Сүүлчийн буун дуу
Хэсгийн төлөөлөгч буутай, оргодол юу ч үгүй, тэгээд олон хоног өлөн зөлөн явсан болохоор нэгэнт тамирдсан байлаа. Тэр ингэж баригдсан юм. Тэд буцаад унаандаа хүрэхэд бүтэн өдөр явган явж, Хорьдол сарьдагийн тайгаас буух байв. Оргодолд асрамж их хэрэгтэй байлаа. Эдний хооронд ямар ч өс хонзон байсангүй, бие биенээ огт танихгүй. Нэг нь оргосон, нөгөө нь баричлах үүрэгтэй байлаа. Хэсгийн төлөөлөгч машинаа нөхөддөө үлдээн – Та нар эндээ байж бай. Би нутгийн хүн байна газар нутгаа мэднэ. Хэд ч хонож мэднэ, хүлээж л бай гээд гарсан нь энэ ажээ. Идэж уух, бүх л юмаа оргодолд өгчээ. Тэр хоёрын хооронд товчхон яриа өрнөлөө.
-Суллагдахад хэдий хэр хугацаа үлдэв дээ?
-За даа. Уг нь гавихгүй, ганцхан жил.
-Тоогүй юм болж дээ. Ядаж ганцхан сар ч гэсэн тэссэн бол?
-Гүжирдлэг гэдэг айхтар юм. Шоронд нэг хоригдол бусдадаа хорлогдсон юм. Тэгээд над руу бүгдийг чихдэг байгаа. Байцаагч албан тушаалаараа далимдуулан олон сар зовоолоо. Зодлоо, нүдлээ, элдвээр сүрдүүллээ. Жинхэнэ алуурчин, гарт нь юм атгуулсан гэж хоригдлууд яриад байгаа юм. Тэр урьд нь их том хэрэгт холбогдож ирсэн ч цаана нь том хамгаалалт байгаа учир бага ял авсан юм. Тэгээд даан ч тэссэнгүй оргочихсон юм.
-Үнэн юм үнэнээрээ гарна, хэсэг тэсчихгүй дээ?
-Гурав хоног хоол ундаа хасуулаад ирэхээр бараг хүчээр, хэргээ худлаа ч гэсэн хүлээмээр санагддаг юм билээ. Оргодол хэсэг зуур бодлогошрон Залуу насны цайлган сэтгэл сайхан ч юмаа гэж амандаа бүдэгхэн гүвтнэв. Хэдэн цаг явсны дараа тэд аргагүй л ядран амарцгаалаа. Тэгээд цааш хөдөллөө. Хэсгийн төлөөлөгч эвгүй гишгэснээс хальтиран уулын уруу унаж, удтал өнхрөөд хаданд тээглэн зогслоо. Оргодол түүн рүү ойртон очвол тэр аль хэдийн ухаан алдсан байлаа. Одоо яах вэ? гэж, бодол болж зогсохдоо хүн чанар нь дийлж, түүнийг аврахаар шийдлээ. Хугарсан хөлөнд нь модон чигтавин янгинатал боолоо. Хэсгийн төлөөлөгч ухаан орж бүхнийг мэдээд өөрөө оргодлын мэдэлд орсноо мэдлээ. Гэвч тэр хоёр бие биенээ хардах юмгүй болсныг ухаарлаа. Тэр хоёр ёстой л бие биенийхээ дэмэнд урагшилж байлаа. Үзүүр төгсгөл нь мэдэгдэхгүй эл балар ширэнгээс нэг л гараад авбал дүлий дүмбэ оргисон хар тайгын үхэл ацагласан ширэнгээс тавигдаж чөлөөтэй болох байлаа. Оргодол түүнийг үүрэн алхам алхамаар урагшилна. Төлөөлөгч залуугийн бие илт доройтож, оргодлын сэтгэлийг зовоох боловч атгаг мууг өвөрлөн догширсон зангаа гаргахыг даан ч нэг хүссэнгүй. Энэ балар битүү ширэнгэнд энэ шавилхан залууг нидэрчихээд зам мөрөө хөөж одвоос түүний хэрэг боловч, хүний итгэлийг дааж чадах хүмүүн араншин байгаагаа алхам тутамдаа ухааран бас ч гэж өөртөө баярлаж явлаа. Хэсгийн төлөөлөгч нойр нь хүрч байгаа гэж тоймгүй. Юу юугүй унтаад өгмөөр байвч дагуулан яваа хүнээ оргочихвий гэсэн хардлага сэтгэлийг нь орооно. Гэхдээ Ухаан алдаад байхад яагаа ч үгүй шүү дээ гэсэн бодол түүнийг тайшрууллаа. Тэр хоёр амьсгаадан байж ганц нэг үг сольцгоолоо.
-Та аль нутгийн хүн бэ?
-Би Өвөрхангай аймгийн Өлзийт сумын хүн.
-Нэг нутгийн улс байна.
-Хэний хүүхэд вэ?
-Эцгээ мэдэхгүй, хоноцын хүүхэд л гэдэг. Ээжийг маань Цэвэлмаа гэдэг.
-Юу хийдэг байсан юм бэ?
-Арьтелд оёдолчин байсан. Дараа нь олон жил Арьс ши рний үйлдвэрт ажилласан даа. Тэд нэг хэсэг таг чиг боллоо. Орогдлын царай хувхай цайсан байв. Тэр гунигтайгаар толгой сэгсэрснээ хүндээр санаа алдлаа. Хөөрхий Цэвэлмаа минь. Би л танхай нэгэн байсан болохоор орхиод явчихсан юм. Хувь заяа гэж сонин юм. Аав, хүү хоёр ийм эвгүй байдалд уулздаг байжээгэж дотроо бодон шаналж байв. Хэсгийн төлөөлөгчийн дуу түүнийг бодлоос нь салгалаа.
-Олон жил хоноцын хүүхэд гэж хэлэгдэж явлаа. Цэрэгт байхад ганцаараа л Цэвэлмаагийн Батмөнх гэдэгсэн. Энэ үг оргодлын зүрхийг зүүгээр шивэх шиг болов. Тэр юу ч дуугаралгүй хүч орсон уу, залууг сэвхийтэл өргөөд цааш удтал алхаллаа. Батмөнх хэсэг зуур зүүрмэглээд авчээ. Оргодол түүнийг өмсөж явсан хүрмээрээ хучаад арилаад өгсөн байв.
-Ингэж л нэг цусдах гээд байжээ би хэмээн уулга алдан эзэнгүй балар ширэнгийг нүдээрээ эрэлхийлэн нэгжээд, өрөөсөн хөлөө хөндөн дуу алдан ёолсоор босов. Гэтэл оргодол ширэнгэ дундаас гарч ирэн дэргэд нь тулж ирэнгээ
-Газар үзээд ирлээ. Би удахгүй эндээс гарна. Одоохон энүүхэн зүүн урд гэнгээ яах ийхийн завгүй түүнийг сугадан ганц ч үг дуугарахгүй алхчихав. Хоригдол дуу шуу орж, нэг л хөнгөн шингэн болсонд Батмөнх ихэд гайхаж байлаа. Яриа өдөн
-Би таныг тавиад туучихлаа л гэж бодлоо шүү хэмээн өөрийнхөө бодлыг цагааруулан хэлбэл
-Арай ч эзгүй хөвчийн хормойд нэгийгээ гээчих эр бишээ би. Унаж яваад морио гэдэг биз дээ гээд нэг их том хөхрөв. Түүний нүднээс нулимс асгарч байхыг хараад Батмөнх их гайхлаа. Тэр дэгэлзэж гэгэлзээд нэг л хачин болчихсон байлаа. Тэд балар ширэнгэнээс наран жаргаж байхад сая нэг юм захдаж, их уулын нүцгэн бэлтэй золгов. Оргодол өөрийн эрхгүй сэтгэл нь дэвэлзэн, хамрынхаа самсааг сартайлган хүүгтэл амьсгаа авснаа
-За харж байгаа биз, гараад ирэх нь энэ дээ. Одоо ч хоёулаа алзахгүй хэмээн баясахуйд яг түүнийг хүлээж байсан юм шиг мухар жалганы амнаас УАЗ-469 суудлын машин тэднийг амдан наашиллаа. Машинаас хүмүүс буун тэднийг чиглэн гүйлдлээ. Орогдлын нүдэнд юуны түрүүн шоронгийн даргын заналхийлсэн зэвүүн харц илт мэдрэгдэн бие нь жихүүцлээ. Барьцгүй хорвоогийн эзэнгүй эл орчлонд эр биеийн итгэл гэдэг хээр өнжихгүй, хар цагааны дэнс сулдаа гээгдэх төдий хүмүүн заяа гэдэг даанч хөөрхий. Оргодол Батмөнхийг газарт эвтэйхэн гэгч нь буулгаж, буугий нь суга татан аваад мухардмал гашуун тавилангаасаа ангижиръя гэсэн шиг үг сүггүй бэл даган харайлгалаа. Дүлий дүмбэ оргисон их уулсын хормойг цочоосон буун дуу, оргодлын сүүлчийн гэгээн мөрийг баллан цуурай хадааж энэтэй хөхрөх Цочирын хяруу алслуулан авч одов. Машин хэдхэн гялалзаад оргодлын сөхөрсөн эрэг рүү тулж ирэв.
-Энэ хүн амьдрах ёстой. Амийг нь хурдан авраач гэсэн харуусал цөхрөлдөө шаналсан Батмөнхийн бахардсан дууны харгуйд, чанх дээр эргэлдэн нисэх хон хэрээний гуаглахаас өөрийг олж сонссонгүй. Оргодол арай амь тавиагүй, цусандаа хутгалдан хэвтэж байв.
-Та даан ч яав даа гээд түүний дээрээс Батмөнхийг тонгойн хэлэх зуур оргодол сүүлчийн хүчээ шавхан байж – Би чиний төрсөн аав чинь шүү дээ гээд амьсгаа хураалаа. Батмөнх хугархай хөлөө ч үл тоон босон харайж – Ямар хатуу хорвоо вэ? даан ч яав даа гээд орь дуу тавин хөсөр ойчлоо. Их уулсын сүүдэр бэл хөндийд хүүшлэн бууж, нойрмог цагаан манан газрын цээжийг дэлгэсэн нам гүмхэн уйтайхан үдэш болж байлаа.
2003 он