Ерөнхий сайдад Хаадын ном-ын дээжийг гардууллаа

Учиртай гурван толгой дуурьт дуулдаг шиг дээдэс хаадаа мэдэхгүй балар байдалд монголчууд бид багагүй автлаа. Энэ харанхуйг нимгэлэхэд Хаадын ном ихээхэн нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэж Хаадын сангийн ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, доктор Л.Түдэв өгүүлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өнөөдөр энэ эрхэм хүнийг урьж уулзсан юм. Хаадын сангаас эрхлэн хэвлүүлж байгаа Хаадын ном-нд Модун Шаньюу хаанаас эхлэн Монгол гүрний түүхийн 100 хаан, найман Богдын намтар, үйл хэргийн тухай түүхэн баримт, сурвалжийг голлон 108 ботиор нэгтгэн эмхэтгэх юм байна. Хаадын номыг хатуу хавтастай, шилэн дээр нь эрдэнийн чулуун шигтгээ, Мөнх тэнгэрийн хүчин дор гэсэн бичээс бүхий гэрэгэтэйгээр хэвлэж буй ажээ. Одоогоор 40 орчим ном хэвлэгдэн гараад байгаа бөгөөд уг номын дээж 20 ботийг доктор Л.Түдэв, Хаадын сан-гийн гүйцэтгэх захирал, Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Дугарсүрэн нар Ерөнхий сайдад гардууллаа.
Хаадын номыг туурвих ажилд манай нэр хүндтэй түүхч эрдэмтэд голчлон оролцож байгаа бөгөөд ирэх онд болох Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр эхний 50 ботийг дэлгэн барина гэж Хөдөлмөрийн баатар, Соёлын гавъяат зүтгэлтэн нар Ерөнхий сайдад танилцуулав. Энэ цуврал ном нь Л.Түдэв гуайн ерөнхий редактороор нь ажиллаж байгаа хоёр дахь 108 боть юм. Тэрээр өмнө нь Монголын уран зохиолын дээж 108 ботийн ерөнхий редактороор ажилласан юм.
Ерөнхий сайд Л.Түдэв, Н.Дугарсүрэн нартай Засгийн газрын соёл, хүмүүнлэгийн бодлого, тулгамдаж байгаа асуудал, хэтийн зорилтын талаар ярилцаж, тэдний үнэ цэнэтэй санал зөвлөгөөг сонслоо. Түүх, соёлын талаар арвин их судалгаа, мэдээлэл хуримтлуулсан эрдэмтэд Нууц товчооны судлал, соёлын өвийн хамгаалалт, Хархорин, Орхоны хөндий, Чингис хааны түүхэнд холбогдох газар нутгийг шинжлэн судлах зэрэгт анхаарах зарим асуудлын талаар Ерөнхий сайдтай ярилцав.
Эх сурвалж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ