Хүүхэд замын хөдөлгөөн-2005 арга хэмжээ амжилттай болов
Замын цагдаагийн алба байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж Хууль Зүй Дотоод Хэргийн сайд, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Хүүхэд Замын Хөдөлгөөний Соёл-2005 аяны хүрээнд зохиогдож буй Баруун бүсийн сургалт өдөрлөг юм. Хүүхэд замын хөдөлгөөн Ховд-2005 арга хэмжээ тун үр дүнтэй болж өнгөрсөн. Баруун таван аймгийн Замын цагдаагийн тасгийн ажилтан, албан хаагчид энд ирж оролцов. Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга дэд хурандаа Ц.Ганхуяг, тус албаны ахлах байцаагч цагдаагийн хошууч С.Энхтөр, цагдаагийн хошууч А.Энхболд, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн Олон нийттэй харилцах албаны байцаагч Л.Амаржаргал, 83-р сургуулийн багш Оюунчимэг нар хотоос очсон даруйдаа аймгийн Захиргаан дээр очсон юм. Тэнд тус хотын таван арван жил, найман цэцэрлэгийн багачууд багш нартайгаа цугласан байлаа. Энэ бол уг арга хэмжээнд орон нутгийнхан, тэр дундаа Ховд аймагт уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийнхний хэрхэн үр бүтээллэг ажилласны илрэл болж байв. Дээрх төвөөс очсон эрхмүүд шууд л лекц, сургалт зөвлөгөөний ажилд орсон. Лекцийн агуулга маш тодорхой. Хүүхдийг замын хөдөлгөөний эрсдэлд оруулахгүй байх арга зам, замын хөдөлгөөнд зөв оролцох дадал, сургалтын оновчтой арга хэлбэрийг хэрхэн төгс төгөлдөр болгох вэ гэдэг асуудал байлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар зам тээврийн осолд өртөгсдийн 35-40 хувь нь явган зорчигч байдаг байна. Тэгвэл манай улсын хэмжээнд 55-60 хувь нь явган зорчигч буй нь эдгээр замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал хамгийн эмзэг, нэн анхаарал хандуулам асуудал гэдэг нь тодорхой аж. Тэгэхээр энэхүү нөхцөл байдалд манай өсвөр залуу хүүхдүүдийн замын хөдөлгөөнд оролцож сурах, эрсдэлгүй орших асуудал яах аргагүй тулгамдсан асуудал болжээ. Лекц сургалтын гол уриа дуудлага нь зам тээврийн ослоос хүүхдийг хамгаалах үндсэн үүрэг сурган хүмүүжүүлэгч багш нарын нуруун дээр тохогддог, түүнчлэн хүүхэд гудамж замд аюулгүй зорчих дадал хэрхэн олж буйгаар тодорхой илрэх явдал ажээ. Энд онцгой анхаарууштай нь хүүхдэд замын хөдөлгөөний ямар ч нөхцөлд аюулгүй байдлыг хангах эерэг дадлыг системтэй олгох нь туйлын чухал байна. Энэ дадал хэвшихэд эцэг эх багш нарын хоорондын харилцаа холбоо үүрэгтэйг хэлж байсан. Мөн замын хөдөлгөөний дүрэм бүх хүнд адилхан үйлчлэх хэрнээ, хамгийн гол үйлчлүүлэгч болох багачуудад хэл зүй, найруулгынхаа талаас тун учир дутагдалтай аж. Юу гэхээр томчуудын хэлээр бичигдсэн байдаг гэнэ. Өндөр хөгжилтэй гэгддэг АНУ,Япон, Канад, Европын улсуудад замын хөдөлгөөний тухай мэдлэг олгох асуудлыг цэцэрлэгийн наснаас эхлэн арваан жилийн хугацаанд шийдвэрлэж, 16 нас хүрэх үед нь жолооч болох нөхцлийг бүрдүүлдэг бол манай хойд хөрш ОХУ-д Үйл ажиллагааны аюулгүй байдлын үндэс хичээлийг цогц байдлаар үздэг бөгөөд энэ хичээлийн хөтөлбөрт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хичээлийн цагийг багтаасан байдаг байна. Дадал бол хүүхэд замын хөдөлгөөн оролцох үед алив үйлдлийг автоматаар гүйцэтгэх чадвар аж. Харин зуршил тухайн тохиолдолд хувь хүний олж авсан зан байдал юм. Харин мэдлэг гэдэг нь замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангах мэдээллүүдийг цуглуулах тогтолцоо ажээ. Дадал, зуршил, мэдлэг нь хүний бүхий л амьдралын турш баяжигдаж, бэхжигдэж, хөгжиж байдаг. Хүүхэд томрох тусам түүний замын хөдөлгөөнд оролцох арга ухаан, туршлага нэмэгдсээр байх болно.
Финлянд,Швед, Япон зэрэг улсад багш нартай хамт зугаалах тусгай сургалтын дромыг байгуулсан нь нилээд үр дүнтэй болсон гэж үздэг. Манай улсын хувьд замын хөөдөлгөөнд буюу тусгай макет хийж сургалтад ашиглах нь тохиромжтой юм…
Энэ бүхэн Ховд хотод болсон замын хөдөлгөөнд хүүхэд багачуудыг эрсдэлгүй оруулах арга замын талаар мэргэжилтэнүүдийн уншсан лекц, зөвлөгөөний агуулга юм. Уг сургалтын үр дүн, бодит ач холбогдол энд цугларсан хүүхэд, багш нарын идэвхитэй байснаас харагдаж байсныг хэлэх нь зүй.
Монгол улсад 1997 онд БСШУ-ы сайдын тушаал гарч, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд Замын хөдөлгөөний дүрмийн хичээл заах болсон хэдий ч энэ тушаал маань одоог хүртэл бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа аж. Нөгөө талаар заах ёстой багш нар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тодорхой ойлголтгүй, Замын хөдөлгөөний дүрмийг муу мэддэг, гарын авлага, сурах бичиг хангалтгүй байдаг зэрэг түгээмэл дутагдлууд энэ цаг үеийн тулгамдаад байгаа асуудлууд болохыг ярилаа.
Ховд хотод болсон Хүүхэд замын хөдөлгөөн-2005 өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, орлогч дарга, Иргэдийн хурлын төлөөлөгчид оролцож уг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байлаа. Арга хэмжээний хүрээнд олон үр дүнтэй арга хэмжээ зохиогдсон. Үүнээс цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд Ногоон гэрэл-цагаан шугам-2005 тэмцээн, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион явуулсан Хүүхэд-замын хөдөлгөөн-2005 сэдэвт уралдаан, уг өдөрлөгийн үеэр зохион байгуулсан үзэсгэлэн, жолооч бэлтгэх дамжаануудын багш нарын дунд зарласан Уран илтгэл-ийн тэмцээн, Хүүхдийн төлөө төв дээр байгуулсан замын хөдөлгөөний сургалтын кабинетыг хүлээн авах зэрэг бүтээлч арга хэмжээнүүд зохиогдсон. Энд зориуд цохон тэмдэглэхэд тус аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга И.Шагдарсүрэнгийн хичээл шамдал, зохион байгуулах ур чадвар, ажилдаа хандах сэтгэл зэргийг сайшаам байлаа. Цэцэрлэгийн хүүхдүүдийн мэндчилгээ, замын хөдөлгөөнд суралцаж буй арга дадал, үзүүлэх тоглолт энэ бүхэн үнэхээр үр дүнтэй болсон. Ийнхүү Хүүхэд замын хөдөлгөөн-2005 арга хэмжээ үр дүнтэй, зохион байгуулалт сайтай, сургалтын тодорхой агуулга дээшлүүлсэн үйл явдал болж өнгөрөв.
Б.БАЯР
(өдрийн сонин 238)