Засгийн газрын ээлжит хуралдааны тойм
МОНГОЛ УЛСЫН 2006 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ
Монгол Улсын 2006 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Монгол Улсын эдийн засаг, төсвийн байдал сүүлийн жилүүдэд түүний дотор сүүлийн гурван жил сайжирч ирсэн байна. 2006 оны төсвийн төсөл энэ хандлагыг хадгалах гол санаачлага болсон татварын шинэчлэл болон зарлагын шинэчлэлийн эхлэлийг тавихын зэрэгцээ дараагийн гурван жилд төсвийн алдагдлыг аажмаар улам бууруулах зорилт тавьж байгаа юм.
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2006 ОНД ХӨГЖҮҮЛЭХ
ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгалаа.
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2006 ОНД
БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2006 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон уг үндсэн чиглэлд Засгийн газраас өгөх дүгнэлтийн төслийг хэлэлцлээ.
Монголбанкнаас боловсруулсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2006 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлтэй танилцаад, уг үндсэн чиглэлд Засгийн газраас өгөх дүгнэлтийг хэлэлцэж, зарчмын хувьд зөвшөөрөв. Эдийн засаг, нийгмийг 2006 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2006 оны төсвийн төсөлтэй дахин нарийвчлан уялдуулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатад зөвлөв.
МАХНЫ ХАНГАМЖИЙН ТАЛААР ТОГТООЛ ГАРГАВ
Засгийн газрын тухай хууль, Хүнсний тухай хуулийг үндэслэн Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ тогтоолоор махны нөөц бүрдүүлж, борлуулсан аж ахуйн нэгжид урамшуулал олгох журмыг баталсан байна.
Аймаг нийслэлийн хүн амын амьжиргааны түвшинтэй уялдуулан 2006 оны хавар, зуны тогтвортой хангамжийн хэрэгцээнд бэлтгэн нийлүүлэх махны доод хэмжээг 3000 тн, Засгийн газраас олгох урамшууллыг 700,0 сая төгрөгөөр тус тус тогтоолоо. Хүн амын хүнсний аюулгүй байдал махны хангамжийг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах, махны үйлдвэрийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг боловсруулж, энэ онд багтаан Засгийн газарт оруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн, Үйлдвэр худалдааны, Сангийн сайд нарт даалгалаа.
Мах, өндөгний чиглэлийн үржлийн эх сүрэг бий болгох зориулалтаар тахианы дэгдээхэй, өндөг импортоор авах боломжийг зохих журмын дагуу судалж шийдвэрлэхийг Монгол Улсын сайд Д.Дорлигжавт даалгав.
ЦАХИМ МОНГОЛ-ЫГ БАТЛАВ
Эдийн засгийн шинэ орчин, оюунлаг чадавхийг бий болгох, улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангах замаар хүн амын амьдралын чадавхийг сайжруулж, 2015 он гэхэд хөгжлийн гол үзүүлэлтүүдээр Азидаа эхний 10 улсын тоонд орох үндсэн зорилгыг агуулсан Цахим Монгол Үндэсний хөтөлбөр батлагдлаа.
Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны тодорхой хэсгийн хэрэгжилтэд олон улсын байгууллага, хувийн хэвшил, хандивлагчдын зээл тусламжийг чиглүүлэх, шаардлагатай зардлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт даалгав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт үүрэг болголоо.
Цахим Монгол Үндэсний хөтөлбөрийн эрхэм зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг 21 дүгээр зууны хөгжлийн үндсэн хурдасгуур гэж үзэн, мэдлэг оюунд тулгуурласан мэдээлэлжсэн нийгмийг байгуулах явдал хэмээн дүгнэжээ. Цахим засаглал, цахим арилжаа, цахим боловсрол, цахим эрүүл мэнд гэсэн чиглэлүүд нь хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдолтой гэж үзсэн бөгөөд эдгээр чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг байгуулах, бүх нийтийг компьютержүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийг хөгжүүлэх асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр хөтөлбөрт тусгасан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламж, иргэдийн санаачлага, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэрэг эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцжээ.
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ДЭМЖИВ
УИХ-ын гишүүн Ч.Раднаа, Г.Адъяа, Ж.Наранцацралт, Ч.Содномцэрэн, Д.Туяа зэрэг 17 гишүүн хамтран санаачлан боловсруулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Д.Лүндээжанцан, С.Оюун нарын санаачилсан Авилгалын эсрэг хуулийн төслүүдэд Засгийн газраас санал дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцэв. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө эрхэм гишүүд иргэдийн үүсгэл санаачлагын нөхөрлөл байгуулж ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр зорьсон байна. Мөн байгаль орчны мэргэжлийн хяналтын байцаагч мэргэшсэн байх, тэдний ажиллах нөхцлийг баталгаажуулах асуудлыг тусгажээ. Хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, хэл найруулга, нэр томъёог нягтлан эцэслэн боловсруулах шаардлагатайг төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо.
Харин Авилгалын тухай болон түүнтэй холбогдон гарах бусад хуулиудын төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзэв. Хуулийн төсөлд тусгасан Авилгалтай тэмцэх газар байгуулах асуудлыг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, боловсон хүчний боломжийн талаас нь нарийвчлан судалж, эдийн засгийн тооцоо, судалгааг хавсаргах, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, зарчмын болон найруулгын зарим өөрчлөлт оруулахыг төсөл санаачлагчдад зөвлөж, зарим саналыг өгөхөөр тогтлоо.
АВИЛГАЛЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Авилгалын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийг 2003 оны 10-р сард Ерөнхий Ассамблейн чуулганаар баталсан бөгөөд авилгаас урьдчилан сэргийлж тэмцэхэд чиглэсэн хэм хэмжээг тогтоосон 8 бүлэг, 71 зүйлтэй томоохон баримт бичиг юм. Одоогийн байдлаар дэлхийн 120 улс уг Конвенцид гарын үсэг зураад байгаа, түүнээс 33 улс соёрхон баталсан байна. Конвенц нь Олон улсын гэрээний тухай хуулийн 10-р зүйлийн 4-т заасан УИХ-аар заавал соёрхон батлах гэрээ юм. Манай улс авилгын эсрэг дэлхий дахины тэмцэлд нэгдэн бусад улстай хамтран ажиллах, авилгалаас урьдчилан сэргийлж тэмцэх үндэсний хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор уг конвенцийг соёрхон батлах саналтай байгаа билээ. Уг конвенцид гарын үсэг зурах асуудлыг 2005 оны 4-р сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гарын үсэг зурах нь зүйтэй хэмээн үзсэн юм.
НҮБ-ын энэхүү конвенцийг УИХ-д соёрхон батлуулахаар өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.
ДОТООДЫН ЦЭРГИЙНХЭНД МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОЖ БАЙХААР БОЛЛОО
Засгийн газрын 1999 оны 213 дугаар тогтоолын дагуу Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдад мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгож байна. Гэвч уг тогтоолд дотоодын цэргийн офицер, ахлагч нарыг хамруулалгүй орхигдуулснаас мэргэжлийн зэргийн нэмэгдэл авахгүй байгаа юм.
Зэвсэгт хүчний тухай хуульд Тайван цагт ерөнхий зориулалтын, хилийн, дотоодын цэрэг мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулна гэж заасан болон дотоодын цэрэг нь улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох зэрэг чиг үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ Дотоодын цэргийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Зэвсэгт хүчний хууль тогтоомж, дүрэм зааврыг дагаж мөрддөг, цэргийн дүрэмт хувцас, цол хэрэглэдэг зэргээс үзэхэд мэргэжлийн зэргийн нэмэгдэлд хамрагдах үндэслэлтэй юм. Тиймээс дээр дурдсан тогтоолд нэмэлт оруулах замаар дотоодын цэргийн офицер, ахлагч нарт мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгож байхаар шийдвэрлэлээ.
Дотоодын цэргийн офицер, ахлагч нарт Мэргэжлийн зэрэг олгох журам-ыг баталж, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг төсөвтөө багтаан олгохыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Улаанд үүрэг болгов.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Хуулийн төсөлд эрүүл мэндийг дэмжих, хамгаалах тухай асуудлыг түлхүү тусгасан байна. Төлбөртэй үйлчилгээтэй холбогдсон журмыг баталж мөрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл олгох харилцааг боловсронгуй болгох, зарим эмчилгээний зардлын тодорхой хэсгийг төр хариуцаж байх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг баталгаатай болгох, эмчилгээний гоо заслын үйлчилгээ эрхлэх харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг тусгажээ.
Хуулийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
ЭМИЙН ЧАНАР, СТАНДАРТЫН БАТАЛГААГ ХУУЛЬЧЛАХААР ТОГТОВ
Сүүлийн жилүүдэд эмийн хангамж, хүрэлцээ сайжирч байгаа боловч стандарт, чанарын шаардлага хангахгүй бүтээгдхүүн импортлох, түгээх, зориулалтын бус газар худалдах, хууль бус зар сурталчилгаа хийх явдал байсаар байна. Тиймээс аюулгүй байдлыг хангах, чанар, стандартыг баталгаажуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэн, Эмийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
Өндөр идэвхтэй, аюулгүй эмийг эмчилгээнд хэрэглэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхийг гол үндэс нь эмийн гаж нөлөөг бүртгэх явдал юм гэж үзэн энэ талаарх харилцааг хуулийн төсөлд түлхүү тусгажээ.
ГЕРОНТОЛОГИЙН ТӨВИЙГ БАЙГУУЛЖ, ДҮРМИЙГ БАТАЛЛАА
Монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг судлах, нийгэм, хамт олонд түшиглэсэн гериартрийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, сургалт, судалгаа явуулах чиг үүрэг бүхий Геронтологийн төвийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар боллоо. Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд байгуулж буй тус төвийн дүрмийг баталж тогтоол гаргалаа. Гарах зардлыг 2006 оны төсвийн багцдаа тусган санхүүжүүлэх, орон тооны хязгаар, бүтцийг батлан мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав. Төвийг Эрүүл мэндийн үйлчилгээний 2 дугаар төвийн байранд байршуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, сайд Т.Ганди нарт үүрэг болголоо.
ЗАРИМ ХҮНИЙГ АЖИЛД ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛӨВ
Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын тогтоолоор Т.Самбасанчирыг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Ц.Бадрахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны хэрэг эрхлэх газрын даргаар тус тус томиллоо. Мөн М.Далайхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар түр томилов. Засгийн газрын тухай хуулийн 18-р зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн С.Энхтүвшинг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба 2005.09.29