Ерөнхий сайд шингэрүүлсэн хийгээр машинаа цэнэглэнэ

Энэ жил миний нэр дээр ирүүлж буй урилгуудын лав 60 хувийг шинэ үйлдвэр, аж ахуйн газруудын нээлтийг товлосон урилга эзэлж байна. Тэгэхээр 2005 оныг онцлог жил хэмээн хэлж болох юм. Он гарсаар манай улсад 120 гаруй шинэ үйлдвэр, аж ахуйн газар үүд хаалгаа нээсэн нь үүний нэг баталгаа. Сүүлийн саруудад шинэ үйлдвэрүүд шил шилээ даран мэндэллээ. Энэ бүх үйл ажиллагаанд Засгийн газар байнга талархан баяр хүргэж, байнга тэдгээрийг дэмжиж байдгийг хэлэх нь зүйтэй.
Эрчим хүчний шинэ нөөц шингэрүүлсэн хийг Монголд суурьшуулах боломжийг бий болгож байгаа ЮНИГАЗ компанид талархах ёстой. Монголчууд цахилгаан эрчим хүчний нэг эх үүсвэрээс бус хоёр, гуравдагч эх үүсвэрээс гэрэл, цахилгаанаа хүртэж, амьжиргаа, үйл ажлаа залгуулдаг байвал өдөр тутмын амьдрал маань тасалдалгүй түргэн хурдацтай хөгжих болно. Шингэрүүлсэн хийг ашиглах эдийн засгийн үйл ажиллагааг бид өргөжүүлэх нь чухал хэмээн тус компанийн Амгалан дахь Хий цэнэглэх станцад болсон нээлтийн ёслолын үеэр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хэлсэн юм.
Тэрээр буцах замдаа нийслэлийн зүүн дүүрэгт байрлах Улаанхуарангийн орчимд буй НИК компанийн ШТС-аар дайрав. Тэнд байсан нийтийн үйлчилгээний таксины жолооч нар энэхүү шингэрүүлсэн хийгээр хэрхэн машинаа цэнэглэж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав. Энэ шингэнийг хэрэглэсэн такси өдөрт 1000 төгрөг хэмнэх боломжтой гэнэ. Мөн байгаль орчинд хоргүй, машины эд ангиудын элэгдэл хэд дахин бага болох зэрэг ач холбогдолтойг сонссон Ерөнхий сайд өөрийнхөө машинд шингэрүүлсэн хий хэрэглэх бодолтой байгаагаа энд хүрэлцэн ирсэн Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүүтэй аминчлан ярьж байв. ЮНИГАЗ-ын нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт, Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрт Элчин сайд Т.Тода болон холбогдох албаны бусад хүмүүс оролцов.
Эх сурвалж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ