Евроазийн Монгол

Энэхүү асуудлын үндэс нь Монгол уламжлалт Евроазийн талбай дээр гүйцэтгэх үүрэггүй шахам болж ганцаардсанд оршиж буй. Бид сүүлийн 80-д жил хоёр хүчний харшил дээр хавчигнан оршихдоо бусад Монгол туургатан ба шашин нэгт ард түмэнтэй харилцаагаа бараг таслаж, эргээд холбогдох чадваргүй шахам болсон. Монгол улсын гол үүрэг гүйцэтгэж чадах талбар Орос Хятадын бүтээлэгт хучигдсан нь бидний нөлөө чадавхийг машид хязгаарлан, хөгжлийг зарим талаар боогдуулсан.
Чухам хоёр хөршдөө нармай Монголын үзлийг дэлгэрүүлж Орос, Хятадын тодорхойлсноор 3 чөтгөрийн нэг болох салан тусгаарлах явцыг дэмжлээ хэмээн зүхүүлэхээс айн өнөөдөр Монгол улс зоригтойгоор Төв Азиар тарахсан эсгий туургатандаа эргээд интеграцилагдах асуудлыг нухацтай хэлэлцэхгүй байна. Уул нь Монголын тулгар төр байгууллагдсаны 800 жилийн ойг 2006 онд тэмдэглэх гэж байгаагын хувьд Евроазид Монголын эзлэх байр суурийг нухацтай тодорхойлж алдаа, оноогоо шүүх нь мэдээжийн үйлдэл болох мэт.
800 гаруй жилийн өмнө байгууллагдсан Монголын төр өнөөгийн Евроазийн тогтолцооны үндсийг тавьсан ба Монголын байлдан дагуулалтыг зөвхөн энэ дэвсгэр дээр авч үзэхэд ч алзахгүй. Евроазийн талбар дээр гүйцэтгэх үүргийнх нь хэмжээгээр Монголын хүч чадал, тусгаар тогтнолын баталгааг тодорхойлж болно. 20-р зуунд буюу Оросын ивээлд шургасан цагаас эхлэн өнөө хүртэл Монгол улсын унаган талбар дээрээ гүйцэтгэх үүрэг тэг заасан нь Монголын тусгаар тогтнол, Монгол туургатаны соёл, шашны доройтолыг шууд илэрхийлж байгаа юм. Оросыг даган Монгол улс үйлдвэртэй болж өнгөц хөгжсөн ч, урт хугацааны турш өгөөжөө өгөх хөгжил, тусгаар тогтнолын баталгааг олж чадаагүй гэдэг нь одоогийн Монголын байдал, иргэдийнх нь ёс суртахуун, сэтгэлгээний далайцаас нь харагдах боллоо.
Манай үе, Манжийн үе, Чингисийн үе
Евроазид гүйцэтгэх Монголын үүрэг, их гүрний задралын дараагаас эхлэн уруудсан. Манай үед бидний гүйцэтгэх үүрэг үлбэгэр байгаа бөгөөд бид тэнд юу болж байгааг бараг мэдэхгүй шахам явдаг. Энд олон зүйл нөлөөлж буй, тэр дундаас хамгийн гол нь бид Оросуудаар тархиа угаалган соёл, шашнаасаа хөндийрсөн явдал билээ.
Монгол туургатан 17-р зуунд Буддын шашинд орсноос эхлэн Монголын Евроазид гүйцэтгэх үүргийг шинэ хөндлөвч дээр авч үзэх ёстой. Хэдийгээр Евроазид ноёлж байхдаа Монголчууд олон өөр шашинтай улс үндэстэнийг захирч, өөрсдөө ч тэдгээр улсынхаа шашинд орж байсан ч Монголын их гүрний цөм нь ямагт Төвдийн Буддизмыг дэмжин, сургааль номлолыг нь даган, хамгаалагчын үүргийг хэний ч шахаа, дарамтгүйгээр гүйцэтгэж ирсэн билээ. Тийм бөгөөс Монголчууд Евроазид Буддын шашны соёл, иргэншлийг хамгаалагч ба өнөөгийн ганцаардлаа өөрсдөө ухамсартайгаар сонгосон гэдгийг бүрэн итгэлтэйгээр хэлж болох бөлгөө.
Ер нь Манжийн эрхэнд явсныг коммунист үзлээр хордолгүй, бөөстэй гэж маяглалгүй ажвал ашигтайг нь баталж болох хэдэн давуу тал бий. 1-рт, Монголчууд Евроазид Чингис хааны тавьж өгсөн орон зайг цэргийн хүчээр биш ч гэсэн соёл, шашны ачаар хадгалан авч явж чадсан (ямар ч байсан биднээс илүү). 2-рт, хэдийгээр Хятад торгоор гоёдог байсан ч, Хятадын хүн амын түрэлтийг Манжийн захиргаагаар хянуулж, тэр хооронд нь алдаатай ч гэсэн Төвдтэй болон бусад Буддын шашинт үндэстэн, Монгол угсаатангуудтайгаа хамтран нягтарч өвөрмөц соёл, иргэншлээ баталгаажуулж цаг хожсон. Өнөөдөр Буддын шашинтай эсгий туургатан л унаган дүр төрхөө илүү хадгалан үлдсэнийг анзаарахад илүүдэхгүй болов уу? 3-рт, сульдаж доройтсон үедээ, адилхан нүүдэлчин Манж үндэстэнгээр хамгийн их аюул учруулах улсаа мануулсан нь үндэстэнийхээ хувьд үндсээ таслуулахаас нь аварсан. Үнэндээ Хятадын Мин улс нураж Манж нар томороогүй байсан бол Монголчууд бүр хэцүүдэх ч байсан байж магадгүй.
Мөн Монголын Юань улс Хятадад 100-хан жил тогтсон нь 21-р зууны өндөрлөгөөс харвал бидний аврал болжээ. Хэрэв Монголчууд Хятадын толгой дээр мөнхөд оршихыг үхэн хатталаа хүссэн бол Манжийн хувь заяаг маш эрт амсах байлаа. Юань улс Хятадад удаан тогтоогүйн нэг гол шалтгаан нь Монголчууд Хятаджихаас зайлсхийсэнтэй холбоотой юм шүү дээ.
Гэхдээ Манжийн үеийг магтана гэж юу байх вэ. Тухайн нөхцөлд Халх Монголд дагаар орохоос өөр арга байсан уу. Ойрадын Галдан Гайтын Халхад хийсэн дайн өөрийнх нь Зүүнгарын улс, Халх Монгол бүр цаашлаад хамаг Монголыг миаруулж, Орос, Манж хоёрт Төв Азийн өндөрлөг рүү чөлөөтэй давшиж болно гэсэн дохио өгсөн цагаас эхлэн Монголын Евроазид эзлэх байр суурь өнөө хүртэл эрчтэй уруудсан. Үнэндээ Галдан Галдагчийн дайнаас хойш Ар Монголыг улсын хэмжээнд Орос авч үзэхээ больж, Манжууд манайд ирэх сайхан шалтаг болжээ. Гэхдээ ганцхан Галданд хамаг гайг үүрүүлэх нь утгагүй. 17-р зуунд Монголчууд сульдсаны уг нь бол засаглал завсардаж, олон толгой хаадыг нэгтгэх хүчин зүйлс хомсдсонд билээ.
Харин Чингис хааны үед бид Евроазид ноёд нь байсныг хүн бүхэн мэднэ. Зөвхөн Евроази ч гэхгүй, харин бараг хамаг дэлхийд нөлөөтэй улс байлаа. Яагаад бид дэлхийд хүчирхэг байсан вэ? Гэвэл бид Евроазид хүчирхэг байсан болохоор тэр. Тиймээс өнөөдөр хүссэн, хүсээгүй Монгол улс энэ бүс нутагт анхаарлаа төвлөрүүлж, хөгжлийнхөө төсөөг гаргах хэрэгтэй. Үүрэг рольгүй хүнийг илүүц, хэрэггүй хүн гэнэ. Хэрэв Монголын үүрэг бүс нутагтаа бага, хэрэггүйд тооцогдвол заримдаа байснаас байгаагүй нь дээр болно. Байдал ийм бөгөөс тэг заасан Монголын мэдлийг Евроазийн талбарт өсгөх амин чухал шаардлага бий. Бидний өнөөдрийн үүрэг бол өвөг дээдсийнхээ хөгжлийн төсөөг үнэн зөвөөр нь тодорхойлж, одоо цагт тохируулан, ирээдүй үедээ улбаалан дамжуулахад оршино. Дассан газрын давуу зөөлөн гэдэг шиг Монголын нэр хүнд өндөр байсан талбарт бид эргээд очиход Монгол хүний хийморь сэргэж, хийж бүтээх их эрч хүчийг авах нь дамжиггүй.
Евроазид интеграци-лагдах нь
Хятадтай эдийн засгийн интеграцад орох, Зүүн Хойд Азид холбогдох гэж мэтчилэн Монголчууд өнөөдөр толгойгоо гашилгаж, шүлсээ гоожуулж байна. Аливаа нэгдэлд хоёр талын сонирхол, нэн ялангуяа нэгдэлдээ элсүүлж байгаа хүчтэй талын зөвшөөрөл хэрэгтэй. Мэдээж Хятад биднийг өөрсдөө гүйгээд очвол цаашаа гэхгүй, тэжээгээд аваад явахыг хэн ч үгүйсгэхгүй. Харин ганцхан Хятадыг багтаагаагүй, Зүүн Хойд Азийн хувьд үнэндээ Монголыг өөрийн баг хэмээн авч үзэж байна уу, үгүй юу? Гэдэг сонин.
Гадаадын нэгэн судлаачын 1990-д оны Монголын эдийн засагт хийсэн анализаас харахад хэдийгээр гадны компаниуд 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт Зүүн Хойт Азид хийсний, 520 сая нь Хятадын ганцхан муж Жилинд, 530 сая нь Оросын Алс Дорнодод орсон бөгөөд харин Монголд 1 процентаас ч доош хувь хүртэгдсэн байна. Энэ нь Хойт Солонгосыг тооцолгүй хамгийн бага хувь ажээ. Эндээс л Зүүн Хойд Азид интеграци-лагдах бодлого Монголд ашгаа өгөөгүй бөгөөд Хятадын эдийн засгийн нэвтрэлтийг сөрөх хүчин болж чадаагүй нь илт байна.(1)
Бас хүний хэрэгт хошуу дүрээд дэмий. Монголчууд л өөрсдөө Зүүн Хойд Азид нэгдэнэ хэмээн баярлаж байгаа болохоос биднийг энэ бүс нутагт хамааруулах нь ямар ч бодит нөхцөлгүй хэмээн Япон, Солонгосоосоо авахуулаад үздэг бололтой. Энэ нь биднийг хавчиж гадуурхаж байгаа биш, харин ухаантай улс ингэх нь Монголд илүүц алхам болно гэдгийг мэдэж байгаа учраас тэрээ. Ерөнхийлөгч Н. Энхбаяр ерөнхий сайд байхдаа Хойд Солонгосын дарангуйлагч Ким Чен Иртэй уулзаж Солонгосын хойгийн асуудалд жинтэй оролцогч болно гэж зүтгэж байсан.(2) Гэтэл одоо Бээжинд болж буй, 2005 оны 6 сарын 25-нд эхлэж, дундаа завсарлан 9 сарын 13-нд дахин үргэлжилсэн 4 дэхь удаагийн Хойд Солонгосын цөмийн төлөвлөгөөний талаархи 6 улсын уулзалтанд (Америк, Орос, Хятад, Япон, Хойд ба Өмнөд Солонгос) хүний урманд манай Ерөнхийлөгчийг байтугай, Монгол улсыг дурдахгүй байна. Уул нь Бээжин, Улаанбаатар хоёр ойрхон билээ. Тийм атал биднийг энэ сайхан хэрүүлд оролцуулахгүй л байна шүү дээ.
Нөхцөл ийм бөгөөс Евроазид эдийн засгаа түшиглүүлэн суурилуулахыг олон талаас бодолцох нь чухал. Бид Евроазид жинтэй тоглогч болно хэмээн зүтгэхэд хэн ч дэмий юманд хошуугаа түрэх юм хэмээн шоолохгүй л байх. Тэгээд ч энд Монгол улс гадуурхагдвал, буйр сэлгэхээс өөр замгүй болно. Уг нь хүчтэй байхдаа бид Евроазийг хэрсэн Торгоны замыг нийслэл Хархорумтай залгаж байсан. Хархорумыг сэргээн нийслэлээ болговол энэ асуудал тавигдах нь ойлгомжтой. Нэг судлаачын хэлснээр Торгоны замыг Мах, Минералын зам болгож Төв Ази, Төвд, Энэтхэг хүртэл уртасгаж болох юм.(3) Энэ нь мөн Ойрох Дорнод, Европын баян зах зээл рүү гарах алтернатив зам болж чадна.
Нээрээ ч манай махыг авах хүмүүс тэр зүгт л байна. Зүүн Хойд Азийн далайн хоолтонгууд манай хоний махыг ихээр идэхгүй. Цаг уур эрс анги байдаг нь ч нөлөөлдөг болов уу. Ер нь бид тэдэнтэй худалдаа хийвэл зөвхөн хэрэглэгч болоод дуусна. Харин Евроазид бид махаа зарах баталгаатай зах зээлтэй болчихвол нүүдлийн соёл иргэншлийнхээ насыг уртасгах нь мэдээж. Евроазид лалын шашинтангууд их байдгыг харгалзвал зарим малаа хоолойг нь таслаж лалын маягаар төхөөрөхөд ч яахав дээ.
Нөгөөтэйгөөр Орос, Хятад хоёрын арын амбаар болсон энэ бүс нутагт бид уламжлалт худалдааны түншүүдээ сэргээнэ гэдэг их бэрхшээлтэй. Орос, Хятад хоёрын газар нутгийнх нь ихэнх хэсэг Евроазид байрладаг гэж үзвэл бид (Монголчууд эднийг ийм болгосон) амьдрахын шаардлагаар энэ хоёрын банзал доогуур сөхөж үзэж байж л түншээ олохоос өөр аргагүй. Мэдээж тэндэхийн улсууд баян биш. Гэхдээ л манай мах, махан бүтээгдэхүүн, ааруул, ээзгий, айраг авна гэдэг бидэнд түр хугацаанд ч болсон хөл дээрээ босоход их чухал билээ. Хятадын худалдаачдыг Монгол баян биш мөртлөө баярлуулаад л байгаа. Үүнтэй адил манайхан Евроазийн улсуудтай наймаа хийгээд баяжихгүй гэж үү? Мөн аюулгүй байдал, худалдааны ашиг хоёрын аюулгүй байдал нь түрүүлж тавигдана. Энэ үүднээсээ ч гэсэн Евроазид интеграци-лагдахыг тууштай хэлэлцмээр юм. Энэ зүгт анхаарлаа хандуулах нь хоёр хөршийнхөө нөлөөнөөс мултрах хамгийн сүүлчийн нарийн зам байж ч мэднэ.
Тэгээд ч Монгол Евроазийн орон, Евроазийн үндэстэн байсан, байх ч болно. Саваагүй нохой саранд хуцна гэхчээр гишгэж байгаа газраа анзаарахгүй, хаа хамаагүй хол ширтээд зогсчихоор бид хөдөлж байна уу, биднийг хөдөлгөж байна уу гэсэн асуулт тавигдах нь ч ойлгомжтой. Нэг хэсэг нь Хятадтай биш Солонгостой найзлана хэмээн найдаж явах юм. Гэтэл үнэндээ Солонгос хэзээ ч манай тал болохгүй, соёл, эдийн засгаар нь бодоод үзсэн ч гэсэн энэ орон бол Хятадынх. Эдийн засгийн асар их сонирхол нь Хятадтай холбоотой, тиймээс эвгүй асуудал тулгарвал Хятадын талыг хэзээд баримтлана.(4) Нөгөө хэсэг нь Американ Монголыг байгуулна хэмээн тунхаглаж байна. Энгийн ард нь Хаанаас ирсэн бэ? гэж асуучихаад, Монголоос гэж хэлвэл, Хятад уу хэмээн дахин асуудаг улс хэзээ Монголыг Барууны орон, бүр цаашлаад Американ Монгол гэж итгэх юм бэ? Малчингаа ковбой болгох гэж хэдэн жил бид зарцуулах вэ?
Тиймээс бид өнөөдөр өөрсдийгөө эхлээд хэн гэдгээ үнэн зөвөөр нь тодорхойлох хэрэгтэй. Тэр бөөстэй, бөөсгүй байсан хамаагүй. Иргэншилтэй байсан, иргэншилгүй байсан ч ялгаагүй, зүгээр л өөрсдийгөө ичэж зоволгүй тодорхойлох нь хамгаас чухал байна. Зөвхөн тэгсний дараа л хандах зүг маань аяндаа тодорно. Бид өөрсдийгөө олж байж л хөгжих замаа олно. Дандаа л гаднаас царайчилсаар Монгол хүн өөрийн соёлоос төлжиж, цэнэглэгдэж болно гэдгийг мартажээ. Чухам манай өвөг дээдэс Буддын шашинд орохдоо баян чинээлэг, улс төрийн хүч чадлыг нь харалгүй, өөрийн нүүдлийн ахуй, өвөрмөц төрхөө хадгалах боломжыг нь харсан нь бусдын соёлд авталгүй өөрсдөө цэнэглэгдээд (ёс суртахуун, оюуны хувьд) явчихна гэсэн өндөр итгэлтэй байсан учраас тэр билээ.
40 мянгатын тойрог сэтгэхүй
Социализмын үед бид тархиа угаалгасан учир хаа явж байгаагаа ч мэдээгүй. Гэтэл 15 жилийн өмнөөс бүр будилсан нь, тодорхой хэмжээнд 40 мянгатын сэтгэхүйтэй Ардчилалын лидерүүдтэй их холбоотой. Энэ нөхөд Ар Монголоос хамгийн түрүүн давхар байшинд сууж, дан бандаашиг өмсөн, сэхээтэн нэр зүүж, шинэ давхарга үүсгэн Социализмын бүтээн босголтонд амжилтай оролцон явсан манай алдарт хүмүүсийн үр ач нар байж болох ч төр, засгийн эрхийг аван, улсаа удирдах цаг болоход МАХН-ын төөрөгдлөөс илүү манай ард түмнийг мангартуулсаар байна. Хэдийгээр 40 мянгатын тойрог сэтгэхүйтэй хүн өөрийгөө нутаг, нугын үзэлд баригдаггүй, интернациональч хэмээн тодорхойлдог ч Монголыг тодорхойлохдоо Төвдийн Буддизмтай, Төв Азийн нүүдэлчин улс гэдгийг л хүлээн зөвшөөрөх тун дургүй.
Чухам энэ төөрөгдлөөс болж бид хэн нэгний зууш, хөгжлийн буруу замаар эргэлт буцалтгүй орж мэднэ. 40 мянгатын тойрог сэтгэхүйтэй Төрийн бодлогоос болж Монгол улс 2 хуваагдан (хот, хөдөө) задрахын ирмэг дээр ирлээ. Хотын ядуучууд 15 жилийн дотор арай хийн гадагш зугтатал, өнөө хөдөөнөөс хувхайрсан малчид хот руу орж ирэн, ядуучуудын тоог нэмж, олон нийтийн толгойны өвчин боллоо. Иймээс хэрэв бид үнэн дүр төрхөө даруйхан олж, хөгжлийн төсөөгөө өөрчлөхгүй бол, хил зааг гаргаж 2 улс байгуулах ч хэрэг гарах нь
Ханьгүй Монгол
Хүйтэн дайны дараа Евроазийн тив дээр шинэ байгууллагын механизм сэргэн боссон нь Шанхайн Хамтын Байгууллага юм. Орос, Хятад, Узбекстан, Тажикстан, Казакстан, Киргизстан зэрэг Дундад Азийн Лалын шашинтай улсууд зонхилсон энэ байгууллага нээлттэй байхын тулд Монгол улсыг хоёр жил дараалан ажиглагчын суудал дээр суулгалаа. Шанхайн Хамтын Байгууллагын гишүүн улсуудын нийт талбай нь Евроазийн талбайн 3/5 буюу 30 сая 189 мянган кв.км., хүн ам нь дэлхийн хүн амын ¼ ба 1.4 тэрбум 455 сая ажээ. (5) Хэрэв зээ ирэх он жилүүдэд тус байгууллага хүчийг авч зөвхөн Хятад, Орос хоёрын бодлогыг хэрэгжүүлэгч байлгүй, оролцогч улсуудынхаа санаа оноог сонсдог, эдийн засгийн тал руугаа илүү анхаарвал Монгол улс энэ байгууллагад илүү түлхүү оролцсон ч болох мэт.
Нөгөөтэйгөөр дэлхийн зөрчилдөөний үндсэн ундрага нь эдийн засаг, үзэл суртахуун биш соёлын ялгаа байна гэдэгт итгэвэл Монгол улс Дундад Азийн Лалын ертөнцтэй хэт ойртох нь онож байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Эрдэмтэн Ханигтоны хэлснээр улс үндэстэн дэлхийн хэрэгт гол тоглогч байх нь хэвээрээ боловч зарчимын том бөмбөрцгийг хамарсан улс төрийн зөрчилдөөн олон улс үндэстэн ба ялгаатай иргэншлийн бүлэглэлүүдийн хооронд болно. Иргэншлийн харшилдаан дэлхийн улс төрд давамгайлна гэжээ.(6)
Үнэндээ Евроазийн Лалууд бол өнөө үед маш эгцэгтэй мөчийг туулж байна. 9/11 -ны үйл явдалын дараа Америкчууд нөлөөгөө Дундад Азид ихсэгсэн боловч Орос, Хятад хоёр үүнийг зөвшөөрөлгүй, аль болох АНУ зайлуулах арга сэтгэж байна. Ийм нөхцөлд заримдаа Монгол хэний талд орох, хаана очиж наалдах уу, гэдэг мөнхийн асуултайгаа дахиад л тулгарна. Гэвч хэрэв сайн ажвал бидэнд бас давуу тал байх шиг.
Төв Азид тусгаар тогтносон Буддын шашинтай Монгол улс ганцаардаж байгаа нь үнэнч, бидэнд яг одоогоор Лалын ертөнцтэй ямар нэг өшөө хорсолын үр алга. Эний тод жишээ бол бид Баян-Өлгийд сайн санааны үүднээс лалын шашинт казакуудад газар олгон найрсагаар хамтадаа амьдран суугаа, мөн түрэгийн үеийн эртний дурсгалыг өөрийн мэт нандигнан газар нутаг дээр хадгалсаар ирсэн. Хэрэв үнэхээр өшөөтэй байсан бол Афганистаны талибанууд 2000 гаруй жилийн түүхтэй Буддагын хөшөөг нураасан шиг бид эвдэлж сүйтгэх ч байсан юм билүү. Гэтэл тийм бодол Монгол хүний тархинд орж ирээ ч үгүй.
Хэдийгээр Чингисийн үед Монголчууд Дундад Азид хамгийн их аллага явуулсан ч, тухайн үйлдэлээ бид ямар нэг шашны эсрэг бус харин шудрага ёс, аливаа шашин зэрэгцэн орших дэлхийн шинэ дэглэмийг тогтоож байна гэдгээр ойлгуулсан нь өнөөгийн Монголын хөршүүдтэйгээ зөрчилгүй, хүлцэнгүй амар орших суурийг тавьсан. Агуу хүний үйлдлийн дагавар 800 жилийн дараа ч өгөөжөө өгч буй нь энэ билээ.
Үнэндээ Монгол их сонин, ашигтай байрлалтай байна. Японы ганцаардалтай зарим талаар төстэй ч юм шиг. Бид төрөлхийн Евроазийн улс, тэгсэн атлаа ойр хавьдаа цорын ганц Төвдийн Буддизмтай тусгаар улс. Бас дээрээс нь гайгүй ганц ардчиллагдаж байгаа улс хэмээн Барууныханд тоогдоод байгаа. Тиймээс одоо л өөрсдөө жаахан хөдөлмөр хийж, толгойгоо ажиллуулаад үнэн төрхөө олчихвол хөгжил шинэ оргил руу тэмүүлэх боломжтой ч юм шиг.
1-рт, байршлаараа Евроазид худалдаа наймаа хийх бүрэн боломжтой. Тэр утгаараа Дундад Ази, Хятад, Оросын Сибирийг, Америк, Баруун, Зүүн Европ, Зүүн Хойд Азийн улсуудтай холбосон Ардчилсан гүүр болж чадна. Лалын үндэстэн биш болохоор Барууны дэмжлэгийг Евроазид илүү хүртэх боломжтой. 2-рт, Буддын шашинт улс гэдгээрээ Лалын улсуудтай ойртоход АНУ болон Барууны улсуудын айдасыг хүргээд байхгүй. Орос, Хятад, Америк 3 шиг туйлширсан лалынхны ч дургүй хүргэхгүй. Хэрэв бид Евроазид тохирсон байр суурьтай болж чадвал гадны тусламж дэмжлэг ч татрахгүй болов уу? Харин ч бид илүү их гадны хөрөнгө оруулалтыг татах болно. Америкийн тусламж ч ихсэнэ. Евроазид нэлэнхүйд нь орж байгаа хөрөнгө оруулалт ч манайх руу гоожно. 3-рт, Евроазийн үнэ цэнэ өсөх хандлагатай, энд нөлөөгөө ихэсгэхийг дэлхийн том улсууд бүгд шахам эрмэлзэх боллоо. Орос, Хятад хоёр өөрсдийгөө Евроазийн их гүрэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч газрын баялгийг хоёулахнаа, заримдаа хоёр биенээсээ өрсөн эзэмшихийг хүссэж байна. Тиймээс бид энд мэдэлтэй байх талаар бодолцмоор юм.
Бид олон улсын давцан дээр ханьгүй байдаг. Ганц, хоёр Төвдийн Шашинт улсууд нь ядуугын дээр Гималайн нурууны цаана учир бид бараг тоодоггүй. Иймд Орос, Хятад хоёр хүссэн нөхцлөө Монголд тулгах бүрэн боломж бүрэлдсэн. Гэтэл Монгол туургатан ганцхан Гадаад Монголд амьдардаггүй. Хоёр хөршид маань ч олон Монгол туургатан бий. Ийм атал яагаад бид энэ боломжоо ашиглаж чаддаггүй юм бэ. Хятадууд цагаач иргэдийнхээ ачаар АНУ-гийн бодлогыг заримдаа дарамталж, Лалын зарим Барууны улсуудад цагаачилсан иргэд тухайн орныхоо хэрэгжүүлж байгаа бодлогыг эсэргүүцэн жагсаал, цуглаан хийж хамт гэдгээ харуулж байхад угсаа сайтай Монгол угсаатангууд хаяа заримдаа хамт гэдгээ яагаад үзүүлж болдоггүй юм бэ? Тэгээд ч ямар Монгол туургатан тэдний нутагт саяхан цагаачилж очсон биш, бараг л унаган газар нутаг дээрээ байгаа биз дээ.
Гэнэт хөгжихөд бэлэн үү?
Зүүн Хойд Азийн загвараар хөгжинө гэж их ярьсан. Хэрэв үнэхээр амны билгээс ашдын билиг гэдэг шиг бид Япон, Солонгос шиг хурдацтай хөгжвөл нийгмийн асар их өөрчлөлтөнд одооноос бэлэн байх ёстой. 20, 30-хан жилийн дотор Монголын нүүр царай өөрчлөгдөж бид эх орондоо цөөнх болчихож ч мэднэ. Евроазийн нээлттэй, хүний эрхийг дээдэлсэн, шүтэн бишрэх сонголт чөлөөтэй, ардчилсан, баян орон болчихвол Монгол руу цувах цагаачдын тоог бид тогтоож барьж чадах уу? Ядарсандаа туслах хүмүүнлэг үзлийн үүднээс бүгдэнг нь буудаад, буцаагаад туугаад байх боломжгүй л болох вий. Тэгээд ч нийгэм маань Зүүн Хойд Азийн загвараар хөгжвөл урьд зүгийн цагаачдыг соронзон мэт татах нь мэдээж.
Нөгөөтэйгөөр тусгаар Монголын нутаг дэвсгэр дээр дан ганц одоогийн хүн амаар мөрөөдөөд буй хөгжсөн, нээлттэй нийгмээ байгуулна гэдэг хэцүү бололтой. Ажиллах хүч цөөхөн, суурин сэтгэхүй дутагдах учир гаднаас ажиллах хүч авах шаардлага гарна. Энэ орон зайг Хятадууд эзлээд байвал Монголын аюулгүй байдалд их осолтой. Тиймээс ирээдүйдээ Дундад Ази, 2 хөршид буй Монгол туургатангуудаас ажиллах хүч авах талаар бодолцоход юу нь буруу байх вэ? Монголын байлдан дагуултанд түрэг гаралтай, нүүдэлчид их чухал үүрэг гүйцэтгэсэнийг бид мартаж боломгүй. Чингис хаан бичиг үсгээ ч гэсэн уйгуруудаас авсан нь нэгийг хэлэх буй заа.
Ер нь бид хөгжихөд бэлэн үү гэж асуух нь маш оновчтой мэт. Монголчууд хөгжсөн улс орны хариуцлагыг үүрч, нийгмээ эрс өөрчлөхөд бэлэн үү? Америк тивд цагаан арьстан хөгжил аваачсан ч уугуул индианууд нь тэр нийгмийн өөрчлөлтөнд бэлэн байгаагүйгээс, мөхдөг нь мөхөөд, амьд үлдсэн ёстой л жинхэнэ нийгмийн хог шаар болсон билээ.
Тиймээс үнэхээр л хөгжилд тэмүүлж яваа бол хүний хөгжилд асар их анхаарч, нийгмээ цэвэршүүлж, Монгол хүн гэж нэрлэхэд өндөр ёс суртахууны босго алхадаг болмоор юм. Хэрэв ингэж чадахгүй бол орчин цагийн материаллаг хөгжил манай хилийг нэвтрэхэд Монгол хүн хөгжлийн хурдад нь чирэгдэж, архин далайд умбан индианчуудын хувь тавиланг амсах нь гарцаагүй.
Нийгмээ нээлттэй болгоход нягтарших чадвараа ихэсгэх нь хэнд ч ойлгомжтой зүйл. Эс тэгвээс нийгмээ нээлтэй болгоод ч ямар хэрэг байна. Гадны нэвтэрч ирэх элементүүдэд уусаад, дотроо задарчихвал нийгмээ нээлттэй болгож хөгжих биш уусаж алга болох явц болж хувирна. Дундад Азийн Лалуудтай найзаллаа гэсэн чинь Монголстан болчихвол хөөгөө чирлээ шүү. (Хэнийгээ хараах болж байна!). Бараг одоо зарим нөхөд нь 2 эхнэртэй болно гээд Монголыг 4 эхнэр авдаг Лалуудтай ойртуулаад улам саармагжуулаад байгаа юм биш үү? Саармаг улс өнөөгийн соёл, иргэншлээр ялгарах дэлхийд саармаг улс хэзээ ч хөгжихгүй. Гэр бүлийн үнэт зүйлсээ хүчирхэг болгохын оронд ингэж будилж явах гэж
Гэнэт хөгжиж, гэрээ буулгахад бэлэн үү, бид? Гэрээ дүүргэж, харийнхантай хамт амьдарч Монгол хүн чадах уу? 21-р зууны ардчилсан, нээлттэй нийгмийн хөгжил гэдэг бол үнэндээ асар хурд, мөн олон үндэстний холилдоон байдаг юм биш үү? Нийтийн тээврийн нэг автобусанд суухад л дор хайж л 4, 5 хэлээр ярина гэсэн үг. Тиймээс 17-р зуунд Манжийн атганд орж, Хятадын эдийн засагтай интеграцад орохын өмнөхөн Монгол туургантан нэг шашны дор хумигдаж амжсантай адил агаар нэгэн үйлдэл одоо бид хийх хэрэгтэй.
Пан Монголизм буюу Хүүтэй болоё
Нармай Монголын үзэл ярьж байж нармайгаа нээлгэн алуулах нь гэж олон хүн үздэг. Гэтэл өнөөгийн нөхцөлд Монгол үндэстэн олон талын соёл, иргэншлийн дарамтанд орж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь шалдаа буучихаад байхад энэ талаар хэлэлцэхгүй байхын аргагүйд хүргэж байна. Харин ч нүдэн балай, чихэн дүлий явбал Монгол түмний эсрэг хийж буй хамгийн аюултай гэмт хэрэг болж хувирна. Аливаа улс үндэстэн аюулгүй байдлаа бодолцох нь ойлгомжтой. Тэр дундаа динозавр шиг хоёр агуу хөрштэй Монгол улс байнга сэрэмжээ хурцлан соргог байх нь хэний ч ойлгохоор зүйл мөн.
Монголд нэг гажиг бий. Хэн нэгэнтэй жаахан дотносохоороо ичэхгүй өөрсдийгөө дүү нь гээд өргөмжилчихдөг. Тэгээд тасарсан мэт сэтгэлээрээ шүү, сайн ахаа гээд нүдээ аниад дээшээ хараад хэвтэчихнэ. Одоо ингэхээ болих хэрэгтэй. Ичмээр юм. 70, 80 жил тусгаар улс гэгдсэн атлаа Оросын 16 дахь Республик болж явлаа. Ардчилагдаад 15 жил ч болоогүй байж Хятадын дүү нь болох ньОдоо Хятадыг ахаа гэх үү, эгчээ гэх үү. Монгол хэлний ах гэдэг үг чинь Орос гэсэн утгатай болоод тун удаж байгаа. Ахын юм сайн, чанартай, удаан хэрэглээтэй, ахынх том гээд яривал Оросыг хэлж байгаа нь тэр. Тэгэхээр Оросын орыг авсан Хятадыг юу гэж нэрлэх болж байна. Өвөр Монголчууд шиг 1-р ах, 2-р ах гэж ялгах юм уу. Мөн Солонгосыг юу гэх вэ, Япон, Америкийг юу гэх үү?
Үнэндээ манай энэ гажиг бол бид хүүгээ гээснээс болсон юм. Монгол хэлний хүү гэсэн үг бидний алдсан бас нэг утгатай байсан бололтой. Эний тод жишээ нь, бид одоо хүртэл эрэгтэй хүүхдийг Алтанхүү, Баярхүү, Ганхүү, Цогтхүү г.м хүү болгон өргөмжилдөг. Тэртэй тэргүй эрэгтэй хүүхдийг хүү гэх, мөн аав болсон хойно нь ч насаар нь хүү гэж жижгэрүүлэх утгагүй мэт санагдавч Монголчууд үүнийг тоодгүй. Хөгшин настай хүнийг ч Ганхүү гуай гээд л дуудаж явна. Ийм учраас л энэ хүүд их учир байжээ. Бас Орост энэ хүү хараал болсон нь ч үүнийг давхар батлана. Оросууд 200 гаруй жил Татар-Монголын дарамтанд байхдаа Монголын эрхэмлэдэг зүйлийг хараал болгосон нь нүүдэлчид тэдэнд хэрхэн нөлөөлсний няцаашгүй нотолгоо билээ.
Орос хүний хэлэх ёстой хоёр хараалийн нэг нь Монгол хэлний хүү, хөвүүн гэдгээс гаралтай хүйс, хүй, хуй (салхи) гэдэгтэй адил дуудлагатай эр бэлгийн эрхтэнг нэрлэсэн үг. Бөөстэй байхдаа бид Оросыг захирч хүүтэй болгосоны баримт. Нөгөөх нь Мөнхбат аваргаас авахуулаад, Ёкузоно Дагвадорж хүртэл ялагдахаар хэлдэг п-гээр эхлэсэн 5 үсэгт үг. Оросын ард түмэн энэ хоёрыг тэнцүүхэн хэрэглэж яриагаа баяжуулдаг бол Монголчууд зөвхөн эм бэлгэ эрхтэнгээр л амаа бузарлана. Уул нь хамаг юмаа Оросоос авч байхад энэ хоёр хараалын Монгол гаралтайг нь авмаар санагдавч Монголчууд тэр үед тэгээгүй. Магадгүй Монгол хэлээ ариун байлгаж, Орос хэлийг бузарлая гэж бодсон ч байж болох юм.
Гэхдээ хэрэв утгаар нь хөөвөл их сонин дүгнэлтэнд хүрнэ. Монголчууд яагаад хүүгээ буцааж аваагүй гэхээр хэрэггүй учраас тэр. Харин эм бэлгэ эрхтэн хэрэгтэй учраас п-г авсан байх. Эр, эм гэлгүй, өө муу п-да чинь гэж бид хараахдаа, тэртэй тэргүй Монголд хүү байхгүйг цаагуур нь хэлж буй хэрэг. Өөрөөр хэлвэл бид зөвхөн амиа авч үлдэхийн тулд ахын хэлснийг л биеэлүүлдэг байжээ. Харин одоо олон ахтай болсон тул бидэнд ч гэсэн хүү хэрэгтэй болох нь дамжиггүй. Тиймээс хүүтэй болоё. Нармай Монголын үзлийг ярилцах цаг болжээ.
Монголчууд жаахан чөлөөнөөр жинхэнэ Евроазийн унаган төрхөө олж, үнэт зүйлсээ дархалан газарт биш гавалд илүү анхаарах цаг ирсэн. Эцсийн бүлэгт гавал чинь хүнийх бол газар чинь хүнийх л гэсэн үг. Үнэт зүйлсээ гэрлийн хурдаар сольдог, үлээнгүүт л өнгөө өөрчлөх гээд дайрчихдаг, ямар ч ёс суртахууны гишгэх тулгуургүй байна гэдэг бол жинхэнэ эмгэнэл юм. Уул нь соёлын толбо тод, үнэт зүйлс хүчтэй байх тусмаа бидний тусгаар тогтнол баттай, хөгжил тогтвортой байх билээ.
Пан Монголизмыг 21-р зууны төвшинд хэрхэн гаргаж ирэх вэ? гэдэг чухал асуулт. Бусдын соёл иргэншилтэй сөргөлдөхгүй, өөрсдөө нягтрах чадвартай. Өндөр ёс суртахуун, ёс зүйтэй, боловсронгуй Изм Монгол туургатанд хэрэгтэй. Уусдаг цаас шиг Бээжин, Москва хоёрын асгасан бэхэнд автаж буй Монгол туургатангуудаа аврах УБ-аас асгасан хөх бэх амин чухал байна. Тиймээс Монголжуулах процессыг хэрхэн хийх үү гэдэг их чухал. Мэдээж Монголжуулахад бид өөрсдөөсөө эхлэх нь ойлгомжтой. Чингис гэж хашгирснаар өнөөдөр бид хол явахгүй. Чингис Бурхан байгаагүй, хүн байсан. Чингисийг хэт сохороор шүтснээс Бөө мөргөлийн зан заншил, ёс суртахууныг сэргээх нь одоогийн хөгжилд садаа болно уу гэхээс, түлхэц болохгүй.
Ер нь Монгол улс иргэндээ ёс суртахууны гишгэх дэвсгэр бодлоготойгоор бэлдэх цаг иржээ. Энэ ёс суртахууны суурь маань, бусдын шашин, соёлд дорой, бүдүүлэг хэмээн дээрхүүлэхгүй байх шаардлагатай. Энэ шаардлагыг зөвхөн Бурхангүй Буддын шашин л бидэнд өгнө.(7) Пан Монголизм Буддизм дээр дөрөөлж байж боловсронгуй Изм болно. Гэхдээ сүм хийдийн нөлөөг 19-р зуун шиг даваргахгүй, Буддын шашны мэдлэгийг энгийн иргэдэд хааж, нуулгүй, цөмөөс нь зааж сургах хэрэгтэй. Бага, дунд сургуульд харьцуулсан шашин болон Буддын шашны хичээлийг орж, 21 зуунд олон шашны огтолцоон дунд амьдрах Монголын хүнийг одооноос бэлдье.
Эцэст нь тэмдэглэхэд нармай Монголын үзлээс манай хоёр агуу хөрш эмээх ямар ч үндэс байхгүй. Монголд газар нутаг нь их үү, гэхээс багадаагүй. Газрын баялаг нь элбэг үү, гэхээс цөөдөөгүй. Евроазид Монгол улс орших бүрэн эрхтэй, тодорхой ч үүрэгтэй. Хэрэв цэвэр Оросын Европын хэсгээс нь нэг тариачин, Хятадын далайн хөвөөгөөс нэг загасчин, будаачныг авчраад тавьчихвал эрс ялгарна. Харин Евроазийн нэг нөхрийг голд нь тавьчихвал ижил зүйлс нь тодроод ирнэ. Ер нь энэ хоёр сүүлийн үед үг хэлээ ойлголцолж, нөхөрлөөд байгаа чинь хоёуланг нь Евроазийн их гүрэн болгосон Монголын ач. Орос, Хятад хоёр түүхэндээ байгаагүй шахам саймширч байна. Энэ нь сайны ч тэмдэг байж магадгүй, муугын ч ёр байж болох юм. Чухам Евроазид хэн нь илүү баттай суурьшиж Монголын их гүрний өвийг жинхэнэ ёсоор өвлөсөн бэ? гэдэг нь ойрмогхон ирээдүйд тодрох биз ээ. Ийм нөхцөл байдалд хэний ч тал орохгүй, өөрийн толгойтой ардчилсан Буддын шашинт Монгол улс, хэн хэнд нь илүү ашигтайг давтан хэлэх нь илүүц болов уу? Энэ нь ч аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилсэн Монгол улсын гадаад бодлоготой нийцнэ.
2005.09.17-22
Х. Эрдэмбилиг
Ашигласан материал
1. 3. Alicia Campi (11 July 2005), The Road Ahead, tsahimurtuu.mn (архив)
2. УИХ гишүүн Бат-Үүл, Монголын ардчилалд одоо л бодит аюул тулгарч байна, Ардын Эрх сонин
4. Robert Bedeski, The Chinese Diaspora, Mongolia and the Sino-Russian Frontier
JPRI Working Paper No. 62 Noүember 1999
‘‘Although ethnic affinities exists between Koreans and Mongolians, reinforced by historical relations, South Korea would not be likely to take Mongolias side in a quarrel with China for fear of endangering its large trade with and inүestment in China. North Korea, which has good reason to distrust China, is also too dependent on it.’’
5. Шанхайн Хамтын Байгууллагын вебсаид, http//www.sectsco.org/
6. Samuel Hunigton, The Clash of the ciүilisation, мөн доктор Баярхүүгийн Соросын сангийн вебсаид дээрх нийтлэлүүдийг сонирхоно уу.
7. Соёл ба Хөгжил, http//uk.tsahimurtuu.mn/index.php?option=com_content&task=үiew&id=19&Itemid=33