Ахмадууд ордны хаалгыг сахив
ээлжит жагсаалаа хийлээ. Тэдний түрүүч өглөөний есөн цагийн орчимд Төрийн ордны гадна ирсэн аж. Хөгшчүүдийн удирдагч нь жагсагчдынхаа тоог авахад 300 хол гарсан гэнэ. Хөгшчүүд Төрийн ордны гадаа өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдээс зохион байгуулалттайгаар олон удаа ирэх болсон. Тэд тэтгэврийн зөрүүг арилгуулах, өөрсдийн байртай үлдэх гэж ийн байн, байн ирж байгаа юм, Жагсагчид Ахмадуудыг алагчлан үзэж тэтгэвэр нэмснийг эсэргүүцэж байна, Бид илүү зүйл нэхээгүй авах ёстой зүйлээ шаардаж байна гэсэн бичигтэй лоозон барьцгаажээ.
Гадаа зогсох зуураа тэр Энхбаяр, энэ Элбэгдорж муу ажиллаж байна, огцор хэмээн шаардаж буй юм биш, Гол нь адилхан өндөр настай биднийг алаг үзэж ялгаатай нэмсэн тэтгэвэр л уулзуулаад, уурлуулаад байна гэлээ. Мөн нээлттэй Засгийн газар гэж ярьдаг атал ирэх болгонд л хаалга нь цоожтой, хамгаалагч зогсож байх юм. Хэзээ ийм засгийн газар байлаа хэмээн бухимдацгааж байв. Хичнээн бухимдан, цагаан хоолойгоор хашгирсан ч түүнийг чуулганы нээлтэд сууж байсан эрхэм гишүүд сонсоогүй биз.
Хурал тарахын үед буюу 12 цагийн орчимд баруун хойд хаалгаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж гарч ирсэн. Түүнийг хөгшид тойрон бүчиж нөхцөл байдлаа хэлсэн юм. Гэвч Ж.Бямбадорж дарга Би ямар энэ засгийн газарт чинь ажиллаж байгаа биш дээ хэмээн учирлаад Бенз машиндаа суун одсон. Цуглагсад бүх хаалгыг хуваагдан сахиж байгаад 13 цаг 30 минутын үед таран одов. Гэхдээ эргэж дахин ирэхээр. Тэд чуулганы нээлтийн эхэнд УИХ-ын гишүүдэд шуудангаар цахилгаан явуулсан гэнэ. Харин хариу ирэх нь тодорхойгүй, бүр эздэдээ очсон нь таавар мэт хоцорлоо, мөн тэнгэр хүртэл биднийг дэмжин дулаан өдөр хаирлалаа гэцгээн явцгаасан юм.
Б.БАДМАА
(өдрийн сонин 2005-10-04 238)