Солонгос дахь монголчууд арилжааны банк ажиллуулахыг хүсч байна
Гэвч тэнд ажиллагч зарим монголчууд арилжааны банкуудын Улаанбаатар дахь төвүүд рүү Бидэнд маш их хэрэгтэй үйлчилгээ учир үйл ажиллагаагаа үргэлжлүүлээч, үүний тулд бидний зүгээс ямар дэмжлэг, оролцоо байж болох вэ гэхчлэн холбогдож байгаа аж. Юутай ч зөвхөн Солонгос дахь үйл ажиллагааг түр зогсоосон учраас нэр бүхий банкуудын үйлчилгээг хэсэгтээ чөлөөлсөн нь Монголын арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагаатай огт хамаагүй. Тэрчлэн хадгаламжаар байршсан мөнгөө Солонгосын хаана ч байгаа хүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Монгол дахь арилжааны банкуудаас авч болох хэвийн нөхцөлд байгааг холбогдох албаныхан батлан тайлбарлаж байна.
Манай арилжааны банкууд БНСУ-д албан ёсны үйл ажиллагаа явуулахын тулд тус улсад мөрдөгдөх банк байгуулах дүрмийн сангийн хөрөнгийг төвлөрүүлэх учиртай гэнэ. Гэтэл энэ нь Монголдоо банк байгуулахаас хэд дахин илүү өртөгтэй учраас өнөөдрийг хүргэжээ. Тухайлбал Монгол шуудан банк үйл ажиллагаагаа албан ёсоор эрхлэх хүсэлт гаргаснаар бүтэлгүй хариу авчээ. Арилжааны банкуудын салбарын үйлчилгээ Солонгост эхлэхээс өмнө монгол ажилчид карго эрхэлдэг компаниуд болон хувь хүмүүсээр дамжуулан өндөр шимтгэлтэйгээр мөнгөө гуйвуулж, дамжуулж ирсэн. Тэрчлэн дээрх байдлаар мөнгө шилжүүлэх нь онгоцны нислэгээс шууд хамааралтай учир яаралтай үед мундахгүй зовлон тулгарч байв. Иймэрхүү хууль бусаар мөнгөө дайдаг байсан нь эрсдэлтэй тухай ам дамжуулан ярьдаг.
Хараар ажиллаж байгаа иргэдээ шахах шаардлагаар Солонгосын төв банкны үйл ажиллагаанд их, багаар харшилсан ч монголчууддаа хамгийн хэрэгцээтэй үйлчилгээг арилжааны банкуудын салбарууд үүрч ирсэн нь дамжиггүй.
Өнөөдрийн энэ нөхцөл байдлаа тайлбарлах, өөрсдөдөө, БНСУ-д ажиллагч монголчууддаа боломж нээх үүднээс Голомт, Монгол шуудан, Капитрон банк болон энэ удаа түр хаагдах мэдэгдэл авсан банкуудын удирдлага, зохих албаны хүмүүс Засгийн газарт хандахаар төлөвлөжээ.
Хоёр улсын Засгийн газар хооронд асуудлыг хэлэлцвэл нааштай шийд гарах боломжтойг одоогоор Солонгосын тал мэдэгдээд байгаа аж.
Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 239)