УИХ-ын 2005 оны намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын хэлсэн үг

Энэ удаагийн УИХ-ын намрын чуулганы нээлт та бидний хувьд хэд хэдэн онцлогтой үйл явдал болж байна.
Миний бие ард түмнийхээ итгэлийг авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа анх удаа Төрийн тэргүүний хувьд УИХ-ын чуулганд үг хэлж байна.
Мөн Монгол Улсын Төрийн тэргүүний тангараг өргөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш эхний 100 хоног улиран өнгөрч байна.
Монгол Улсад 1990 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 15 жилийн ой энэ намрын чуулгантай тохиож байна. Энэ сайхан завшааныг ашиглан ард түмнийхээ дэмжлэгийг авч, УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын төрийн тогтолцоог ардчилсан, эдийн засгийн харилцааг зах зээлийн шинж чанартай болгох шинэчлэлийн амаргүйхэн ажлыг ухаан зарж, сэтгэлийн тэнхээ тэвчээр зааж хийлцсэн байнгын ажиллагаатай үе үеийн парламентын гишүүдэд халуун баяр хүргэе.
УИХ-ын 2004 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент энэ удаагийн намрын чуулганаар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрэлдлээ. Төр улс, ард түмэндээ үнэнч, шударгаар зүтгэхээ илэрхийлж, УИХ-ын гишүүний эрхэм тангараг өргөсөн 2 гишүүндээ баяр хүргэж, амжилт хүсье.
Саяхан миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд НYБ-ын 60 жилийн ойд зориулсан Дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирсэн. Энэхүү Дээд хэмжээний чуулга уулзалтад НYБ-ын 191 гишүүн орны 153 төр, засгийн тэргүүн нар оролцсон нь урьд өмнө байгаагүй өргөн төлөөлөл болсон юм. Тийм ч учраас эл Дээд хэмжээний чуулга уулзалт нь НYБ-ын шинэчлэлийн асуудлыг хүн төрөлхтний өмнө тулгамдсан томоохон асуудлуудтай уялдуулан шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж товчоор дүгнэж болно.
НYБ хүн төрөлхтөнд хамгийн их хор хохирол учруулсан Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1945 онд үүсэн байгуулагдахдаа даян дэлхийд дахин дэлхийн дайн гаргахгүй гэсэн хамгийн эрхэм зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ. Хэдийгээр өнгөрсөн 60 жилийн хугацаанд олон улсын харилцаанд хурцадмал байдал нэг бус удаа гарч байсан ч НYБ үүргээ сайн биелүүлж, дахин дэлхийн дайн гаргахгүйгээр хүндрэлтэй асуудлыг зохицуулж чадсан гавьяатай. Мөн үй олноор хөнөөх зэвсгийг хязгаарлах, устгах талаар НYБ-ын явуулж ирсэн үйл ажиллагаа хүн төрөлхтөн харьцангуй амар амгалан амьдарч, улс орнууд хөгжиж дэвжихэд чухал тус нэмэр болсон билээ.
Өлсгөлөнд нэрвэгдсэн олон арван сая хүнийг хооллож ундлах, улс хоорондын мөргөлдөөн, бүс нутгийн хямралт байдал болон байгалийн гамшигаас болж хэдэн саяраа дүрвэж, орох орон, оочих аягагүй болсон дүрвэгсдэд туслах, олон сая хүний амь насыг авч, аюул занал учруулсан гоц халдварт өвчнийг дарах зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан хүнд хэцүү асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхэд НYБ-ын оруулсан хувь нэмрийг үнэлж барашгүй ээ. НYБ Монгол Улсад байгалийн гамшиг, эдийн засгийн хүндрэл тохиолдоход тусын гараа нэг бус удаа сунгаж ирснийг онцлон тэмдэглэж, УИХ-ын энэхүү хүндэт индрээс ард түмнээ төлөөлөн гүн талархал илэрхийлж байна.
Өнөөдөр дэлхийд НYБ-тай энэ зэрэгцэх нэр хүндтэй, гаргаж буй шийдвэр нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага байхгүй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. НYБ болон түүний салбар байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хамарч буй хүрээ нь тив тив дамнасан асар том орон зайгаар хэмжигдэж, зарцуулж байгаа хөрөнгө нь хэдэн зуун сая, тэрбум доллараар тоологдоно. Гэхдээ НYБ-ын энэхүү нэр хүнд ихээхэн хэмжээгээр түүний гишүүн болсон Монгол Улс шиг жижиг орнуудын итгэл, дэмжлэг дээр тогтдог нь бас үнэн. Нөгөөтэйгүүр НYБ нь Монгол Улс шиг жижиг орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын баталгааг хангадаг. Өөрөөр хэлбэл, эх орны дархан хилийн шугам иргэн бүрийнх нь зүрхэн дундуур татагддаг хэмээн эх орноо гэсэн хүний сэтгэлийг илэрхийлж яруу найрагч уран гоё үгээр илэрхийлсэн байдаг бол олон улсын харилцааны субъектын хувьд манайх шиг жижиг улсын дархан хилийн алтан шугам НYБ-д бүртгэгдэж, хоёр талын болон олон улсын гэрээ, конвенцоор баталгааждаг учир холбогдолтой.
Дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон төр, засгийн тэргүүнүүд НYБ-ын 60 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагын хүн төрөлхтний тусын тулд хийж гүйцэтгэснийг нь зохих ёсоор үнэлэхийн сацуу цаашид хийх ёстой үүргийнх нь талаар дэлгэрэнгүй ярьж хэлэлцсэн юм. Энэ яриа хэлэлцүүлэг ихээхэн маргаантай байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Өнөөдөр дэлхийд 6 тэрбум хүн амьдарч байгаагаас дөнгөж 2О хүрэхгүй хувь нь харьцангуй чинээлэг аж төрж байна. Өнөөдөр даян дэлхийд алан хядах үйл ажиллагаа, гоц халварт өвчин, ДОХ, бичиг үсэг үл мэдэх явдал, тэдгээрийн шалтаг шалтгаан болсон туйлын ядуурал, ажилгүйдэл, улс хоорондын улам өргөжиж байгаа баян, ядуугийн ялгаа зэрэг нь даруйхан шийдвэрлэвэл зохилтой хамгийн тулгамдсан асуудлууд болжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн дайн гаргахгүй байх зорилгоос огтхон ч дутуугүй ач холбогдолтой зорилт нь хөгжлийн асуудал болсныг, богино хугацаанд бодитой арга хэмжээ эс авбаас ядуурал бол нэг ёсны үй олноор хөнөөх зэвсэг болж байна гэдгийг Дээд хэмжээний чуулга уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэсэн билээ. Энэ асуудал бусад хөгжиж байгаа орнуудтай нэгэн адил Монгол Улсад ч ихээхэн хамаатайг та бид сайн мэдэж байгаа.
Хэдийгээр эрдэмтэн судлаачид, олон улсын болон төр засгийн байгууллагууд хөгжлийг хэмжих хэмжүүрийн тухай маргалдаж, тухайн орны хөгжлийн төвшинг тодорхойлохдоо янз янзын хэмжүүрийг ашигладаг ч эцсийн эцэст хөгжлөөс энгийн хүн ард, иргэд хожиж, үр шимийг нь хүртэж байх ёстой тул эртний мэргэний хэлсэн Хүн бол бүхний хэмжүүр гэсэн үгийг бага зэрэг өөрчилж, Хүн бол хөгжлийн хэмжүүр гэж хэлж болно.
Сүүлийн үед олон улсын байгууллагууд, улс орнууд хөгжлийг хэмжихдээ хүний хөгжлийн хэмжүүрүүдийг баримтлах болсон нь санаандгүй хэрэг биш. Анх 1990 онд Пакистаны эдийн засагч Мабуб уль Хакийн судалж тогтоосон хүний хөгжлийн индексүүд буюу хэмжүүрүүд нь тухайн орны хөгжлийн төвшинг тогтооход өргөн хэрэглэгддэг болсон байна. Саяхан НYБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүний хөгжлийн хэмжүүрүүдээр 2005 оны хувьд улс орнуудын хөгжлийг тогтоосон судалгааг хийж гаргасан байна. Энэ судалгаанд нийт 177 орон хамрагдсанаас Монгол Улс хүний хөгжлийн хэмжүүрүүдээр хүний хөгжил нь дундуур төвшинд байгаа орнуудын тоонд багтаж 114-рт бичигдсэн байна. Олимпийн тоглолтонд орсныхоо дараа түрүүлсэн, эсхүл шагналт байранд орсон тухайгаа биш харин ардаа ямар орны тамирчныг орхисноо ярьдаг биеийн тамир спортын зарим удирдлагын аргыг дагавал ардаа 63 орныг орхисон тул чамлахаар чанга атга гэсэн үзүүлэлт юм шиг боловч үнэн хэрэг дээрээ 113 орны ард бичигдсэн нь үнэхээр анхаарал татсан, сэтгэл түгшээсэн явдал юм. Өөрөөр хэлбэл монгол хүн амьдралын чанарыг үзүүлсэн хөгжлийн хэмжүүрүүдээр 113 орны хүний хойно хоцорч явна. Яагаад ийм байгаа тухай нухацтай ярилцаж, иргэн ч өөрөө хичээж, түүний сонголтоор бүрдсэн төр, засаг ч иргэндээ үйлчлэх ёстой үүргээ цаг ямагт санаж, энэ байдлыг засахын тулд яаралтай, бодитой, цогц арга хэмжээ авах цаг болжээ.
Гэхдээ энэ нь урьд өмнө хийсэн бүтээснийгээ бүхэлд нь харлуулан үгүйсгэх гэсэн үг биш юм. Харин ч хийсэн бүтээсэн ажлаа тоон биш, чанарын үзүүлэлтээр дүгнэж, өөрчлөлт шинэчлэлийн үр дүн монгол хүний хөгжилд хэрхэн тус дэм болсныг тодруулахад тустай гэж үзэж байна.
Монгол Улс ардчилсан төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд даруй 15 жил боллоо. Бид шинэ Yндсэн хууль батлах, улс төрийн тогтолцоог өөрчлөх, ардчилсан сонгууль явуулдаг болох, засаглалын эрх мэдлийг хуваарилах, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулах, хувийн өмчийг бий болгох зэрэг том зорилтуудыг өмнөө тавьж, түүндээ ямар нэгэн хэмжээгээр хүрсэн. Товчоор хэлбэл, хэдийгээр янз янзын шалтгаанаар цаг хугацаа алдаж байсан ч ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн харилцаанд оролцдог институцүүд болох ард түмний сонголтоор бүрддэг төр засаг, олон намын тогтолцоо, хараат бус хэвлэл, бие даасан шүүх, хүний эрхийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагуудыг бий болгох, тэдгээрийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд томоохон алхам хийсэн. Монголын ард түмний энэ ололт амжилтыг гадаад ертөнц ч зохих ёсоор үнэлдэг билээ. Гэвч эдгээр нь эцсийн зорилт биш, харин Монгол орон, монгол хүнийг хөгжүүлэх гэсэн эрхэм зорилгод хүрэх нэг ёсны арга хэрэгсэл, завсрын зорилтууд гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Манай иргэд ардчилсан өөрчлөлт, үйл явцыг анхнаас нь дэмжиж, хамгаалж ирэхдээ амьдрал сайжирна, бүх юм сайхан болно гэсэн өөдрөг гэгээн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Цаашид ч олонхи нь энэ сонгосон замаараа явна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ өнөөгийн бодит байдал дээр бидний хүсэн хүлээснээс өөр үр дүн, дүр зураг харагдаж байгаа тул иргэдийн маань дунд бухимдал байгаа нь тодорхой байна.
Хүн бол бүхний хэмжүүр гэсэн мэргэн үгийн өөр нэг утга нь хүн өөрөө аливаа юманд хэмжүүр тогтоодог буюу юмыг сайн ба муу, шударга ба шударга бус, ашигтай ба ашиггүй, сайхан ба муухай хэмээн үнэлдэг, дүгнэдэг гэсэн гүн гүнзгий санаа юм. Тэгвэл өнөөдөр манай хүмүүс амьдрал ахуй, нийгэм орчноо юу гэж дүгнэж байна вэ?
Амьдрал хүндхэн байна, хүнд суртал, хээл хахууль, шудрага бус явдал улам бүр газар авч байна, нийгмийн халамж үйлчилгээ хүртээмж муутай байна, нийгмийн баялгийн хуваарилалт зөв биш, тэгш бус байна, нийгмийн харилцаа, орчин хүнлэг биш болж байна, ирээдүйдээ итгэх итгэл суларч байна гэсэн өөдрөг биш үнэлэмж, гомдол бухимдал бүхий дуу хоолой тод сонсдож байна. Амьдрал нь болж бүтэж байгаа олонхи нь дуугүй байгаа, энэ бол цөөн хүний гомдлын дуу хоолой юм гэсэн тайлбарыг хийлгүй гомдол болгоныг төр засгийн бүх шатны байгууллагууд судлан алдаа дутагдлыг засаж арилгах хэрэгтэй. Yүний тулд бүх бодлого, үйл ажиллагааны төвд хүнийг тавьж, хүний хөгжлийн түвшингөөр бодлого, үйл ажиллагааныхаа үр дүнг хэмждэг арга барилыг удирдлага болгодог болцгооё.
Хүний хөгжил нь хялбаршуулан хэлбэл нэг талаас түүний хөгжихөд тустай, аятай таатай орчин бүрдүүлж өгөх үүрэгтэй төр засгийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагаанаас, нөгөө талаар эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг зарчмын дагуу амьдралаа аваад явах чадвартай болсон иргэнээс өөрөөс нь шалтгаална. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа тухай хүний хөгжлийн төвшинг тодорхойлох чухал үзүүлэлт болох боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил, ядуурал, ажилгүйдлийн байдал, нийгмийн халамж, үйлчилгээний хүртээмж зэрэг тодорхой зүйл дээр харж болно.
Манай хүн амын бичиг үсэг тайлагдсан байдал, ерөнхий боловсролын түвшин, арван мянган хүн тутамд оногдох оюутан, сурагч, дээд боловсролтой хүний тоогоор чамлагдахааргүй үзүүлэлттэй. Гэхдээ боловсролын салбарт юуны түрүүн сургалтын чанар муу, тус салбарын ажил, үзүүлж буй үйлчилгээ цаг үеийн шаардлагад сайн нийцэхгүй байгаа явдал сэтгэл эмзэглүүлж байна. Сургалтын чанарыг даруйхан сайжруулахгүй бол хүний хөгжлийн асуудал хүнд хэвээр байх нь ээ. Энэ нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн боловсрол эзэмшилтийн түвшин дотоод, гадаадын их, дээд сургуульд элсэж суралцах шаардлагыг бүрэн хангахгүй байгаа, дээд боловсролтой залуучууд хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэхгүй, эзэмшсэн мэргэжил нь орчин үеийн ажлын байрны шаардлагад тэр бүр тэнцэхгүй байгаагаар илэрч байна. Нөгөө талаар гадаадын их, дээд сургуульд нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудаа эх орондоо буцаж ирж ажиллах нөхцлийг сайжруулах, арга механизмыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Заавал улстөржиж, улс төрийн нам дамжиж ажил олдог тогтолцоог халж, харин өндөр мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай, сэтгэлийн тэнхээтэй, шударга залуу хүнийг ажиллуулдаг тогтолцоог бүрэлдүүлэх хэрэгтэй байна. Энэ бүхэн нь манай боловсрол хүний хөгжлийн жинхэнэ хөшүүрэг, эх сурвалж болж чадахгүй байгаагийн гэрч юм. Мэдлэг нь хүндээ болон нийгэмд тэр бүр ач тус, үр өгөөжөө өгдөггүй сургалтын гаж эмгэг тогтолцоог өөрчилж, сургалт нь хүнд хамгийн оновчтой, хэрэгцээтэй мэдлэг боловсрол, сайн мууг ялгах ёс суртахуун, оюуны дархлаа, амьдралын ачаа даах сэтгэлийн хүч тэнхээ олгодог, хүний хөгжлийг саармагжуулдаг биш, харин эрчимжүүлдэг боловсролын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө боловсролын төлөө санаа зовдог хүн бүр, юуны түрүүн боловсролын асуудал хариуцсан төр, засгийн байгууллагууд анхаарч ажиллавал зохино.
Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгч миний бие бүх шатны төрийн бус өмчийн сургуулийн тухай хуулийн төслийг санаачлах, их, дээд болон мэргэжлийн сургуулиудад авьяас сурлага сайтай хүүхдүүдийг дэмжиж суралцуулах сан байгуулах хөдөлгөөн өрнүүлэх, дэлхийн жишигт дүйцэх стандарт бүхий загвар сургууль буй болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хөтөлбөртөө тусгаад байна.
Хүний эрүүл мэнд бол хамгийн эрхэм, үнэт баялаг бөгөөд түүний хөгжлийн үндэс суурь мөн.
Сүүлийн жилүүдэд төрийн ба төрийн бус өмчийн олон эмнэлэг, үйлчилгээний байгууллага бий болж, олон тооны төсөл хэрэгжиж байгаа ч нийгмийн эрүүл мэнд хэврэгшиж, хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралт, эндэгдэл дорвитой буурахгүй байгаагаас гадна хүн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах гэсэн Yндсэн хуулинд заагдсан эрхээ иргэд бүрэн эдэлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна.
Өвчтөнийг эмчлэн эдгэрүүлэхийг хичээхээс гадна урьдчилан сэргийлэх, гэгээрүүлэн сурталчлах ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна. Хүн амын эрүүл мэндэд шууд холбоотой хүнсний аюулгүй байдал, ундны цэвэр усны хангамж, хот суурин газрын агаар, байгаль орчны бохирдлын асуудлыг үргэлж ярьдаг боловч мэдэгдэхүйц, нааштай үр дүн гарахгүй байна гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
Нөгөө талаар иргэд маань ч гэсэн монгол үндэсний удмын сан, генийн дархлааг далдуур хөнөөж буй архи, тамхины хор, ДОХ болон элдэв халдварт өвчний өртөлтөөс өөрсдийгөө болон үр хүүхдээ хамгаалж, эрүүл ахуйн наад захын дэглэм журмыг мөрдөж сурах хэрэгтэй.
Хүн эрүүл саруул оюун ухаан, бие бялдартай, эргэн тойрны орчин нь эрүүл, аюулгүй баймааж хөгжиж, идэвхтэй, эрчимтэй амьдрах бололцоотой болно гэдгийг цагт ямагт санаж, эрүүл мэндийн байгууллага, ажилтнууд хүний төлөө тавих анхаарал халамж, үйлчилгээндээ чанарын өөрчлөлт хийхээс өөр аргагүй болжээ. Энэ салбарт төсвөөс зарцуулж буй хөрөнгө тэр бүр хүрэлцээтэй биш байдаг ч эмч мэргэжилтнүүдийн хүний төлөө сэтгэл, үйлчилгээ, тус салбарын удирдлагын зөв менежмент өвчнийг анагаах шууд эм болохгүй ч байдлыг мэдэгдэхүйц өөрчлөх хөшүүрэг болох нь дамжиггүй.
Хүний хөгжлийн болон хүний эрхийн эдийн засгийн баталгаа эмзэг байна.
Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ дэлхийн дунджаас нилээд доогуур, хөдөлмөрийн үнэлэмж, бүтээмж аль аль нь бага, цалин хөлс нь амьжиргааны эх үүсвэр тэр бүр болж чаддаггүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь амьдралын зайлшгүй наад захын хэрэгцээний зардалд бараг хүрдэггүй, ажлын байр хязгаарлагдмал, ажилгүйдэл ядуурал дорвитой буурахгүй байгаа нь монгол хүний хөгжлийг чөдөрлөж байна. Энэ бүх дөнгө, тушаанаас салахгүйгээр бид хүнээ хөгжүүлж урагшилж чадахгүй. Yүний тулд эдийн засгийн хөгжлийн хурдыг сааруулсан аливаа саадыг арилгах, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хувийн хэвшлийг татварын оновчтой бодлогоор болон хүнд суртлыг эрс багасгах замаар бодитой дэмжих, далд эдийн засгийг ил болгох шат дараалсан арга хэмжээ авах, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг ихэсгэх, ажлын байрны тоог эрс нэмэгдүүлэх, ДНБ-ний үйлдвэрлэлийг нэгэнт хүрсэн 10 хувиас доош бууруулахгүй байх, хүний хөгжилд хийх хөрөнгө оруулалтыг өсгөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Эцсийн эцэст хүмүүсийн цалин тэтгэвэр, хөрөнгө оруулалтын хэмжээ, ер нь улс орны баялаг ДНБ-ний үйлдвэрлэлийн өсөлтөөс шууд хамааралтай тул ДНБ-ний өсөлт хүн болгоны, юуны түрүүн Засгийн газрын анхаарлын төвд байх ёстой. Хэрэв ДНБ-ний өсөлт удааширвал нийгмийн хамгааллын чиглэлийн аливаа зорилго санхүүжилтын эх үүсвэргүй хоосон амлалт болж хувирна гэсэн үг билээ. Ажилгүйдлийг, улмаар ядуурлыг бууруулахад ч эдийн засгийн өсөлт ихээхэн чухалаа. Засгийн газрын хувьд ажлын байр олноор бий болгох асуудал нь нийгэм, эдийн засгийн бодлогын цөм, гол зорилго байх ёстой. Эдийн засгийн өсөлтөөс олсон үндэсний орлогын 50 хувийг жил бүр улс орныхоо нийгмийн салбарт нэмэгдүүлэн зарцуулж байх нь зүйтэй гэж үзэж байна.
Хүний хөгжилд болон хүндээ тавих анхаарал дутаж, хөдөлмөр, мэргэжлийн өрсөлдөх чадвартай болгож, бэлтгэж чадахгүй байгаагаас монгол хүн хөдөлмөрийн зах зээлээс аажмаар шахагдах, гадаадад хямд ажиллах хүчний хавсарга болж болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй байна.
Эдийн засгийн гадаад, дотоод таатай нөхцөл бүрэлдсэний улмаас манай улсын эдийн засагт уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин өсөж байгаа нь сайшаалтай хэрэг боловч тус салбар Монгол Улсын иргэдэд өгөөж, хүртээмжгүй зүйл болон хувирах, эсхүл байгалийн тэнцэл алдагдах нөхцөл байдлаас сэргийлж, хүн ардынхаа амьдрал ахуйг тэтгэх нэг чухал ундарга болгох зөв бодлого чухал байна.
Хүний хөгжил, нийгмийн баримжаатай бодлогыг чухалчилахдаа эдийн засгийн суурь бүтээн байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарал сулруулж болохгүй бөгөөд энэ чиглэлд эхлүүлсэн өмнөх жилүүдийн бүтээн байгуулалтын эрч хүчийг сааруулахгүй ажиллахыг сануулж хэлье.
Хувь хүний чөлөөт хөгжлийг хангахад ардчилсан төрийн үүрэг нэн чухал билээ. Ардчилсан төрийн шинж нь шударга, нээлттэй, хариуцлагатай, хүнд сурталгүй, авилга, хээл хахуульгүй байх ёстой гэдгийг та бид сайн мэднэ.
Гэтэл өнөөдөр төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа иргэдийн өмнө дандаа нээлттэй, тэгш, шударга байж чадаж байна уу? Энэ асуултанд иргэдийн өгч байгаа хариу, үнэлэлт та биднийг баясгахаар биш байгаа төдийгүй авилга авах, шударга бус хандах явдал газар авч байна гэж гомдол гаргаж, шүүмжилж байна. Иргэн хүний хууль ёсны үйлдэлд садаатай, хүнд сурталт засаглалын механизмыг эрс өөрчлөн шинэчилж, хүний төлөө ажилладаг, түүнд шуурхай үйлчилдэг сайн засаглал тогтоохын төлөө амаараа уралдах биш, ажлаараа зүтгэхээс өөр илүү зөв зам байхгүй. Гүйцэтгэх засаглалын бүх шатанд иргэдэд үзүүлэх үйлчилгээндээ сайн засаглалын стандартуудыг мөрдөж ажиллавал зохино. Эдгээр стандартуудыг тогтоож баримтлахдаа хүний хөгжлийн индексүүд буюу хэмжүүрүүдийг багтаавал төр засгийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагаа жирийн иргэн хүнд ойрхон, наалдацтай, үр дүн нь түргэн гарах бололцоотой, түүний хөгжилтэй шууд холбоотой болох юм.
Хууль хяналт, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа нь нууц бишээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагааг шударга, хүнд сурталгүй болгохын төлөө та бид хамтран ажиллах хэрэгтэй. Гэхдээ шударга ажиллаж байгаа бол бас дэмжих учиртай.
Шүүх хүнийг хэрэг хийсэн гэж үзээд шийтгэдэг, гэтэл тэр хүнийг нь суллачихдаг ойлгомжгүй явдал гарч, хүмүүс гайхдаг. Yнэхээр бараг гэм буруугүй хүн байсан юм бол яагаад шүүх түүнийг шийтгэдэг юм бэ? Буруутай юм бол яагаад суллачихдаг юм бэ? гэж хүмүүс асуудаг. Энэ мэтийн ойлгомжгүй явдал ил тод биш, шударга бус байдлаас үүдэлтэй гэж хүмүүс үздэгийг эсэргүүцэж үгүйсгэхэд хэцүү.
Хүний хөгжлийн хэмжүүрүүдэд хамгийн их хамаатай боловсрол, эрүүл мэндийн салбарын ажлын өнөөгийн байдал, Засгийн газрын эдийн засгийн бодлого, түүний хэрэгжилт, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагааг авч үзэж, товч дүгнэхэд ийм байна. Эдгээр салбар, байгууллагуудын үйл ажиллагаа хот, хөдөөгийн хүмүүс, хүүхэд залуучууд, ахмад настан гээд ер нь хүн бүрийн амьдралтай холбоотой. Хүний хөгжлийн хэмжүүр бол нэг ёсны хүний амьдралын чанарын тухай асуудал юм. Засгийн газрын үйл ажиллагааг бас өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулж үнэлдэг билээ. Эдгээрийн аль ч талаас нь аваад үзэхэд бодож эрэгцүүлэх, засаж залруулах зүйл цөөнгүй байгаа нь тод томруун харагдаж байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа явуулж эхлээд 15 жилийн нүүр үзэж байна. Тэртээ 15 жилийн өмнөх намрын өдрүүдэд Улсын Бага хурлын анхдугаар чуулган хуралдаж, улс орны хөгжлийн сонголт, төрийн бодлогын талаар олон ургальч санаа бодлыг уралдуулж, халуухан хэлэлцэж, харилцан ойлголцож, ончтой голч шийдэлд хүрч, асуудалд ажил хэргийн сонирхлоор хандаж байсан нь сонин хэвлэлийн шарласан хуудаснаа тодхон үлджээ.
Парламентын энэ сайхан уламжлалыг он цагийн архивт үлдээлгүй залгуулан хөгжүүлж, парламентын түүхийг баяжуулна гэдэгт би та бүхэнд итгэж байна. Миний бие энэ парламентад та бүхэнтэй хамт нэгэн оныг үдэж өнгөрүүлсэн. Энэ парламентад ард түмнийхээ итгэлийг авч Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа тангараг өргөж, төрийн тамгыг гардан авсан, цаашид Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ ихэнх замыг хамт туулна.
Хэдийгээр Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын хооронд Yндсэн хуулиар тогтоогдсон эрх мэдэл, үүрэг хариуцлагын хуваарилалт, зааг ялгаа бий боловч төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, Монгол Улс, монгол хүнийг хөгжүүлэх асуудлаар цул нэгдмэл байж чадна гэдэгт итгэлтэй байна.
Энэ парламент бүрэлдэхүүний хувьд олон намын болон бие даагчдын төлөөлөлтэй, улс төрийн хүчнүүдийн суудлын харилцаа ойролцоо өвөрмөц онцлогтой. Нэгэнтээ сонгогчдын сонгож бүрдүүлсэн, олон намын төлөөлөлтэй энэ парламент нь аль нэгэн нам дангаараа шийдэхэд хүндрэлтэй улс орон, үндэсний эрх ашиг бүхий төрийн бодлогын чухал асуудлаар алс хэтийг зөв баримжаалсан, нийгмийн санаа бодлын олон янз байдлын тэнцвэр голчийг олсон зохистой шийдэл олж, зөв шийдвэр гаргах бололцоогоо бүрэн дүүрэн дайчилж ажиллах хэрэгтэй. Аливаа асуудалд явцуу бүлэг, хувийн ашиг сонирхлоор бус, нийт иргэн, улсын эрхэм ашиг сонирхлыг баримтлан ололтоо өөртөө өмчлөхгүй, алдаагаа нөгөөдөө тохохгүй хамтран ажиллаж, үндэсний хөгжлийн бодлогын нэн чухал асуудлуудыг шийдвэрлэхийг та бүхэнд хандан уриалж байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын нийт ард иргэд ээ,
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд НYБ-ын 6О жилийн ойн Дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцохдоо тус байгууллагын хүндэт индэр дээрээс 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх тухай мэдэгдсэн билээ. Энэ их ой бол нэг удаагийн баяр наадам хийж өнгөрөөх биш, эх түүхээсээ суралцаж, ирээдүйгээ бүтээн байгуулах өргөн дэлгэр утгатай үйл хэрэг, Монгол Улсаа бусдад таниулах, сурталчлах сайхан бололцоо юм. Өнөөдөр дэлхийн үйл хэрэг АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг НYБ-ын төв байранд шийдэгдэж байгаатай адил 8ОО жилийн тэртээ дэлхийн үйл хэрэг Их Монгол Улсын эзэн хааны ордонд шийдэгдэж байсан билээ.
Найман зууны тэртээх Монгол Улсын мандал бадрал, манлайллын уг үндэс нь юунд оршиж байсан тухай судлаачид тэмдэглэхдээ, удирдлагын хамгийн оновчтой аргад нийцсэн бүтэц зохион байгуулалт, хууль ёсоо дээдлэх ухамсар, түүнд тулгуурласан сахилга дэг журам, эв нэгдэл, олон шашин, шүтлэг бишрэлийг хүндэтгэх уужим ухаан, удирдлага, бодлого, шийдвэр, үйлдлийн эрч хурд, худалдаа, арилжаа наймаа хийх чөлөөт байдал, мэдээлэл, үйлчилгээний өргөн сүлжээ, шуурхай байдал зэргийг онцолдог билээ. Тэр үед монголын ард түмнийг дээд зэргээр дайчлах чадвартай төрийн бүтэц, монгол хүн оюун ухааны нөөц, бие бялдрын хүч чадлаа бүрэн дүүрэн нээж ашиглах тогтолцоо бүрэлдсэн байжээ. Чухамхүү тэр үед монгол хүний хөгжил урьд өмнө хүрч байгаагүй өндөрлөгт гарчээ. Монгол хүнийг хөгжүүлэхэд ямар их авьяас чадвар, оюун ухаан, эрч хүчийг үзүүлж, ямар ихийг бүтээн байгуулж чаддагийг 8ОО жилийн өмнөх их үйл явдлууд тодоос тод гэрчилнэ. Тэгвэл бид өвөг дээдсийнхээ бүтээсэн агуу түүхийг бэлхнээ харж байгаа шигээ өөрсдийнхөө өнөөгийн сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийн тулд монгол хүнийг хөгжүүлье хэмээн нийт ард иргэддээ хандан уриалж байна. Хүн хүнийхээ төлөө сэтгэл гаргаж, хөгжлийнхөө төлөө зүтгэл гаргацгаая. Чухамхүү ийм бодлого, зорилготойгоор Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг даян дэлхийн улс түмэнтэй хамт тэмдэглэцгээе.
Анхаарал тавьсанд баярлалаа.