү Б.Бат-Эрдэнэ болон ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Батсуурь, төслийн ерөнхий зохицуулагч нарын хүмүүс оролцсон. Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн (ИТХТ) дарга П.Баярт-Од ч аймгийнхаа төвөөс ирж эрхэм гишүүн, албаны хүмүүсийг угтсан. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, (ХААХОУС) Монгол улсын Засгийн газрын хооронд 2002 онд байгуулсан Зээлийн хэлэлцээр-ийн дагуу тус хөтөлбөр 2003 оны долдугаар сараас эхлэн Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж эхэлжээ. Мал аж ахуй үйлдвэрлэл ба байгалийн нөөцийн менежмент, нийгмийн хөгжил, хөдөөгийн санхүүгийн үйлчилгээ, Эдийн засгийн үйл ажиллагаа, менежмент гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй хөтөлбөрт дээрх аймгуудын олон иргэн холбогдож, үр ашгийг нь хүртэж иржээ.
Тийнхүү Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын эмнэлгийн барилгад 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Бас 23 сая төгрөгийн эмчилгээ оношлогооны аппарат нийлүүлсэн байна. Барилгын даац, зориулалтаараа 10 хүний ортой, тэр бүхэнд зөөлөн эдлэл, хэрэгсэл нийлүүлжээ. Одоо шинэ техник хэрэгсэлүүдийг эмчилгээ, оношлогоондоо ашиглаж ажиллах эмнэлгийн мэргэжилтнүүдийг бас сургах аж. Дипломын боловсролтой хүн олон болсон хэр нь хөдөө ажиллах боловсон хүчингүй гэж халаглах болсон өнөө цагт дөнгөж сургуулиа төгссөн нутгийн охин тэр шинэ эмнэлгийн их эмчээр очиж байгаад сумынхан их л сэтгэл өег байгаа гэсэн. УИХ-ын эрхэм гишүүн, манайхны хэлж заншсанаар дархан аварга маань ч бас залуухан эмчид хандан Манай шинэ эмч хот руу авчихгүй биз дээ. Сумандаа ажиллаж амьдарна шүү хө… гээд л учирлангуй захиж байгаа харагдсан. Эмнэлэг байсан хуучин байшинг ч зүгээр орхисонгүй. Мөн л төслийн хөрөнгөөр сургуулийн сурагчдын дотуур байр болгон ашиглажээ. Хэдхэн хоногийн өмнө 80 жилийн ойгоо тэмдэглэсэн энэ суманд өмнө нь сурагчдын дотуур байр байгаагүй нь хачирхалтай. Тийнхүү одоо 30 хүүхэд хүлээн авах боломжтой байртай болжээ.
Төслийн зохицуулагч болон бусад хүмүүс тус сумын мянгат малчин Д.Нэргүйгийнд очсон. Цэнхэрмандал сумын төвөөс 20 орчим км-ийн зайтай нутаглах эднийх сумандаа анх малчдын бүлэг байгуулж ажиллажээ. ХААХОУС-гийн хөрөнгөөр энэ малчны бүлэгт худаг гаргаж өгсөн байна. Учир нь энэ хавьд худаг ус ховор байдаг нь малын өсөлт, таргалалт, өвөлжилтөд муугаар нөлөөлж ирсэн гэж бүлгийнхэн хэлсэн. Мянгат малчин Д.Нэргүй яг энэ хотондоо өөрийн хүү, хүргэний хамт бүлэг болон ажиллаж байгаа аж. Бас нутгийн мал, хөрөнгөгүй залууг дэргэдээ авч, малжуулж, ажил амьдралд сургаж байгаа нь сумын малчдад үлгэр дууриал болж байгаа гэж сумын удирдлагууд тайлбарласан.
ХААХОУС-ийн төлөөлөгч Томасын дараагийн ажил нь мөн сумын Согоот багийн иргэдтэй уулзах байлаа. Малчид бэлчээрээ хашиж, байнга хараа хяналтдаа байлган эзэмших, ингэхийн тулд хашаа, хязгаарлалт барин хэрэглэх, бас багийнхаа малчдад цаг үеийн мэдээлэл хүргэхэд хэрэглэгдэх унаатай болох талаар саналууд хэлж байв. Энэ үеэр Хэнтий аймгийн цаг үеийн байдлын талаар ИТХТ-ийн дарга П.Баярт-Од зарим зүйлийг хуучилсан юм. Эднийх энэ жил гадаад харилцаагаа багагүй сайжруулж байгаа бөгөөд Японы байгууллагатай нийлж хэрэгжүүлэхээр санаачилсан төслийг нь хэрвээ Засгийн газраас дэмжвэл 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болоод байгаа гэсэн. Сүүлийн жилүүдэд манайд ихээр хэрэгжүүлж, дэмжиж байгаа фермерийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр тэр хөрөнгийг татаж байгаа юм билээ. Гэсэн ч Хэнтий аймагт бас ч фермерийн аж ахуй огт хөгжүүлээгүй газар биш. Гахай, шувуу, сүүний чиглэлээр фермер ажиллуулж эхэлсэн нь амжилттай хөгжиж байгаа аж. Бас Өвөрмонголын Хөлөнбуйр аймагтай хамтарч ажиллахаар гэрээ хийжээ. Хөлөнбуйрчууд хамгийн түрүүнд тоосгоны үйлдвэр байгуулахаар болоод байгаа аж. Аймаг өвөлжилтийн бэлтгэлээ ч 80 гаруй хувьтай хангажээ.
Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-10-03 237)