Дөчин мянга орон сууц, дөрвөлжин хувьсгалын жор

Хотыг тойрсон өндөр уулнаас ирэх салхи нь Монголын үнэртэй. Ногоон байгууламж, хүчилтөрөгчийг тэтгэгч ой модыг зүгээр л түлээ гэж үзнэ.
Бидний хорин хувь нь орон сууцтай. Сууцны айл гал тогоондоо хоёр , ванндаа хоёр, жорлондоо нэг, нийлээд халуун, хүйтэн усны таван кранттай. Гэр хорооллын айлууд мянгуулаа дундаа нэг л хүйтэн усны крантттай. Тэр нь цагаан худаг. Орон сууцанд амьдардаг хүнтэй адилхан л бие махбодитой, хэрэгцээ шаардлагатай мөртлөө гэр хороолын ерэн мянган өрхийн нэг хүн өдөртөө тавын бидон ус хэрэглэнэ. Эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхтэй хүмүүс тэнд амьдарч байна. Хүний амьдрал гэдэг нөхцөл юм. Манай гэр хорооллынхон нөхцөлгүй нөхцөлд амьдарч байна. Тэнд хүүхдүүд өсч байна. Ганц үнэн бий. Нөхцөлгүй нөхцөлд өсч өндийж хүн болох гэж байгаа нь тэдний буруу биш. Тэнд тансаг ресторан, саруулхан супермаркет, интернэт төв, орчин үеийн хүний хэрэгцээг хангах шинэ шинэлэг зүйл нээгдэхгүй.
Нийтийн орон сууцууд хувьчлагдаж, арын хаалгаар ордер бичүүлэх гэж гүйхгүй, ломбард, зээлийн хоршоо, банкинд барьцаалах эрх нээгдсэн ч, авах өгөх нь чөлөөтэй болсон ч проблем проблемоороо л үлдсэн. Ам дөрвөлжин метр нь доод тал нь 400 мянга, зарим нь 700 зуун мянгаар үнэлэгдэх шинэ сууцууд худалдан авагчаа зурагт, сонин, радиогоор хайх зар сурталчилгааны марафонд орсон ч проблем проблемоороо л байна. Хуучин гурван өрөө 30 саяас давжээ. Гурван өрөө байр гэдэг барууны, Солонгосын, Малайзын, Сингапурын үнэлэмжээр бол бичил сууц, залуучуудад зориулсан авсаар эд. Манайд бол мөрөөдлийн дээд хязгаар шахуу, UB Palase-ын их танхим руу дөхүү. Тавин саяын шинэ сууцуудын реклам тав тух алдуулна. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж тайвширцгаавч бидний 36 хувь, гурвын маань нэг нь ядуу. Хүн амын талаас илүү буюу 54 хувь нь барын аманд гараа хийх ашиггүй, харин байрны хаалганд хуруугаа хавчуулах хэрэгцээтэй 25 хүртэлх насны залуус байна.
Гурван өрөө байр 18 мянган доллараар босно
Олон нийтийн санал асуулгууд орон сууцны хөтөлбөрийг наян хувь нь дэмжиж байгааг илтгэдэг. Монголчуудын наян хувь нь сууцгүй гэсэн тоотой давхцаж байгаа нь ч тохиолдол биш юм. Ерөөсөө сууцгүйчүүд дээр ердийн сууцтайнууд нь нэг, хоёр өрөөндөө багтахгүй, хүүгийнхийгээ гал тогоонд өрх тусгаарлаж, охиноо хадмынх нь балкон руу явуулах сэтгэлийн дарамтанд дарагдаастай. Мөнгөний гачаалд хүлээстэй. Орон сууц авах уу гэвэл авахгүй гэж хариулах хүнийг орон сууцаар шагнана гэсэн ч олдохооргүй гэж илэрхийлж болохоор их эрэлт хэрэгцээтэй байна. Энэ хэрэгцээ хаана ч адилхан. Улаанбаатараас Унгар, Завханаас Заир, Говь-Алтайгаас Голланд хүртэл хол ч орон сууцанд амьдрах эрэлт хэрэгцээ нь ижилхэн. Гагцхүү өөрийн гэсэн өрхнийхөө оосрыг татах боломж нь л өөр өөр. Европт хэдэн зууны турш орон сууцаар хангах ажлыг хийжээ. Хөгшин тивд үүнийг уже шийдсэн. Барууны социализм гэдэг Швед, Дани улсад орон сууцны урт хугацаат зээл дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь дал, наян хувьтай нь тэнцэж байна. Гэр бүлийг, хүнийг яаж дэмждэгийг энэ үзүүлэлт ягштал илтгэнэ. Тэнд тэдэн метр яваад мод байна, хэдэн алхмын цаана сургууль байна, айл бүрт зам хүрнэ, өрх бүр холбоогоор хангагдана гээд хуульчилчихсан, стандартчилсан. Манайхан шиг хувьчилж авсан юм уу, зуун хувь мөнгийг нь төлчихсөн бичил гурван өрөөнд суухгүй. Ихэнх нь зээл, дараа төлбөр, цувуулан төлөх зарчим, түрээсийн гэрээгээр сууна. Ирээдүйн орлого, зогсолтгүй хөдөлмөр, хэрэгцээндээ, хөрөнгөндөө нийцсэн байр сууцандаа орно. Чадал нь байвал ганцаараа эдлэн газар, тэнгисийн хөвөөг эзэгнэж болно. Үнэ цэнэ нь чадал тэнхээг нь, хаана амьдарч байгаа нь нийгмийн байр суурийг нь, ашиг орлогыг нь илтгэнэ. Доод тал нь манайхаар бол гурван өрөөнөөс эхэлнэ. Тэгэхдээ хоёр унтлагын, хоёр ариун цэврийн өрөөтэй. Гадна талдаа харуултай, интернэт шугам энүүгээр орсон байна гээд зайлшгүйг нь зайлшгүй л хангана.
Дөчин мянган орон сууц бидний хувьд мөрөөдлөөс ч илүү сонсогдож байна. Хамгийн гол нь бодитой хэрэгжих, боломжуудыг нээх хөтөлбөр гэдгийг нь юугаар батлах вэ? Хэрэгжих ямар баталгаа байна вэ, мөнхийн мөрөөдөл биш мөдхөн ажил хэрэг болох шалгуур нь юу юм бэ? Рекламдаад байгаа үнэтэй, үнэтэй байруудыг тоолсоор 40000 хүргэх юм уу, тэгээд л зогсох юм уу, сураг нь дуулдаад өнгөрдөг урт хугацаат зээлийг хөрөнгөгүй байж юугаараа барьцаалж авах вэ, хөтөлбөр баталдаг юм байж, байранд яг орох юм уу гэсэн асуултууд ундарч байна. Мөнгө засагт ч, айл өрхөд ч алга байна, барилгын тоног төхөөрөмж, материал түүхий эд, НӨАТ, гаалийн татваргүй боллоо гээд тавин саяын үнэтэй байшин хямдрахгүй байна гэх гутранги дуу хоолой ч сонсогдож л байна.
Хаана байна, тэр мөнгө. Дөчин мянгыг барих 600 сая
Ирээдүйд олох орлого, албан газрын хөрөнгө, баталгаа гээд олон барьцаа бий. Бидний мөрөөдлийн хязгаар, үүнээс цааш өрөө үгүй гэж боддог гурван өрөө байр 18 мянган доллараар үнэлэгдэх өртгөөр босох боломжтой гэнэ. Хоёр ариун цэврийн өрөөтэй, хамгийн бага өрөө нь 10 метр квадрат энэ сууцны хорин сая төгрөгийг гучин жилийн турш төлнө. Төлмөөргүй бол, төлөхгүйг хүсвэл түрээслээд сууж болно. Одоогийн барилгын компаниудын 50 саяар зарж байгаа байшингаас илүү юу гэхээс дутуугүй. Эхний таван жилд нь хүү төлөхгүй зээлийн хэлбэр ч байна. Мөнгөний ханш унахад зээл авсан хүнд ашигтай. Өнөөдөр авсан зээлийн дүн мөнгөний ханш унаснаас хамаарч өөрчлөгдөхгүй учраас тэр. Харуул хамгаалалт, интернэт, гарааш, зогсоол, хүүхдийн тоглоомын талбай төдийгүй цэцэрлэг, сургууль дэлгүүр үйлчилгээ, бизнес төв хүртэл танай сууцнаас хэр ойр байх ёстой юм тэндээ л байна. Нэгдүгээр хорооллоос Сансар руу хүүхдээ сургууль руу нь зөөж, замын түгжрээнд насыг үдэх хэрэг алга болно. Алтан цаг хугацаа, нерв, аюулгүй байдал, үнэ нь үргэлж нэмэгдэх түлш, шатахууныг тань арван найман мянган доллар дээр чинь нэмж үнэгүй өгнө.
Анхны сууцаа авагчдыг тусгайлан харж үзэх бодлого ч нэгэнт туршигджээ. Сүүлийн гурван жил айлын тогоо өнгийж, хүний байранд хөөгдөн хөөгдөн суусан айлыг бол анхны сууцаа авагч гэж тусгайлан харж үздэг байна. Хуучин сайд нарыг тусгай дэлгүүрт оруулж, тусгай эмнэлэгт хэвтүүлж харж үздэг шиг ядууд нь, азгүйд нь, амжаагүйд нь тал засдаг юм байна. Жишээлбэл жилийн хүү нь 3, үсрээд 5 хувь. Юу вэ? Одоо манайд зээл арын хаалгатайд нь жилийн 18, бусдад нь бүр хорин тав, гуч байгаа.
Орлого багатай, бүр амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлууд ч тусгайлан харж үзүүлнэ. Авдаг цалинтай, алба ажилтай, цаашдаа цалин нь юм уу, тушаал зэрэг нь ахиж орлого нь нэмэгдэх боломжтой бол бүр хэрэгтэй. Анх удаа сууцтай болох гэж байгаа өрх гэр зах зээлийн ханшаас доогуур хүүтэй зээл авах эрхтэй. Заавал сар бүр төлбөр хийхийг шаардахгүй тул цагаан сараар том ууц авч тансаглатугай гэсэн үг. Орон байрнаасаа гарахгүй бол болоогүй байхад нь зээлийн төлбөр нэхэхгүй. Сууцанд орох айлуудыг шударга онооны шалгуураар жагсаадаг туршлага ихэд дэлгэрчээ. Нийгмийн ач холбогдол нь их. Албан ёсны бүртгэлтэй хотын иргэн бол олон оноо цуглуулна. Эндээс шүдний өвчин болсон бүртгэлгүй хүмүүсийн бүртгэл багасна. Жаахан хүүхэдтэй бол бас л оноо. Үртэй хүн баян, хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдэг үг биеллээ олдог юм байна. Өртэй байлаа гэхэд жилд олдог орлогын чинь 40 хувиас хэтрээгүй бол таныг луу унжигч гэж үзэхгүй. Оноо их л байвал орон сууцны зээл авах эрх тэр хэрээр нэмэгддэг байна. Нийгмийн асуудлыг шийдэх шударга механизм. Улстөрчид тэргэнцэр өгснөөр, гурил тарааснаар, төсвөөс байдгаа барснаар шийдэгддэггүй олон асуудал байртай хамт дугуйлагддаг ажээ.
Түрээсийн сууц гэдэг ойлголтыг бид өрөө хөлсөлж суух төдийгөөр ойлгодог, өөрчилнө. Байрны зээл, санхүүжилт авчих боломжийг одоогийн орлого чинь олгохгүй байсан ч олдогийнхоо гучин хувиас хэтрэхгүй түрээсээр амьдран суух тусламжийг авна. Сургуульд сурдаг, тахир дутуу хүн асрамжилдаг, өндөр настантай бол дулаан түрээсийн байранд орох магадлал өндөр. Ядарсанд зориулж, задарсанг ухааруулдаг байна.
Дөрвөлжин хувьсгалын тохироо, бидэнд юу өгөх вэ?
Орон сууцны хөтөлбөрийг дөрвөлжин хувьсгал гэнэ. Байшин барих төдий дан нимгэн ойлголт биш юм. Хөрөнгөтэй, хөрөнгөгүй, хөгшин залуу, олон цөөн гэлгүй, ялгаварлал үйлчлэхгүйгээр бүгдээрээ хожих учраас хувьсгал. Нийгэм хожих учраас хувьсгал. Тахир дутуу, ахмад настан, хүүхдэд үзүүлэх халамж гээд нийгмийн асуудлуудыг сууцтай нь хамт шийдэж байгаа болохоор хувьсгал. Ажил хийх, ахиж дэвших, байрнаасаа гарахгүйн тулд, дараагийн илүү зэрэглэлд орохын тулд хүмүүс бодно, баячуудын хороолол руу нүүхийн төлөө сэтгэнэ, эрүүл хор шар гозойно. Итгэл найдвар асч, эрч хүч нэмэгдэж, ирээдүй маргааш гэрэлтэнэ. Үл хөдлөх хөрөнгө эрс нэмэгдэнэ, үнэт цаасны зах зээл Элдэв- Очирын кинотеатрын байшин-гаас гарна. Эдийн засгийн өсөлт иргэн бүрт сууц болж очно. Эндээс барилга барих, үнэт цаас эргэлдүүлэх, зуучлах, зөвлөх, зарлан сурталчлах асар олон бизнес цэцэглэнэ. Тэндээс шинэ лидерүүд, бүхэл бүтэн цаг үеийхэн өсч өндийнө.
Солонгос, Япон, Европ, Америкт 100-гаас дээш мянган монгол хүн ажиллаж байна. Хүчирхэг, тэнгэрлэг өвөг дээдсийн удам өнөөдөр ХХI зуунд боолчлогдож байна. Түүхэндээ боолчилж явснаас боолчлогдож үзээгүй омог төгөлдөр монгол хүн, эрх чөлөөт Монголын иргэд өнөөдөр боолын хөдөлмөрт буулганд орсон тэжээвэр амьтан мэт зүтгэж байна. Амин зуулгынхаа төлөө, дөрвөн ханатай дөрвөлжин байшингийн мөнгө цуглуулахын төлөө, сард гурван зуун доллар наашаа илгээхийн төлөө хэзээ нэг цагт өвөг дээдэс нь эзэгнэж, догшин салхи мэт чичрүүлж байсан тэр газар нутгуудад зарцлагдаж байгаа нь гашуун үнэн. Харийн нутагт давчдаад байгаа эх орон нэгтнүүд маань тэндээс олсон мэдлэг дадлагатайгаа, эргээд ирэх сэтгэлтэйгээ, хүн шиг амьдрах нөхцөл нь бүрдвэл ирцгээнэ. Тэд ирнэ.
Одоо л суурийг нь цутгах цаг. Европын хэдэн зуун, Азийн хорь гучин жилд хийснийг бид бэлэн жор ашиглаад гурван жилд амжуулна. Би л лав орон сууц руу, сууц шиг сууц руу нүүмээр байна. Тэнд миний амьдрал байна. Миний ирээдүй байна. Морин цагт нүүцгээе.
Б.ОЧИР
(өдрийн сонин 2005-10-03 237