Хуулиудыг шинэчлэх талаар хэлэлцэж эхэллээ
Гишүүд ганц нэгээрээ цувсаар арваад гишүүн болов. Энэ үед МАХН-ын бүлгээс хуралдааныг хойшлуулах санал гарч байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Яагаад хуралдаан хойшлогдох болсон шалтгааныг Төсвийн байнгын хороон дарга Р. Бадамдамдингаас тодруулахад Уржигдар хуралдсан МАХН-ны бүлэг татварын багц хуулийг хэлэлцсэн юм байна. Хуралдаан бүлэг дээрээ ажлын хэсэг байгуулж тусгай дүгнэлт гаргахаар шийдвэрлэжээ. Тэгээд ажлын хэсэг нь өнөөдрөөс эхлэн байгуулагдаж байгаа юм байна. Иймээс хойшлуулж өгөөч гэж хүссэн юм.
-Байнгын хорооны хуралдаан хэзээ хуралдах бол?
-Хуралдааны тов долоо хоногоор гарчихдаг, тэгэхээр тамгын газартай зохицож байж хуваарь гаргана. Төдийд өдийд гэж хэлэх арга алга байна гэлээ.
Харин төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр хуралдаж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэв. Ц. Нямдорж гишүүн хуралдаан дээр сонгуулийн хуулийн бэлэн болсон хэсгээс нь хэлэлцээд явбал цаг хугацаа хожих сайн талтай гэж байв.Э. Бат -Үүл гишүүн тэс өөрөөр үзэж ерөнхий чиглэл батлагдаагүй байхад хуулийг хэлэлцэхийг эсэргүүцэж байлаа. Гэвч хуулийг хэлэлцэх санал илүүтэй байсан. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай ярилцаж эхэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт Төрийн зарим албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно гэсэн заалт байдгаас гадна Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрэмд албан хаагч үүргээ гүйцэтгэхдээ аль нэг нам хүчнийг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд улс төрийн хувьд төвийг сахиж зөвхөн төр засагтаа л үйлчилж ажиллах ёстой гэсэн байдаг ажээ. Энд Ерөнхийлөгчийг намаас түдгэлзүүлэхийг ямарч хуулинд заагаагүй байдаг гэнэ. Тэгэхээр бид Ерөнхийлөгчүүдээ аль ч намын гишүүн бус гэж бодсоор ирсэн. Тэгвэл тэд анх нэр дэвшсэн намдаа л сэмхэн харъяалалтай явсаар иржээ. Төрийн албан хаагч аль ч намын гишүүн биш байх заалт амьдрал дээр хэрэгжих магадлал муу гэж ирээд л эрхэм гишүүд ярьж байлаа. Тэр нь сонгуулиар илүү тодордог гэнэ. Төрийн хэн нэгэн том тушаалтан сонгуульд нэр дэвшигчийг дагаад давхиж ирдэг. Тэгэхдээ амралтаа аваад явж байна гэх мэтээр өөрийгөө эвтэйхэн тайлбарладаг. Амарчихсан хүнийг аль нэг намыг дэмжээд байна гэхэд хэцүү байдаг талаар гишүүд ярилаа. Гишүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураав. Уг төсөл байнгын хороон дээр дэмжигдлээ.
Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 239)