Улаанбаатарт битүү стадион барина
Дэлхийн жишгээр авч үзвэл энэ нь дундаж түвшинд тооцогддог бөгөөд ийм хэмжээний хиймэл мөстэй битүү стадионыг Улаанбаатар хотод барьж босгохоор төлөвлөж буйг Олон Улсын болон Азийн Тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Оттавиа Чинкуанта, Чанг Мёнг Хи нар Монголын Тэшүүрийн холбооны тэргүүн, Азийн тэшүүрийн холбооны дэд ерөнхийлөгч О.Эрдэнэ-Өлзийн хамт өнөөдөр Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид танилцууллаа.
Энэ хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд, монголчууд байгалиасаа спортод авъяастай ард түмэн бөгөөд дэлхий, тивийн хэмжээний тэмцээн, уралдаанд манай тамирчид амжилт үзүүлэхэд Олон улсын тэшүүрийн холбооны энэхүү дэмжлэг туслалцаа ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Манай улсад барихаар төлөвлөж байгаа хиймэл мөстэй битүү стадион нь техник технологийн хувьд олон улсын жишигт нийцсэн иж бүрэн, орчин үеийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон, тэшүүрийн төдийгүй өвлийн спортын бусад төрлүүдээр хичээллэх, урлаг соёлын арга хэмжээ явуулж болохуйцаар баригдах юм.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын тэшүүрийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Гансүх байлцлаа.
Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Албанаас мэдээллээ